Пак Чи Соны гоол “МанЮ”-д ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Пак Чи Соны гоол “МанЮ”-д ялалт авчирлаа

Өнгөрсөн шөнө Английн хөлбөмбөгийн ногоон талбайд Премьер лигийн 30-р тойргийн зарим тоглолтууд болж өнгөрлөө. Олны анхаарлын төвд байсан лигийн хүчтэй өрсөлдөгчид болох “Манчестер Юнайтед” болон “Ливерпуль” нарын тоглолт Олд Траффорд цэнгэлдэхэд болж, 2:1 харьцаатай эзэн багийн ялалтаар өндөрлөсөн. Испанийн шигшээ багийн довтлогч “Алтан жаал” Фернандо Торрес тоглолтын тав дахь минутад тооны харьцааг нээж, Олд Траффордод цугласан 75 мянга гаруй хөгжөөн дэмжигчдийг “шок”-нд оруулсан. Гэвч удалгүй тоглолтын 12 дахь минутад Уейн Рүүни торгуулийн цохилт гүйцэтгэж, тооны харьцааг тэнцүүлсэн юм. Хэдийгээр Рүүнигийн хүчтэй цохилтыг “Ливерпуль”-ийн туршлагатай хаалгач Пепе Рейна хаасан боловч буцаж ирсэн бөмбөгийг Рүүни дахин өшиглөж, чулуу болгож чаджээ. Харин тоглолтын хоёрдугаар хагаст 60 дахь минутад Өмнөд Солонгосын тоглогч Пак багийн анд Флечтерийн хөндлөн дамжуулалтыг хүлээн авч, ялалтын гоолыг оруулсан байна. Ийнхүү талбайдаа “Ливерпуль”-ийг буулган авч, ээлжит гурван оноогоо авснаар Сэр Алексийн хөвгүүд 31 тойргийн тоглолтын дараах байдлаар 69 оноотой Премьер лигийг тэргүүлж эхэллээ. Харин “Арсенал” 67 оноотой удаалж байна.
Премьер лигийн хүснэгтийн гуравт бичигдээд буй Лондонгийн “Челси” өнгөрсөн шөнө “Блэкберн”-ий талбайд зочилж, эвийн гэрээ байгуулснаар нэг оноотой буцжээ. Тэд тэргүүлэгчдээс дөрвөн оноогоор дутуу боловч нэг тоглолт дутуу байгаа. Өнгөрсөн долоо хоногт Стэмфорд Бриж цэнгэлдэхдээ экс-дасгалжуулагч Моуриньогийн удирдаж буй “Интер Милан”-д хожигдож, Аваргуудын лигээс мултарсан “Цэнхрүүд”-ийн хувьд дээрх тэнцээний нэг оноо чухал үед чамлахаар амжилт юм.
Мөн өнгөрсөн шөнө “Манчестер Сити” 2:1 харьцаагаар “Фулхэм”-ийг Крейвн Коттиж цэнгэлдэхэд нь буулган авснаар 53 оноотой болж, хүснэгтийн тавдугаарт бичигдээд байна.
Өчигдөр болсон тоглолтын дүн:
“Манчестер Юнайтед” 2:1 “Ливерпуль”
“Фулхэм” 1:2 “Манчестер Сити”
“Блэкберн” 1:1 “Челси”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж