Хоёр саяын үнэтэй эхнэр

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Хоёр саяын үнэтэй эхнэр

Өчигдөр Улсын драмын эрдмийн театрт “Эхнэрээ зээлээч” гэх инээдмийн, драмын жүжиг үзлээ. Гэтэл анх удаа үзэж байгаа юм шиг мэдрэмж төрсөнгүй бүх зүйл нь давтагдаад л…Бодоод байсан чинь телевизээр үзэж байсан “Шинэ үе” продакшны нэг хошин шогтой сэдэв нь яг ижил. Нэг нэгнээсээ хуулчихав уу гэлтэй. Яахав, хошин шогийг бодвол драмын инээдмийн жүжиг гэдгээрээ өөр байсан. Ганаа бол хотод ганцаараа эрх дураараа амьдардаг хүү. Ганаа хөдөө суугаа аавдаа эхнэр авч байгаа байр авмаар гэснээр хөөрхий аав нь хэдэн малаа, гэртэйгээ зарж хүүдээ байр авах мөнгө явуулна. Аав нь хэдэн малаа зарчихсан, хөдөө орох оронгүй тул хүү дээрээ очиж шинэ бэртэйгээ танилцаж, хамт амьдрахаар хотыг зорино.
Хотод хүүгийнхээ гэрт ирэхэд Ганаа согтуу унтаж байна. Хүүгийнхээ ийм байдлыг харсан аав, сураа гаргаж Ганааг ороолгоход сая нэг юм Ганаа нойрноосоо сэрнэ. Хүүгийнхээ эхнэр, шинэ байрыг нь харахаар ирсэн аав нь Ганаагаас шууд л бэрээ асууж эхэллээ. Ганаагын аавын зүрх муу учир аавдаа худлаа ярихаас өөр арагүйд хүрч “Ажилдаа явсан орой хүрээд ирнэ” хэмээн хэлнэ. Ганаа орой болохоос өмнө эхнэр олох учиртай. Гэнэт Ганаа доод давхарт амьдардаг найз Баяраагаас тусламж хүсч эхнэрээ түр зээлүүлэхийг хүснэ. Баяраа эхнэр Эхогоо хардаж гар хүрдэг олиггүй нэгэн. Түүний эхнэр Эхо ч нөхрөө үргэлж айж, аясаар нь байдаг аж. Баяраа эхнэрээ хоёр хоног зээлүүлж оронд нь хоёр сая төгрөг найзаасаа нэхнэ. Ганаа ч зөвшөөрснөөр жүжиг цааш баяр хөөр, уйтгар гуниг хослон цааш үргэлжилнэ.
Ямартай ч жүжгийн төгсгөл сэтгэл хөдөлгөм байсан.  Тус жүжгийн Ганаагын аав Амбаагийн дүрд гавьяат жүжигчин Г.Мягмарнаран, Ганаагын дүрд соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяр, Эхогийн дүрд жүжигчин Т.Хулан, Баяраагийн дүрд жүжигчин Э.Батхүү тогложээ. Баяр хөөр, гуниг, нулимс хосолсон “Эхнэрээ зээлээч” драмын инээдмийн жүжгийн уран бүтээлчдэд баяр хүргэе.
Тус  жүжиг нь “Гэгээн муза-2009” наадамд “Оны шилдэг драмын жүжгийн зохиолч”, “Оны шилдэг драмын жүжгийн найруулагч”, ”Оны шилдэг драмын жүжгийн тайзна зураач”, “Оны шилдэг драмын эрэгтэй гол дүр”-д жүжигчин Г.Эрхэмбаяр, “Оны шилдэг драмын жүжгийн эмэгтэй гол дүр”-д жүжигчин Т.Хулан, “Оны шилдэг эмэгтэй туслах дүр”-д жүжигчин Ц.Баясгалан нар тус тус нэр дэвшиж байгаа юм.
М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж