Манай эриний өмнөх 686 онд нударган зодооныг Олимпийн тоглолтод оруулжээ. Гадаа үзэгчдийн дунд тэмцээн болж, хэн нэг нь нөгөөгөө газар унагатал үргэлжилдэг байв. Ялагч нь үзэгчдийн хайр хүндэтгэлээс гадна алт, мөнгө, гэрийн тэжээмэл амьтан гээд янз бүрийн л зүйлээр шагнуулдаг байжээ. Харин орчин үеийн боксыг үндэслэсэн хүнээр Английн арван удаагийн аварга Жонес Браунтон гэх хүнийг тооцдог. Тэр анх удаагаа боксыг жирийн нэг бүдүүлэг нударган зодооноос ялгаж, тэмцээний дүрмийг зохиожээ. Тэр цагаас ринг гэдэг тусгай талбайд боксын тэмцээнийг явуулдаг болсон байна. Харин Жонез Браунтон тэр үедээ тэмцээний үе буюу round-ыг тодорхой тогтоож хараахан чадаагүй юм. Тэр үеийн боксын тэмцээн зүгээр л тамирчдын тэсвэр хатуужлын хязгаар хүртэл л үргэлжилдэг байлаа. 1841 оноос ялагчдыг тусгай бүсээр шагнах болов. Анхны бүс нь ялагчийн нэрийг сийлсэн мөнгөн аралтай, улаан хилэн материалтай байсан ажээ.
1867 онд Маркиз Квинсберр гэгчийн боловсруулсан шинэ боксын дүрэмд тамирчид нүцгэн нударгаараа биш бээлийтэй тоглох ёстойг онцолсон байна. Тэр цагаас боксын бээлий олны талархлыг хүлээж, газар сайгүй хэрэглэгдэх болжээ. Мөн тэрхүү шинэ дүрмээр жингийн ангилал бий болгосон нь хүнд жинтэнгүүдийн ноёрхлыг таслан зогсоож чадсан юм. 1882 онд боксын анхны дэлхийн аваргын тэмцээн болж, зөвхөн мэргэжлийн тамирчид оролцдог болж тогтжээ. Харин сонирхогчдын бокс дөнгөж 1904 онд л олимпийн төрөл болсон байна.