А.Ганбаатар: Казах түмэнд давхар баяр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

А.Ганбаатар: Казах түмэнд давхар баяр тохиож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Өлгий аймгийг зорилоо. Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллахаар мордлоо. Тус аймагт ажиллах болсон гол зорилго нь юу вэ?

-Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд казахын ард түмний хамгийн том баяр болох хаврын баяр тохиодог. Наурызыг казах түмэн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Өдөр шөнө тэнцдэг гэдгээрээ ч энэ өдөр онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохынхоо хувьд энэ баярын нээлтэд оролцож, казах түмэндээ хандаж баяр хүргэж үг хэлэх юм. Улмаар аймгийн төв Өлгий хот болон Буянт, Сагсай сумдын иргэдтэй уулзаж, ахмад настyуудад хүндэтгэл үзүүлнэ.

Алс хязгаар Баян-Өлгий аймаг нь өвөлжилт хүндэрсэн аймгуудын тоонд орж байгаа. Өвөлжилт, хаваржилтын байдалтай Ерөнхийлөгч биечлэн танилцах юм. Түүнээс гадна энэ жил Баян-Өлгий аймгийн 70 жилийн ой тохиож байгаа. Ерөнхийлөгчийн энэ удаагийн албан томилолтын нэг хэсэг нь ойн үйл ажиллагаатай холбогдож байгаа. Мөн энэ жил НҮБ-ын ерөнхий ассамблейгээс гуравдугаар сарын 21-ныг Олон улсын Наурызын баяр болгох шийдвэр гаргасан гээд казах түмэнд давхар баяр тохиож байгаа.

-Ерөнхийлөгч шагналын бодлогыг цогцоор нь өөрчилнө гэж мэдэгдээд байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шагналын тогтолцоо нь цаг үеэсээ хоцорсон, хэлбэр, агуулгын хувьд ч учир дутагдалтай байгаа тул илүү боловсронгуй болгох үүднээс төслийн уралдаан зарлахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Тун удахгүй дээрх уралдааныг зарлах бөгөөд уралдаанд ирсэн боломжтой хувилбаруудыг сонгож Ерөнхийлөгчид танилцуулна. Үүний дараа Иргэний танхимаар хэлэлцүүлэх буюу хууль эрхзүйн орчинг бүрдүүлж ажиллахаар төлөвлөсөн .     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж