Нарийн ширийнийг нь дэлгээгүй байгаа ч гэсэн ажилтнууд нь авилга авсан байна гэдэг нь тогтоогдсон нь Хятадтай харилцаагаа сайжруулахаар оролдож байгаа “Рио Тинтод” цохилт болж байна. Дээрх дөрвөн ажилтан мөн худалдааны тагнуулын хэрэгт буруутгагдаад байгаа бөгөөд шүүх хурлын эцсийн шийд одоогоор гарах болоогүй байна.
Австралийн иргэн Стерн Ху Хятадтай хийх хэлэлцээний асуудлыг хариуцаж байсан захирал байхдаа өнгөрсөн оны долдугаар сард баривчлагдсан юм. Шүүх хуралд оролцсон өмгөөлөгчийн хэлж байгаагаар Ху болон түүнтэй хамт баривчлагдсан Хятадын гурван иргэн Лю Сайкуй, Жи Минчиан Ван Ён нар шүүх хурлын үеэр буруутай гэдгээ хүлээсэн хэдий ч авилгийн мөнгөн дүнгийн тухайд санал зөрүүтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Зургын тайлбар: Шанхай дахь Австралын ерөнхий-консул Том Коннор шүүх хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Шүүх хурлын явцад ноён Ху хоёр удаа авилга авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүнийг нэг сая юань /146 мянган ам.доллар/, болон 790 мянган ам.доллар авсан гэж буруутгаж байна” гэж Австралийн Шанхай дахь ерөнхий-консул Том Коннор шүүх хурлын эхний өдрийн дараа мэдэгдсэн байна.
“Рио Тинто” компанийн төв нь Мельбурн болон Лондонд байрладаг бөгөөд ажилтнууд нь баривчлагдсаны дараа тэдний эсрэг ялыг хүчтэй эсэргүүцэж байсан боловч сүүлийн үеийн мэдэгдлүүддээ зөвхөн шүүх хурлыг нээлттэй, ил тод, түргэн шуурхай явуулахыг л шаардаж байсан байна.
Уг компани саяхан Хятад дахь салбарынхаа шинэ гүйцэтгэх захирлыг зарласан ба өнгөрсөн долоо хоногт Хятадын төрийн өмчийн “Chinalco” компанитай баруун африкын Гвиней улс дахь төмрийн ордыг ашиглах гэрээ байгуулсан юм.
Хятад улсад “Рио Тинто”-гын ажилтнуудын шүүх хурал болж байгаа болон сүүлийн үед “Google” компанитай харилцаа муудаад байгаа нь олон үндэстний корпорацуудыг улам бүр өсөн тэлж буй зах зээлтэй тус улсад хэрхэн бизнес эрхлэхийгээ эргэн харахад хүргээд байна.
“Хятадын Засгийн газар олон үндэстний корпорацуудыг Хятадад бизнес хийхийг урьж байна гэдгийг илэрхийлмээр байна гэж” Хятадын дээгүүр албаны түшмэлүүд өнгөрсөн долоо хоногт Хятадын хөгжлийн чуулган дээр хэлсэн байна.
Шүүх хурал гурав хоног үргэлжлэхээр төлөвлөгдөөд байгаа бөгөө ялын тухай эцсийн шийд хэдэн долоо хоног юм уу сарын дараа гарч магадгүй юм байна. Хятадын хуулийн дагуу худалдааны тагнуул хийсэн хэрэг долоо хүртэл жилийн ялтай бол авилгал авсан хэрэг таван жил хүртэл ялтай юм байна.
“Гадаадын компаниуд Хятадын эдийн засаг хөгжихөд ихээхэн нөлөө үзүүлсэн. Гэхдээ олон жилийн туршид тэд бизнесээ янз бүрийн байдлаар явуулж байсан бөгөөд авилга авч, өгдөг байсан. Энэ асуудлыг одоо илүү нарийн авч үздэг болж байгаа. Зарим компаниуд өрсөлдөөнд ялахын тулд авилга өгөхийг нэг тактик гэж үздэг байсан. Гадаадын компаниуд сайн нөлөөнийхөө хажуугаар муу нөлөө их үзүүлж байна” гэж Бээжингийн Олон улсын бизнесийн их сургуулийн эксперт Санг Байчуан ярьж байна.
Т.Бадрах