
Эзэн Чингисийн үед монголчууд “болуу” хэмээх морь, тэмээн дээрээс бөмбөг булаалдах наадаанаар тоглож байсан тухай түүхийн сурвалжид өгүүлдэг. “Болуу” гэдэг нь модны үзүүрт ширэн бөмбөг бэхлэсэн одоогийнхоор цохиур маягийн зүйлийг хэлдэг. Энэ үг хувирч “морин поло”, “тэмээн поло” хэмээх спортын төрлийн нэр болжээ. Тэмээн полоны тэмцээнд Өмнөговь аймгийн Манлай сумын Эрдэнэбал ахлагчтай баг түрүүлж, Дорноговь аймгийн Сайхандулаан, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын багууд удааллаа. Манай улсын хамгийн эртний түүхтэй боловч сүүлд дахин дэлгэрсэн хамгийн залуу спорт болоод буй энэ спортын төрлөөр өнгөрсөн хугацаанд 50 гаруй спортын мастер цолтон төржээ. 200 мянган тэмээтэй манай улс дэлхий дээр байдаг хоёр төрлийн тэмээний гол цөм суурь болж байгаа тул тэмээгээ хайрлах, өсгөн үржүүлэх, сурталчлах хэрэгтэйг Тэмээн поло, спорт уралдаан, аялаын холбооны тэргүүн, Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар онцолсон. Их наадмын үеэр “Цагаан тэмээ сэтэрлэх ёслол”, Сайхан хос шалгаруулах тэмээт жагсаал, “Ижий говь” яруу найргийн наадам, хурдан тэмээний улсын уралдаан, шилмэл ингэ буур шалгаруулах болон тэмээний уналга эдэлгээний тоног хэрэгсэл, шир, ноос, сүүгээр хийсэн бүтээгдэхүүн, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болсон юм.
Б.Анхаа