“British Airways”-ын Удирдах зөвлөлийг хэлэлцээрт урив

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

“British Airways”-ын Удирдах зөвлөлийг хэлэлцээрт урив

Компанийн удирдлагууд болон нисэх багын ажилтнуудын хоорондын асуудал хурцадсантай холбоотойгоор ‘British Airways’ /BA/ компанийн ажилчдын ‘Unite’ үйлдвэрчний эвлэл ‘British Airways’ компанийн Удирдах зөвлөлийг хэлэлцээрийн ширээний ард суухийг уриаллаа.
Хамтарсан нарийн бичгийн дарга Tony Woodley ‘BA’ компанийн удирдлагыг “Үүргээ хүлээн авч, нухацтай хэлэлцээр хийх хэрэгтэй байна” гэж уриалсан байна.
Ийнхүү хэлэлцээр хийж чадвал энэ долоо хоногт хийхээр төлөвлөөд байгаа ажил хаялтуудаас сэргийлэх боломжтой юм. Нисэх багийн ажилтнууд гурав хоног ажил хаяхаар төлөвлөсөн нь одоо дуусах гэж байгаа. Үүний дараа гуравдугаар сарын 27-ноос дахин гурав хоног ажил хаяхаар төлөвлөөд байгаа юм байна.

Ноён Woodley ерөнхий гүйцэтгэх захирал Willie Walsh-ын “хүчээр далайлгасан” удирдлагын арга барилыг шүүмжлээд, асуудлыг шийдвэрлэхийн тулд нисэх компанийн дарга Martin Broughton болон бусад “мэдрэмжтэй” захирлуудыг асуудал зохицуулахад оролцохыг урьсан байна.

Гэвч сурвалжлагчдын ажиглаж байгаагаар, “BA”-ын Удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагынхаа байр суурийг дэмжиж байх магадлалтай тул “Юнайт” эвлэлийн дээрх шаардлага үр дүнгүй болж магадгүй байна.

Ажил хаялт Лондонгийн цагаар өнгөрсөн бямба гаригт эхэлсэн бөгөөд ажилчдын “Юнайт” эвлэл “BA”-ын удирдлагуудыг “ажилтнуудаа заналхийлж сүрдүүлдэг” гэсэн бол компанийн удирдлагууд үүнийг эсэргүүцэж байгаа юм.

Ажил хаялт хоёр дахь өдрөө үргэлжилж байхад, талууд ажил хаялт хэр үр дүнтэй болж байгаа талаар санал зөрөлдөөнтэй байв. “Юнайт” үйлдвэрчний эвлэлийн мэдэгдсэнээр 1100 нисэхийн ажилтнаас зөвхөн ес нь ням гаригт ‘Heathrow’ нисэх буудал дээр ажилдаа очсон бөгөөд буудлаас хөөрсөн ихэнх онгоцуудад багийн гишүүд суугаагүй гэж мэдэгдсэн байна. ‘Heathrow’ нисэх буудлын ‘British Airways’-ын байрладаг 5-р Терминал яг л “сүнсний хот шиг” байсан, компанийн нислэг үргэлжлүүлэх гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэж үйлдвэрчний эвлэл мэдээлсэн байна. Мөн “шударга бус асуудлуудыг илчилж ярьсных нь төлөө” үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг ажлаас нь түдгэлзлүүлсэн гэж үйлдвэрчний эвлэлээс мэдээллээ.

Харин компанийн удирдлагууд ‘Heathrow’ нисэх буудал дээр ажилладаг нисэх багуудын ажилтнуудын 55 хувь нь, ‘Gatwick’ дээрх багуудын 97 хувь нь ажилдаа ирсэн. Ням гаригт зорчигчдын 60 хувийг нь нисгэсэн гэж мэдэгдсэн байна. Мөн ‘YouTube’-д тавьсан мэдээндээ ноён Вэлш ням гаригт тавдугаар терминал дээрх байдал “маш нааштай”, “эерэг” байна гэж ярьсан.

‘British Airways’ компани ‘Unite’ үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээр хийгээд олон сар болж байгаа. Цалингаа хасуулаагүй, тэтгэлэг нь буураагүй компанийн удирдлагууд ажилтнууддаа “Дээрээс өгсөн шийдийг дага, удирдлагууд зөв шийд гаргасан” гэж шахалт үзүүлж байгаа.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “BA”-ын удирдлагууд 2010 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд цалин нэмэхгүй гэж мэдэгдсэн нь ажилтнуудын дургүйцлийг төрүүлсэн. Мөн шинээр ажилд орж байгаа ажилтнуудтай илүү бага цалингаар гэрээ байгуулж эхэлсэн байна. “BA” компани зардлаа танах хэрэгтэй гэдгийг ‘Юнайт’ үйлдвэрчний эвлэл ойлгож байгаа ч гэсэн танаж байгаа арга барилыг нь дэмжихгүй байна гэж мэдэгдэж байгаа юм байна. Өнгөрсөн есөн сарын хугацаанд ‘Brititsh Airways’-ын татварын өмнөх орлого 342 сая паундаар буурсан бөгөөд дампуурахгүйн тулд зардлаа танах болно гэж 2009 оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байсан байна.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж