Д.Нямхүү: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар тооцохын тулд бусад хуультай уях болно

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар тооцохын тулд бусад хуультай уях болно

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг авч хэлэлцэв. Хуулийн шинэчилсэн найруулгын боловсруулалт ямар шатандаа яваа талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүгээс тодрууллаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байсан. Чуулганд оруулахад бэлэн болж байгаа гэж ойлгож болох уу?
-Тун бэрх хуулийн төсөл байгаа, маш олон дагавар хуулиудыг татаж ирж, судлах, шаардлагатай болж байна. Товчхондоо бол хуулийн төслийг байнгын хорооны ажлын хэсэгтэй хамтран дахин боловсруулж, хэлэлцэхээр болж байна.
-Юунаас болоод тэр билээ?
-Яамны зүгээс хамгийн анх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбар бүхэнд ялгаатай тогтоохоор оруулж ирсэн. Гэтэл Засгийн газрын хуралдаанд шинэчилсэн найруулгыг оруултал салбараар тогтоохыг заасан заалтуудыг хас гэсэн. Үүнээс болж хуулийн гол үзэл баримтлал ойлгомжгүй болсон. Мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар тогтоонгуут бас нэг хүндрэл гарч ирж байна. Тэтгэврийн доод хэмжээ сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиар байдаг. Эрүүгийн хуулиудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төд дахин үржсэнээр торгоно гэсэн заалтууд бий. Тиймээс энэ бүх хуулийн заалтыг бүгдийг нь тооцож үзэх хэрэгтэй болж байна. Үндсэндээ энэ хуулийн төслөөс үүдэн жил гаруйн хугацаанд Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, манай яам гурав маргалдаж байгаа л даа. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо дахин байр сууриа илэрхийлсэн. Тэдний зүгээс Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай заалтыг хуулийн төсөлд оруулах учиргүй гэж үзээд байгаа юм. Тиймээс энэ асуудалд анхаарч ажиллах шаардлагатай болсон. Тодруулбал, ажлын хэсгийнхэн өөр хуулиудад байгаа зохицуулалтыг хэрхэх, хөлсөөр ажиллах гэрээнүүдийг бусад хуулиудад хэрхэн зохицуулах вэ гээд олон зүйлийг дахиж авч үзэх шаардлага тулгарч байна.
-Салбар бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөр өөр тогтооё гэдгийг яагаад дэмжээгүй юм бол?
-Салбар салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ялгамжтай хандахын тухайд,  ялангуяа мал аж ахуйн салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг багасгах шаардлага байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг байлаа гэхэд хөдөө 60-80 мянган төгрөгөөр ажиллах бололцоо бий.
-Яагаад хөдөөд тийм хямдхан хөлсөөр ажиллах ёстой гэж?
-Бэлэн жишээ бий л дээ. “Монгол шуудан” банк нэг суман дахь салбартаа гурван харуул ажиллуулдаг байсан. Эдгээр харуулаа тус бүр нэг сарын 60-80 мянган төгрөгөөр цалинжуулахад ажиллах хүчний хувьд ч зөвшөөрөх боломжтой, банкинд ч ашигтай байсан. Гэтэл энэ хүмүүстэйгээ хөдөлмөрийн гэрээ хийх боломжгүй. Нэгэнт л 108 мянган төгрөгийн цалин өгч чадахгүйгээс хойш тэднийг ажлаас нь халаад, дохиололд шилжүүлж байгаа юм. Үүнийг дагаад хэдэн зуун ажлын байр байхгүй болж байна. Тиймээс өөрийнхөө бизнесийн эрх ашгийг бодож байгаа байгууллагыг ойлгохоос өөр аргагүй. Харин уул уурхайн салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх боломж байж болно. Энэ бүхнийг харгалзаж үзээд хуулийн анхны төсөлд дээшээ 20 хувь  доошоо 20 хувь хөдлөхөөр зохицуулалт хийсэн байсан. Гэвч олон хэлэлцүүлгийн дүнд төсөл өөрчлөгдөж явсаар эцэст нь салбар салбарт зохицуулалт хийх заалт байхгүй болсон. Тэгтэл уг заалтыг буцааж оруулахгүй бол хуулийн жинхэнэ үзэл баримтлал гажуудах гээд байдаг. Яг энэ асуудлаар УИХ-ын байнгын хорооны ажлын хэсгийнхэнтэй маргааш дахин ярилцахаар болж байна.
-Ер нь Засгийн газрын зүгээс ч тэр, ажлын хэсгийн төвшинд ч тэр яагаад салбар салбарт зохицуулалт хийхийг  дэмжихгүй байгаа юм бэ?
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас манайд өгсөн зөвлөмж бий. Зөвлөмжид хөдөлмөрийн хөлсний хэмжээг олон төрлөөр зохицуулсан зохицуулалттай байх юм бол хүндрэл гарна шүү гэсэн чиглэл өгсөн. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шинжээчидтэй ч энэ талаар нэлээд ярилцсан. Гол нь манай улсын нөхцөлд тааруулсан зохицуулалт хийх нь янз бүрийн зөвлөгөөнүүдтэй нь зөрчилдөөд байгаа л даа.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар тооцох тухай заалт бас явж байсан, энэ нь хэвээрээ юу?
-Цагаар тооцох заалт одоогоор хуулийн төсөлд хэвээрээ байгаа. Гэхдээ хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцохоор бусад хуулиудад байгаа заалтуудтайгаа яаж уялдуулах вэ гэдэг нь хэцүү болчихоод байгаа юм. Цагаар тооцох шаардлага амьдралд байдаг ч олон хуульд цагаар биш сараар тооцсон хөдөлмөрийн хөлснөөс жишиг аваад явсан заалтууд бий. Тэгэхээр энэ бүхнийг хэрхэн зохицуулах вэ гэхээр гинжин урвалаар олон хууль хөдлөх болчихоод, тун ч хүнд байна даа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж