Төрийн нууц баримт алдагдаагүй

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Төрийн нууц баримт алдагдаагүй

Төрийн нууц алдагдсан гэх мэдээлэл ташаа байжээ

Өдөр тутмын зарим сонин болон сайтад “Төрийн нууцад хамрагдах мэдээлэл алдагджээ” гэсэн мэдээ нийтлэгдсэн нь ор үндэсгүй, ташаа мэдээлэл болжээ. Энэ талаар холбогдох газар тайлбар ирүүлснийг дор нийтэллээ.

Тайлбар:

“ҮАБЗ-ийн референт Б.Алтан-Очир төрийн нууц баримт бичиг авч яваад үрэгдүүлсэн…” гэх мэдээлэл нь бодит байдлаас зөрүүтэй, ташаа болохыг ҮАБЗ-ийн Ажлын алба мэдэгдэж, доорхи тайлбарыг хийж байна.

1.    ”Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудал”-ыг Монгол Улсын ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ асуудал төрийн нууцад хамаараагүй ил баримт бичгийн хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан хэргийн ердийн шугамаар хүргэгдэн төрийн байгууллагуудад үүрэг чиглэл болгогдсон. Зөвхөн Төрийн нууцын хуулиар нууцад хамааруулсан бичиг баримт л төрийн нууцад хамаардаг. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны асуудал хариуцсан ажилтнуудын ширээн дээр энэ баримт бичиг гарын авлага болсон байх учиртай. Уг баримт бичигт нууцлах зүйл байхгүй бөгөөд Таван толгойн орд газарт үндэсний компаниудаа дэмжиж, түлхүү оролцуулах, иргэддээ хувьцаа олгох тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэхүү шийдвэр нь УИХ-ын 2010.07.07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд тусгалаа олсон болно.

2.    Шинжээч Б.Алтан-Очир цүнхтэй эд зүйлсээ үрэгдүүлсэнтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагууд шалган тогтоож байна. Тэрээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээчээр ажил үүрэг гүйцэтгэдэг.

3.    Төрийн нууцыг үрэгдүүлэх нь эрүүгийн гэмт хэрэг. Гэмт хэрэгт холбогдуулж бусдыг гүтгэх нь мөн гэмт хэрэг болдог. Иймд, шинжээч Б. Алтан-Очирыг “төрийн нууц үрэгдүүлсэн” гэж хэвлэл мэдээллээр гүтгэсэн нь гэмт хэргийн шинжтэй асуудал болж байгаа гэдгийг анхааруулъя.

4.    Гадны гэмт халдлагад өртөж хохирсон, хэнд ч, хэзээ ч тохиолдож болох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй холбож, төрийн нууц үрэгдүүлсэн мэтээр мэдээлсэн нь ямар зорилгоор хаанаас хийгдсэнийг мэргэжлийн байгууллагуудаар шалгуулахаар үүрэг өгөгдсөн болно.
     

Та бүхэн дээрх ташаа мэдээллээ нэн даруй залруулна уу.

МОНГОЛ УЛСЫН ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж