Нийслэлд ам метрийг нь 650 мянгаар орон сууцаа борлуулах компани байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Нийслэлд ам метрийг нь 650 мянгаар орон сууцаа борлуулах компани байхгүй гэв

Нийслэлд ам метрийг нь 650 мянгаар орон сууцаа борлуулах компани байхгүй гэв

Засгийн газраас төрийн албан хаагчдад зориулан дөрвөн мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласнаас хойш хэзээ хэрхэн байраа авч болох талаар хүлээлт үүсээд байгаа. Энэ талаар бид Орон сууцны санхүүжилтийн корпораци, Зээлийн газрын захирал М.Уламбаяртай ярилцлаа.

-Төрийн албан хаагчдад зээл олгож эхэлсэн үү. Явц ямархуу байна?

-Засгийн газрын 368 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамрагдах журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.  Төрийн албан хаагчдад 40.0 сая төгрөг хүртлэх зээлийг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй олгож эхлээд байна. Мөн өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамрагдах журмын хоёр заалтыг өөрчилж төрийн албан хаагчдыг өөрөө орон сууцаа сонгох боломжийг бүрдүүллээ.

-Орон сууцны зээлд хамрагдахын тулд ямар шаардлага хангах ёстой вэ?

-Нэгдүгээрт, төрийн албан хаагч байх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газраас баталсан орон сууцны зээлд хамрагдах тооны хязгаарт (квот) багтсан  байх ёстой. Төрийн байгууллага нь байгууллагынхаа нээлттэй хуралдаанаар төрийн албан хаагчийг сонгоно. Түүнчлэн төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан байх хэрэгтэй. Зээл хүсэгчийн  сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь өрхийн орлогын  45 хувиас хэтрэхгүй байна. Зээл авах хүсэлт гаргаж байгаа төрийн албан хаагч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна. Зээлийн орон сууц нь улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан, шинэ орон сууц байна.

-Ямар бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй бол?

-Дээрх журмын хавсралтаар батлагдсан нэр бүхий долоон бүрдүүлэх бичиг баримт бий. Төрийн албан хаагчийн зээлийн өргөдөл анкет, иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгааны хуулбар, албан байгууллагын цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, өрхийн бусад орлогын баримт шаардлагатай. Харин арилжааны банкууд 20-25 төрлийн бичиг баримт шаардаж байгаа.

-40 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилт хэдэн хувьтай яваа бол. Yр өгөөж нь хэр байна?

-Энэ бол улсын хэмжээнд бүхий л барилгын компаниудыг хамруулсан маш өргөн хүрээтэй хөтөлбөр. Зөвхөн манай байгууллага нь нийслэл болон хөдөө орон нутагт Засгийн газрын бондын хөрөнгөөр санхүүжсэн орон сууцуудыг захиалан бариулж, ашиглалтад орсон орон сууцыг иргэдэд орон сууцны зээлээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг.
4000 төрийн албан хаагчийг орон сууцжуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар төрийн байгууллагуудаас 1091 төрийн албан хаагчийн нэрс ирсэн. Yүнээс  781 төрийн албан хаагч материалаа бүрдүүлж манайд өгсөн байна. ОССК нь орон сууцаа сонгосон 119 төрийн албан хаагчдад 2.8 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгохоор шийдвэрлэсэн. Одоо 42 зээл хүсэгчийн 1.1 тэрбум төгрөгийн  зээлийн материалыг судалж байна.

-Барилгын компаниуд банкны зээлээр байраа барьдаг. Барилгын компаниуд зээлийнхээ хүүг нэмж боддог учраас өндөр үнэтэй байдаг. Энэ нь орон сууцны үнэ өндөр байгаад нөлөөлж байна уу?

-Зээлийн хүү барилгын өртөгт өндөр нөлөө үзүүлэхгүй байх гэж бодож байна.

-Барилгын нэг ам метр талбайн үнийг 650 мянган төгрөгөөс илүүгүй байлгана гэсэн. Гэтэл барилгын кампаниуд эрс эсэргүүцээд байгаа. Энэ тал дээр гаргасан тоо баримт, судалгаа бий юу. Ер нь төрийн албан хаагчдад зээлээр олгож байгаа байрны үнэ ямар байна?

-Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журмын 5-3-т зээлээр олгох орон сууцны нэг ам метр талбайн үнэ 650 мянган төгрөг буюу түүнээс хямд байна гэж заасан.  Гэсэн ч нийслэлд дээрх үнээр орон сууцаа борлуулах барилгын компаниуд байхгүй. Харин хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын кампаниуд болон 40 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд манай захиалгаар барьсан орон сууцууд 650 мянган төгрөг буюу түүнээс хямд байгаа.

Б.АНХЦЭЦЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж