Түүнээс Мессиг үе үе тоглодог төвийн довтлогчийн байрлалд эсвэл баруун жигүүрт тоглох нь дээр үү гэж асуухад, “илүү зай” гардаг учраас төвийн байрлал Аргентин залууд тохирно гэж хариулжээ. “Бид түүнд хэрэгтэй зайгий нь гаргаж өгч, тэр ч гайхалтай тоглолтоо үргэлжлүүлнэ гэж найдаж байна.”
Өчигдөр Зарагозагийн талбайд Месси гурван гоол оруулж хэт-трик хийж, ийнхүү сүүлийн 5 тоглолтонд нийт 11 гоолыг эсрэг багийн хаалганд мялаагаад байна. Үүний ачаар Барселона Реал Мадридтай хийж буй Ла Лигийн аваргын төлөөх өрсөлдөөндөө тэмцсээр байна.
“Бид хүчтэй, сайн тоглож байна. Гэвч Мадрид улирлыг дуустал маш цөөхөн оноог алдана. Бид ч гэсэн аль болох бага оноо алдахыг хичээх хэрэгтэй юм, яагаад гэвэл энэ тулаан улирал дуустал явагдах болно. Тэднийг хальтраасай л гэж бид найдах ёстой.”
Педро мөн багийн анд Габи Милитог сайшаасан байна. Милитогийн хувьд 18 сар бэртэлтэй байж байгаад эргэж ирсэн ч, түүний форм маш сайн байгаа билээ. “Өчигдөр Габи сайн тоглосон. Миний бодлоор тэр дэлхийн аваргад гарцаагүй оролцох учиртай тоглогч,” хэмээн Педро багийн андаа магтаж, бас давхар Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Диего Марадона Милитог багтаа дуудаж магадгүй байгаа асуудлыг хөндсөн байна.
Дашрамд дурдахад, хөлбөмбөгийн Goal.com сайтаас тогтмол зарладаг долоо хоногийн дэлхийн шилдэг тоглогчоор Месси тодорчээ. Мэссиг өнгөрөгч долоо хоногт зогсоож чадах тоглогч байтугай баг ч байсангүй. Өмнөх долоо хоногт нь Валенсиагийн эсрэг хэт-трик хийсэн Месси гайхалтай формоо үргэлжлүүлж, Аваргуудын Лигт Штуттгартын эсрэг хоёр гоол, дараа нь Зарагозагийн эсрэг бас л хэт-трик хийлээ. Долоон өдөрт 8 гоол оруулсан түүнээс илүү тоглогч байгаагүй нь тодорхой биз. Харин санал асуулгад Мессигийн дараа Манчестер Юнайтедийн Парк Жи-Сун, Боруссиа Дортмундын Лукас Барриос, Ромагийн Мирко Вучинич нар өнгөрсөн долоо хоногийн шилдэгүүдээр удаалжээ.
Г.Идэр-Ууган, Score Studio