Зундаа хур бороо ховордож, өвсний гарц муудан, намар эртнээс хүйтэрсний улмаас хүндхэн өвөлтэй тулсан аймгуудын нэг бол Баян-Өлгий билээ. Өнөөдрийн байдлаар нийт 85 мянган мал хорогдоод байна. Онцгой байдлынхны дүгнэснээр, одоо нэг сум гамшгийн, гурван сум зудын байдалтай хаваржиж байна.
“Олон жил Төр засгийн удирдлагуудад тавьж байгаа гурван хүсэлт бидэнд байдаг. Энэ удаад ч мөн Ерөнхийлөгч танд дуулгаж байна” гэж аймгийн засаг даргын орлогч Ш.Сериктес хэлээд, дараах хүсэлтийг тавьжээ. Тэрбээр “Юуны өмнө, ОХУ-ын хилийн дагуу 62 км яваад Казахстан хүрдэг байсан Хөх эргийн боомтыг сэргээж, ашиглалтанд оруулах, мөн Улаан-Уул –Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгон, Даянгаас Улаанбайшинтын боомт хүрэх 210 км замын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн сүүлийн хэдэн жил яригдаж байгаа баруун бүсийн нэмэгдлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх”-ийг хүссэн юм.
Ерөнхийлөгч Ц. хэдийгээр баяр наадам болж байгаа ч, Баян-Өлгий аймгийн хаваржилтын байдалтай газар дээр нь танилцахаар Буянт, Сагсай сумдад ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа ярианыхаа эхэнд хэлээд тавьж байгаа асуудлуудыг нааштайгаар шийдвэрлүүлэхийн тулд Засгийн газар, Их хуралтай хамтарч ажиллана гэлээ. “Хөх эргийн боомт бол бензин түлш, болон хүнс хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн ОХУ-аас орж ирэх хамгийн дөт зам юм. Хөрш орнуудтайгаа ярилцаад, боомтуудын асуудлыг хязгаар нутгийн иргэдэд өгөөжтэй байдлаар шийдэх хэрэгтэй.
Саяхан намайг баруун аймгуудад ажиллахад уулзалт бүр дээр баруун бүсийн нэмэгдлийг олгож өгөх, мөн баруун бүсэд татварын хөнгөлөлт үзүүлэх гэх зэрэг хүсэлт тавьж байлаа. Энэ бол үнэхээр хугацаа алдалгүй шийдвэрлэх ёстой асуудал мөн. Хэсэг УИХ-ын гишүүд энэ тухай хууль санаачлан өргөн барьсан. Би энэ хуулийг бүх талаар дэмжиж байгаа” гэж Ерөнхийлөгч ярилаа. Тэрээр мөн төрийн захиргааны байгууллагын удирдлагуудад хандаж захиас хэлсэн байна. “Төрд ажиллаж байгаа та бүхэн иргэдэд хүнд сурталгүй үйлчилж, иргэний эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаарай гэж би үргэлж захьдаг. Иргэн байгаа учраас төр засаг байгаа гэдгийг ямагт санаж ажиллаарай” гэлээ.