Тьерри Анри: Би “Арсенал”-ын эсрэг тогломооргүй байна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Тьерри Анри: Би “Арсенал”-ын эсрэг тогломооргүй байна

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаанд Испанийн “Барселона” болон Английн Премьер лигийн “Арсенал” клубууд хоорондоо таарсан билээ.  Шөвгийн наймын эхний тоглолтууд болоход цөөхөн хоног үлдээд буй энэ үед “Барса”-гийн шилдэг тоглогчдын нэг Тьерри Анри өөрийн тоглож байсан хуучин багийнхаа эсрэг тоглох тийм ч таатай бус байгаа талаар ярьжээ. Францын шигшээ багийн довтлогч тэрбээр 1999-2007 оны хооронд “Эмират” цэнгэлдэхэд найман жилийг өнгөрүүлэхдээ олон цом хүртэж, “Мэргэн буучид”-ын түүхэнд бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч нь болсон юм. Харин Анри 2007 онд “Барса” руу буурь сэлгэснээс хойш анх удаагаа хуучин клубынхаа эсрэг тоглох гэж байна. Тэрбээр энэ сарын 31-нд “Эмират” цэнгэлдэхэд болох Аваргуудын лигийн дөрөвний нэг шигшээгийн эхний тоглолт сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд байх болно хэмээн ам алджээ. Анри “Би ялалтын төлөө хичээхгүй гэсэн үг биш ээ. Учир нь энэ бол спорт, энэ бол өрсөлдөөн. Гэхдээ би Арсеналын эсрэг тоглохыг хүсэхгүй байна. Өөр багийн өмсгөлтэйгээр Эмиратын талбайд гарах эвгүй санагдаж байна” гэжээ. Хэрэв “Арсенал”-ын хаалгыг мялаавал гоолын баяраа тэмдэглэх үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэр “Үүний талаар дурсахын ч хэрэггүй. Үгүй. Би Арсеналын эсрэг тогломооргүй байна. Ингээд л гүйцээ. Одоо би хөгширч байна, дахиж өөр багт найман жил тоглоно гэж байхгүй шүү дээ. Тиймээс Арсеналын хөгжөөн дэмжигчид юунаас ч илүү” хэмээн хариулсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж