-Ямар их тамхи татдаг юм бэ? Физикийн үүднээс тайлбарлавал тамхи яг ямар үйлдэл вэ?
-Хүмүүс заавал өөртөө нэг өвөрмөц, гаж хэрэглээ бий болгодог юм байна л даа. Архи, ундаа, тамхи, чихэр гэх мэтийн юм хэрэглээд л. Энэ нь байгалийн шаардлага үүсч байгаа хэрэг юм. Хүн өөрөө биологийн талаасаа шалгарсан амьтан, байгалийн төгс бүтээгдэхүүн. Харин логикд нэг ч төгс зүйл байх ёсгүй гэдэг. Тэгэхээр маргаантай ойлголт. Байлаа ч гэсэн хязгааргүй төгс болоод явчихна. Тэгэхээр логик бус байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс тэр хязгааргүй төгс хэм хэмжээнээс зайлсхийж, ямар нэг хор хэрэглэж байгаа юм. Төгс хэлбэр алдагдах хамгийн гэмгүй арга нь тамхи… Гэхдээ үүгээрээ би хүн болгоныг тамхи тат гэж хэлж байгаа юм биш шүү. Энэ гаж үйлдэл нь юугаар ч нөхөгдөж болно. Энд ямар нэг биологийн шаардлага л байгаа гэж хэлэх гээд байна.
-Та өөрийгөө Нобелийн шагнал авах хэмжээний нээлт хийсэн гэж ярьж байсан. Яг ямар нээлт юм бэ?
-Шинжлэх ухааны том нээлт. Сүпер нэгдлийн онолыг нээчихлээ шүү дээ. Энэ онол маань нэг ч биш, бүр хэд хэдэн Нобелийн шагнал авах ёстой. Цаг нь болохоор надад өгнө. Одоохондоо энэ нээлтийнхээ талаар дэлхийд зарлаж амжаагүй байгаа.
-Дэлхийд зарлана гэхээр яадаг юм бэ. Үүнд төр засаг дэмжлэг үзүүлэх ёстой юм уу, эсвэл Монгол Улсын нэрийн өмнөөс таныг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх ёстой байдаг юм уу?
-Аяндаа болно оо. Сая гэхэд л шилэн кабель зохион бүтээсэн хүмүүст Нобель өглөө ш дээ. Энэ чинь аль 40, 50 жилийн өмнөх нээлт. Ерөнхийдөө нээлт хийгдэхээ больчихсон. Сүүлийн 20, 30 жилд минийх шиг ийм том нээлт хийгдээгүй. Тэгэхээр би хэд, хэдэн Нобель авна гэдгээ дахин хэлмээр байна.
-Та физикийн шинжлэх ухаан руу яагаад татагдсан юм бэ?
-Надад таалагддаг. Бүх шинжлэх ухааны салбараас физикийн шинжлэх ухаан гэдэг зүйл л миний сонирхох ёстой юм.
-Кембрижийн их сургуульд сурч байсан гэсэн. Ямар чиглэлээр?
-Лийдст хэлний сургууль төгсөөд, Уэлсьтд сэтгүүл зүйн дээд сургууль төгссөн. Англид хоёр сургууль төгссөн анхны Монгол хүн бараг би байх шүү. Ерэн оны эхэн үе байлаа шүү дээ.
-Бас “Монцамэ” агентлагийн захирлаар ажиллаж байсан байх аа?
-Тийм. Би “Монцамэ”-д хорин жил ажиллаад тэгээд Англи руу сургуульд явсан. 90 оны үед Англид монгол хүн гэвэл бараг би л ганцаараа байсан. Харин дараа нь зөндөө олон хүн мэргэжил дээшлүүлэхээр очсон гэсэн. Гэхдээ сэтгүүл зүйд ярилцлагыг доод төрөл жанр гэж үзэх нь бий. Үүнийг залуу сэтгүүлчид сонссон байхад илүүдэхгүй. Хүнд үнэ өртөггүй реклам сурталчилгаа хийж өгч байгаа хэрэг гэж хэлдэг юм. Энэ ч оргүй юм биш. Сэтгүүл зүйд үнэгүй бүү хэл, үнэтэй сурталчлах зорилт байдаггүй юм шүү дээ.
-Та тэгвэл сэтгүүл зүйн доод төрлөөр өөрийгөө илэрхийлэхийг яагаад зөвшөөрсөн юм бэ?
-Муу ах нь бага ярьдаг юм. Ярихдаа тулбал зөрчилтэй юм ярьдаггүй. Ярилцлага гэдэг доод жанрыг дээд жанр болтол нь ярилцаж чадахыг сэтгүүл зүйн урлаг ухаан гэдэг юм. Тийм болохоор л Talk Show нэг бол балай юм, эсвэл гайхамшигтай юм болж хоёр туйлд тэмүүлдэг байхгүй юу.
-Одоо сэдэвтээ оръё. Надад таны нээлт чухал байна.
-Сэтгүүл зүйд ч бодмоор юм их л байдаг. Монголд англи хэлээр тогтмол гардаг хоёр сониныг би үүсгэж өгсөн удаатай юм. Нэг нь “Private property” гэж бичих гэж байгаад “Private poverty” гэж бичсэн удаатай. Хувийн өмчийг хувийн ядуурал болгоно гэдэг чинь тэр чигтээ утгагүй асуудал. Ер нь бол мэддэг чаддаг юм руугаа хэл байтугай, үзэг хальтрах гээд байдаг гэмтэй ш дээ. Жишээ нь, би геометр гэж олон дахин хэлэх хэрэгтэй болдог. Гэтэл тээр жил надаас ярилцлага авсан нэг сонин тувт гоёметр гээд биччихсэн. Уншигчид нь юу гэж ойлгосон юм, бүү мэд. Мэддэг чаддаг ганц юм нь шоу болчихсон одоо үед шинжлэх ухааны тухай ярих ч осолтой л болоод байна.
-”Гоёметр” гэдэг ч бас түрүүчийнхээс гайгүй сонсогдож байна шүү. Та шоу цэнгээнд дургүй юу?
-Бүр дургүй хүмүүс байдаг ш дээ. Би тийм биш. Шоу сайн юм уу, муу гэдэгт асуудал байгаа юм биш. Амьдрал өгүүлшгүй баян, үй олон талтай. Шоу ч байна, шинжлэх ухаан ч байна. Нийгэм өөрөө олон талын ашиг сонирхолтой байх ёстой. Шоу ч бизнес, сумо ч бизнес, харин шинжлэх ухаан бол бүр том суурь бизнес. Энэ ялгааг нийгэм энгийн хар ухаанаар ойлгож хандах хэрэгтэй болно. Монголд шоу, шоу гэх мөртлөө шоугаа огт мэддэггүй гэхэд алдас болохгүй шүү. Дэлхий даяаршсан. Бүх асуудлыг тэр тусмаа шоуг дэлхийн эн цараар сэтгэхээс өөр аргагүй болчихсон үе. Орчин цагийн нөхцөлд шоу сэтгэлгээ ноёрхож ирэх нь цаанаасаа зүй тогтолтой үзэгдэл. Зөв зүйтэй үзэгдэл. Цагийн аяс ийм. Гэтэл бид манай гэрийн хойхно байгаа UB Palace-ийн хаягаар хязгаарлаж сэтгээд байна. Зарим хүний хэлдгээр, нэг муу явган шоу л яваад байна. Манай улс төр ч гэж сонгуулийн тойргоос гарахгүй бас л нэг муу явган шоу. Дэлхийг доргиох хэмжээний шоу хийх хэрэгтэй шүү дээ…
-Тэгвэл бидэнд дэлхийг доргиох хэрийн шоу зохиох ямар хэрэг байгаа юм гэсэн асуулт гарна шүү дээ?
-Өнгөрсөн, гэхдээ дахин дахин авч үзмээр нэг жишээ хэлье л дээ. Их Монгол Улсын 800 жилийн ой болов доо. Английн алдарт утга зохиолыг үндэслэгч их яруу найрагч Жеффри Чосер гэдэг хүн Чингис хааны магтаал зохиож, өөрийн хаадад сургамж болгосон түүхтэй. Бодвол, хаад нь сургамж авснаас өнөө бид англи хэл соёлын нөлөөнд байгаа биз. Их том найраглал. Ахмад дипломатч Бямбаа их сайхан монголчилсон байдаг. Чингис хааны эртний магтаал найраглалыг орчин үеийн нүргэлсэн их сүрт рок-поп дуурь болгоод Их Монгол Улсын ойгоор сансрын телевизүүдээр цацаж, дэлхийг доргио гэсэн санал би тавьсан юм. Гэтэл хэн ч анзаарч авч хэлэлцээгүй өнгөрсөн. Төр засаг маань хүн амьтнаас гуйж түүсээр зөндөө мөнгө босгосон. Гаднаас гомо царайтай хэдэн хөгшин халтар юм авчирч шоудсан болохдоо хоёр тэрбум төгрөг зарцуулж чадаж байгаа юм. Үлийгээ хийнэ вэ?! Хоёр тэрбумаар тэр байтугайг босгож бүтээж болно. Мөнгө ихдэхээр хэрэггүй юманд зардаг хуультай. Уг нь бол хүч хүрмээр бодогдоно, харин амбиц нь алга. Амбиц гэж дэлхийд дэнчин тавихыг хэлдэг болсон үе.
-За, хэзээ нэгэн цагт Чингисийн тухай Чосерын магтаал рок дуурь болж сансраас цуурайтах байлгүй дээ. Одоо харин таны нээлтийн талаар ярилцъя.
-Үүнийг ярихын тулд зарим оршил хэлэхгүй бол болохгүй. Хүмүүс ойлгохын тулд эхлээд ойлгох ашиг сонирхолтой байх ёстой. Ийм ашиг сонирхол манайд их ховор. Хүмүүс суурь шинжлэх ухаан гэдэг зүйл Монголд огт падлийгүй гэж яриад байдаг. Ярих ч юу байхав, нэг тийм бурангуй харанхуй сэтгэл зүй манайд ноёрхчихоод байгаа юм. Монгол сэтгэл зүйн нэг айхтар зуршил бий. Эрдэнэ гэж нэг муу монгол гэж хараад байдаг. Энэ сэтгэлзүй нь нөгөө муу монголынхоо ярьж буйг ойлгоход нь саад болдог, ерөөс боломжгүй болгодог нь ажиглагддаг. Бодит сэтгэлгээний үүднээс Эрдэнэ нь сонин биш, юу ярьж байгаа нь сонин байх ёстой. Толиндоо Эрдэнийг бус, гол асуудлыг тусгах ёстой байхгүй юу. Гадныхан бол “Өө, манай хүн тэр тэмцээнд түрүүлнэ. Манайх л тийм юм зохион бүтээнэ, өөр хэн чадах вэ” гэж боддог, итгэдэг. Америкчууд дэлхийг аварна гэдэгтээ бүр бат итгэчихсэн байдаг. Тийм кино ч ихийг хийдэг. Гэтэл Монголчууд бид шал өөр. “Аа, манай тэр яг тэгж харагдаач” гээд урьдаас нь асуудлыг шийдчихдэг. Нэгэнт урьдаас шийдчихсэн учраас ямар нэг юм хийчихсэн, ямар нэг юманд ялчихсан хойно нь ч итгэж өгдөггүй. Заавал нүдээр үзнэ, баримтжуулахыг хүсдэг. Тэгэхээр би нэг нээлт хийлээ. Тэрийг дэлхийд хүлээн зөвшөөрөх хүртэл харах гээд байгаа юм. Өөр газар энэ онолыг нээчихсэн бол шүтэж бишрээд сонирхоод байж ч мэднэ шүү. Би худлаа яриад байна уу?
-Магадгүй ээ. Бид жил гарны өмнө олон жил хүсч хүлээж байсан Олимпийн аваргуудтай болсон. Энэ үйл явдал гэхэд л монголчуудад итгэл найдвар өгсөн шүү.
-Харин тийм ээ. Бид бүгдээрээ Олимпийн аваргын хэрийн лут хүмүүс юм байна гэдэг ойлголт өгөх шиг болсон. Өөртөө итгээд л яльгүй зүтгэхэд болохгүй, чадахгүй юм алга. Эхлээд монгол үндэстэн гэдэг нэр хаягаараа сэтгэж мэдэрч сурах хэрэгтэй байгаа юм. Би гэхэд өөрийгөө ёстой ясны сумочин юм байна гэж бодоод байдаг болсон. Монголчуудыг арай дийлэхгүй байх, бусдуудыг нь бол арччих юм шиг санагдаад байгаа. Яагаад гэвэл, өнөөдөр арчиж хаяад байгаа ёкозуна нар ч монгол хүмүүс, би ч монгол хүн. Хоёр гурван монгол хоорондоо л наанатай цаанатай болохоос бусад нь ёстой яршиг болоод байна. Үүнээс өөр логик байхгүй ш дээ.
-Шинжлэх ухаан чинь сумо биш. Гэхдээ шинжлэх ухааны салбарт Ёкозуна болно гэвэл яах ёстой вэ?
-Сумо, шинжлэх ухаан хоёр чинь адилхан л хүний үйл ш дээ. Аль аль нь байдаг л нэг өрсөлдөөний талбар. Ялгаа нь гэвэл, бид бөхийн барилдааны үндэсний уламжлал, туршлагатай. Мэддэг чаддаг, итгэдэг найддаг юм маань энэ. Гэтэл шинжлэх ухаанд үндэсний уламжлал байхгүй, шинээр бий болсон туршлага ч тун хомсхон. Үүнээс болоод шинжлэх ухаан гэсэн үг хэл сонсмогц урьдаас айж бэргэж, зүрх үхээд байдаг зуршилтай. Гэхдээ сумод наад зах нь 120 килограмм жинтэй хэдхэн хүн л ноцолдох боломжтой. Харин шинжлэх ухаан бол нийтлэг үзэгдэл. Бүх шатны сургуульд үзэж судалдаг юм чинь ганцхан шинжлэх ухаан шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухаан сумогоос хамаагүй хялбар салбар болоод явчихаж байгаа биз дээ. Шинжлэх ухааны салбараас Ёкозуна гарах магадлал харин ч их байхгүй юу.
-Профессор С.Будням гэдэг хүн “Өнөөдөр” сонинд “Суурь шинжлэх ухаан мухардалд орсон” гэдэг утгатай өгүүлэл нийтэлсэн байсан. Тэгсэн чинь та мухардалд орсон салбарт зодоглоно гэж яриад байх юм.
-Тэр өгүүллийг би бас харсан. Сүүлийн 20 жилд шинжлэх ухааны асуудлаар гарсан гайгүй тулхтай ганц өгүүлэл байж ч мэднэ. Суурь шинжлэх ухаан мухардалд ороод удаж байна. 1960-аад оны эхнээс мухардалд орсон гэж тооцдог, тэгж ч ярьдаг. Томоохон нээлт гарсангүй удлаа. Хүмүүс бүгд тэнэг болчихсон хэрэг биш. Мөнгө санхүү нь хомсдсон хэрэг бүр ч биш. Товчдоо суурь шинжлэх ухаан өөрөө дуусах, төгсөх шатандаа орчихсон байхгүй юу. Нээлт хийнэ гэж ховор. Одоо бол нээлт хийгдэх байгалийн нөөц шавхагдсан байгаа. 20 дугаар зууны гарамгай физикч, Нобелийн шагналт Ричард Фейнман “Өнөөгийн бид их азтай улс, ямар нэг нээлт хийх багахан ч гэсэн боломж үлдсэн үед амьдарч байна. Хойшид нээх юм үлдэхгүй шүү дээ” гэж хэлж байсан. Нээлт хийнэ гэдэг чинь байгальд ерөөс буй юмыг ухаж олж ирнэ гэсэн үг. Харин одоо байгалийн тэр нөөц нь шавхагдах шатандаа ороод байна. Энэ нь мухардал мэт харагдавч цаанаа зүй тогтолтой үйл явц учраас арай өөрөөр ойлгогдох ёстой л доо. Мэдээж хэрэг, нээлтийн боломж хаалттай шахам болсон нөхцөлд залуу үеийн шинжлэх ухааны сонирхол хаа сайгүй буурсан тухай ярьсаар олон жил болж байна. Томоохон их сургуулиудын физикийн ангид суралцах оюутан их цөөрсөн үе бий. Энэ байдлыг засах талаар ч олон улсын хэмжээнд том том арга хэмжээ авсан. Суурь шинжлэх ухаан төгсөх шатандаа орсон. Нээлтийн өлсгөлөн байдаг, нээлтийн нөөц нь дууссан байдаг, ийм л хүндрэл, ийм л мухардал байгаа юм даа.
-Нээлтийн нөөц дуусчихаад байхад та тэгээд яаж нээлт хийсэн юм бэ?
-Суурь шинжлэх ухаан буюу физикт, бүр тодруулбал, онолын физикт хүлээгдэж байсан ганц нээлтийг би хийчихлээ. Энэ бол сүүлчийн нээлт. Супер нэгдлийн онолын нээлтийг дэлхий даяараа хүлээж байсан. Жижигхэн нээлтүүд бол хийгдэнэ л дээ. Гэхдээ минийх шиг том нээлт хийгдэхгүй. Энэ олон дотор задраад л явчихна. Компьютер гэдэг юм бүтээгдчихлээ. Удахгүй компьютер чинь ярьдаг болно, сонсдог болно. Тэгээд цаашаа хөгжөөд явчихна. Тэгэхээр би энэ компьютер шиг юм хийчихээд байгаа юм. Энэ нээлтээс цаашаа олон хөгжил дэвшил гарна.
-Та урьд нь ямар нэг нээлт хийж байсан уу?
-Нээлт, нээлт… Нэг хүн олноор нь хийгээд байдаг эд биш л дээ /инээв/ Нэг хүн нэг л нээлт хийвэл тэгээд болчихож байгаа юм.
-Хүмүүс голцуу хэдэн настайдаа нээлт хийдэг вэ?
-Янз янз л байдаг юм. Математик, физикийн чиглэлээр бол голцуу 20-30 нас. Харин одоо бол залуугаараа хийдэг нээлт гэж байхгүй болж дээ. Миний энэ судалгааны ажил бол миний оюутан байх үед л санаанд орж байсан зүйл байгаа юм. Тэгээд барьж аваад, бодож боловсруулах цаг гараад л сууж эхэлснээс хойш яг 12 жил болж байгаа юм. Суурь судалгааны ажил хийж байгаа хүн өөр юм хийж чаддаггүй байхгүй юу. Уншиж, судлах зүйл их ш дээ. Бүхнийг мэдэх гэж оролдоно. Юм мэдэхгүй байж дуусгана гэж юу байхав. Гэхдээ энэ чинь суурь шинжлэх ухааны онолын түүхэнд бол рекорд болохоор богино хугацаа шүү. Онол номлол цаасан дээр буудаг. Би буулгасан, бичиж тэмдэглэсэн. Олон мянган томъёо тэгшитгэл надад байна. Ертөнцийн оршихуй гэж агуу юм байдаг. Тэр бүхнийг физикт математикаар тооцож байгаа хэрэг л дээ. Буй бүхнийг онолоор тооцох ёстой онолыг л супернэгдлийн гэх юм гэж шинжлэх ухаанд урьдчилан тогтоосон хэрэг. Супер нэгдэл гэдэг нэр томъёо шинжлэх ухаанд хэрэглэгддэг байсан. Гол нь яг нээчихсэн юм байхгүй л байсан байхгүй юу. Энэ тухай ном зохиол дэлхий дахинд уул овоо шиг их байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын энгийн иргэд ч энэ асуудлын учир начрыг нийтлэг мэддэг. Манайд болохоор боловсрол үндсэндээ уначихсан, шинжлэх ухааны мэдээлэл, сурталчилгаа байхгүй болохоор хоцрогдчихоод байгаа юм. Тэгээд супер нэгдлийн онол гээд ярихаар энэ олон намуудыг нэгтгэх юмуу, эсвэл дэлхийн улс орнуудыг нэгтгэх юм уу яах юм энэ тэр гэсэн сонин юм их асууж байна. Энэ байдал жаахан түвэгтэй санагдаж байгаа.
-Тэгээд яг юуг юутай нэгтгэх гээд байгаа юм?
-Орчлон ертөнцөд тоо томшгүй олон янзын юмс үзэгдэл байгаа. Тэр бүхний үүсэл хувьслыг цорын ганц учир шалтгаанаар нэгтгэн тайлж тайлбарлах ёстой. Ингэж нэгтгэсэн зүйлийг л супер нэгдлийн онол гэж байгаа ш дээ. Монголчуудад монгол хүний амжилтыг итгүүлнэ гэдэг их хэцүү. Монгол үндэстэн дэлхийн түүхнээ хамгийн агуу их гүрэн байгуулж байжээ. Дараа нь хэдэн зуун жил бууран доройтож, харийн нөлөөнд орсон. Ийм хоёр түүхэн туршлага бидэнд байгаа юм. Их гүрний туршлага, ирмүүн сэтгэл зүй мартагдсан. Бууралт доройтлын туршлага, бурангуй сэтгэл зүй ноёрхож байна. Тиймээс муусайн монголчууд бид юу чадах вэ, би ч чадахгүй, чи ч чадахгүй, бүгдээрээ юу ч чадахгүй хэвтэж, худлаа хуцаад гэж өмнөөс шууд л хэлдэг байхгүй юу. Гэтэл нөгөө үндэстэн нь байж л байгаа бодит үзэгдэл. Тэр тусмаа түүхэн үүднээс харвал заавал муугаар нь дуудаад байхааргүй нэгэн үндэстэн гэдгээ мартчихсан яваад байгаа юм.
-Таны түрүүн хэлсэнчлэн би баргийн юманд итгэдэггүй монгол хүн учраас яг таг баримт нотолгоо хэрэгтэй байна. Таны энэ онолыг ямар туршилтаар батлах вэ?
-Энэ онолыг батлах ёстой онол аль хэдийн энэ дэлхий дээр хийгдээд батлагдчихсан байхгүй юу. Тэгэхээр тэр туршилтын тал дээр санаа зовох зүйлгүй. Шинжлэх ухааны арга зүй өөрөө батлаад өгнө. Суурь онолын арга зүй нь математик. Өөрөөр хэлбэл, хоёр хоёрын дөрөв гэдэг шиг хэн бүхэн шалгаж үзээд баталж юмуу няцааж болдог тийм зүйл. Нэгд энэ. Хоёрт гэвэл, шинжлэх ухаан гэж ерөөсөө эхлээд ганцхан хүн ямар нэг юм мэдээд авчихаж болдог юмыг хэлдэг. Коперникийн дараа ч нар өглөө бүр ургаж, тэнгэрт аялсаар орой жаргадаг. Дэлхий сансарт дүүлж яваа нь огт ажиглагддаггүй. Гэтэл бодит байдал огт эсрэг гэдгийг ганц Коперник л хэлж байсан. Тэр математикаар тооцсон байхгүй юу. Хүмүүс тэр тооцоонд нь итгэхгүй их удсан. Чи гараад хар л даа, Нар явж, дэлхий сууж байгаа биз дээ. Хүмүүс чинь нүдэндээ л итгэдэг байхгүй юу. Шинжлэх ухаан гээч юмны хамаг эгзэг үүнд л оршдог юм. Орчлон ертөнцийн жинхэнэ үнэн хүний санаанд багтахгүй гаж сонин парадоксаль байдаг. Хүнд хоёр нүднээс гадна уураг тархи, оюун ухаан байна. Оюун ухаанаа ажиллуулаад шинжлэх ухаанаар тэр тусмаа математикаар тооцоод ирэхээр нүдэнд үл харагдах гүн далд, хамгийн суурь тулгуур үнэнүүд олддог байхгүй юу.
-Тэгээд та ямар суурь тулгуур үнэнийг олж нээсэн юм бэ? Энэ л их сонин байна.
-Ертөнц оршин байна. Ертөнц бидний харж байгаагаар ийм байна. Өөрөөр яагаад байсангүй вэ? Хэрэв ертөнцийг Бурхан бүтээсэн гэвэл, энэ байгаагаас арай өөрөөр бүтээх сонголт байсан уу, үгүй юү? Байсан бол ямар ямар сонголт байгаад Бурхан тэдгээрээс хийсэн сонголт нь зөв үү, буруу юу? Бурханд ийм ертөнц бүтээхээс өөр сонголт байсангүй бол яагаад? Шинжлэх ухаан эцсийн дүнд дээрхи асуултууд л яв цав хариулах ёстой юм. Энэ асуултуудыг Альберт Эйнштейн анх дэвшүүлэн тавьсан байдаг. Тэгэхээр яагаад, яагаад гэдэг олон асуултын хариултыг л олсон хэрэг. Харин бүх асуултын эцсийн үнэмлэхүй хариулт ганцхан байх ёстой. Түүнийг зөв олж тогтоосноор супер нэгдлийн онол боловсрох нь үнэн хэрэгтээ бараг автоматаар хийгдсэн ажил юм. Тэгэхээр оршихуйн суурь шалтгаан олдлоо л гэсэн үг ш дээ. Хэрэгтэй байлгүй яахав. Энэ дэлхий хөгжинө. Наад онол дээр чинь дөрөөлөөд шинэ хөгжил ирнэ ш дээ. Наад гар утас чинь чамайг ойлгодог болно. Тэр сандлыг дуудахад чам руу өөрөө ирдэг болно ч гэх юм уу.
-Физикчид ихэвчлэн шашингүй үзэлтнүүд байдаг гэж би сонсож байсан…
-Би шашинтайд нь орох байх аа. Том нээлт хийсэн хүмүүс ихэвчлэн шашинлаг үзэлтэй талдаа шүү. Тийм нэг зүй тогтол байгаад байдаг юм. Хүний хийж байгаа юм байгаль орчноор зохилдсон, нэг ёсондоо дээд тэнгэрээс явж байгаа үйл явц байдаг байхгүй юу. Тэрнээс биш тохиолдлоор болдог юм гэж аль ч салбарын дээд түвшинд байхгүй ш дээ. Тамирчдын хувьд аз гэдэг их чухал. Сайн тамирчид азгүйтээд л байхыг алийг тэр гэхэв. Тэгэхээр аз гэдэг чинь байгалийн тооцоонд орчихсон байдаг зүйл.
-Сүүлийн үед физик гэдэг ойлголт дангаараа оршихоо болиод байх шиг. Ихэнх шинжлэх ухаанууд хоорондоо уусан нэгдэж байгаа бололтой.
-Физикийн ухаан дангаараа байна л даа. Материйг судалдаг. Гэхдээ мэдээлэл, танин мэдэхүй рүүгээ ханддаг. Ертөнц нэг л юм чинь шинжлэх ухаан бас нэгдэж таарна, угаасаа. микроскопоор юм харна гэдэг чинь физикийн багажийг ашиглаж байна гэсэн үг ш дээ. Өөр яахав.
-Таны бичсэн “Монголын үндэсний сэргэн мандал” номыг уншсан. Үнэндээ огт ойлгоогүй. Толгой эргэмээр олон тоо хэнд хэрэгтэй юм бэ?
-Хүн төрөлхтөнд тоо хэрэгтэй. Зарим хүмүүс тоо боддог болохоор чамд тоо бодох шаардлага гарахгүй байгаа юм. Чиний эдэлж хэрэглэж байгаа гар утас, зургийн аппарат, өөр юу байдаг юм тэр бүгд чинь тооноос бүтдэг юм ш дээ. Энэ тоонуудыг цаашаа бодоод л байх юм бол утас чинь чамтай ярьдаг болно. Чи бүр товчлуур дарах ч хэрэггүй болно гэсэн үг ш дээ. Ер нь энэ тоо гэдэг чинь амьдралтай салшгүй холбоотой зүйл. Хүн болгон л тоо бодож чадна. Сурахыг хүсвэл, тэгээд хичээвэл чадахгүй юм гэж байхгүй ш дээ.
-Та сэтгэл хөдлөл багатай хүн шиг санагдаж байна шүү. Ташкентийн газар хөдлөлтийн үеэр тэнд байсан гэж сонссон юм байна. Тэр үед сэтгэл санааны байдал ямархуу байсан бол?
-Тэр үед Ташкент нэг сая хүнтэй байсан. Би тэр нэг сая хүмүүстэй адилхан гарч ороод л, бужигнаад байж байсан. Үргэлж газар хөдлөөд байхаар сүүлдээ дасчихна ш дээ. Таван давхар оюутны байрнууд байдаг байхгүй юу. Тэр байшингууд чинь тирхххххх гээд л сүртэй дуу чимээ гаргана. Газар хөдлөлтийн эсрэг барилга байхгүй юу. Нимгэн тоосгон ханатай, булангуудаараа салгуу. Жаахан шавардчихсан. Хүчтэйхэн шиг түлхэхэд л ганхах эд байдаг юм. Тэгээд газар хөдлөлтийн үеэр байшин нурахгүй, ганхаад шавар нь нураад байгаад л байдаг. Ташкентийн Политехникийн дээд сургуулийн захирал Рузбаев гэдэг хүн бол газар хөдлөлтөнд тэсвэртэй барилгын зөвлөлийн гол мэргэжилтний нэг. Тийм болохоор хичнээн газар хөдөлж байсан ч байр нураад уначихна гэсэн ойлголт байхгүй. Энэ чинь байгаль дэлхий. Юунд ч захирагдахгүй. Тэр дундаа хүний үйлдэлд огт захирагдахгүй. Харин байгальтай уялдуулаад өөр шинэ зүйл зохион бүтээх хэрэгтэй. Тэрэнд чинь л миний нээлт тусална…