Дэд бүтцийн төслүүд ба уул уурхайн салбарт ажиллагсдад зориулсан төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Дэд бүтцийн төслүүд ба уул уурхайн салбарт ажиллагсдад зориулсан төсөл хэрэгжүүлнэ

Азийн хөгжлийн банкны дэд бүтцийн төслүүд ба уул уурхайн салбарт ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Монгол Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2009-2012 оны хооронд хэрэгжүүлэх ба уг төслийг удирдах үндэсний хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд ажиллаж байгаа ба ЗТБХБЯ, Автозамын газар, Төмөр замын газар, ЭБЭХЯ, Оюу толгой төсөл, Ухаа худгийн нүүрсний орд газар, МАОЭНХ, Үйлдвэрчний эвлэл болон Ховд, Дорноговь, Өмнөговь аймгийн салбар зөвлөлүүд хамтран ажиллаж байгаа аж.

Монгол Улсын  нутаг дэвсгэрийн баруун, зүүн бүсээр хоёр улсын хил хүртэлх хатуу хучилтай авто зам тавих төсөл хэрэгжүүлэхээр болсон бөгөөд зүүн бүсийн хувьд Чойр-Сайншанд-Замын-Үүд хүртэл 432 км зам тавих ба Сэлэнгэ-Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд гэсэн чиглэлтэй байх бол баруун бүсийн хувьд Булган-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлээр 784 км зам тавих болсон аж. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оутолгой ХК, Цогтцэций сумын Ухаа худаг нүүрсний орд газарт бүтээн байгуулалт өрнөхтэй холбоотойгоор энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Автозамын бүтээн байгуулалт болон уул уурхайн салбартай холбоотойгоор  тухайн орон нутгийн хүн ам, шилжин суурьшигчид, уул уурхайн болон зам барилгын ажилчид, авто болон төмөр замаар зорчигчид зэрэг явуулын хүн амын дунд  гарч болох олон эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан тооцоолж,  хүний дархлал хомсдолын вирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилготой аж. Учир нь авто зам болон уул уурхайн салбарт ажиллагсадын цалин мөнгөтэй холбоотойгоор зам дагасан зочид буудал, дэлгүүр, ТҮЦ, хоолны газар зэрэг газрууд нэмэгдддэг. Түүнчлэн гэр орноосоо удаан хугацаагаар хол байх тул эрсдэлт зан үйлд өртөх магадлал өндөртэй байдаг аж.
Иймд тухайн орон нутгийн иргэд болон  уул уурхайн болон зам барилгын ажилчидад зориулан БЗДХ/ХДХВ/ДОХ болон хүний наймаа, хар тамхи мансууруулах бодисоос сэргийлэх талаарх зөв мэдлэг, мэдээлэл олгох, гарын авлага, зурагт хуудас тараах, сургалт явуулах аж. Түүнчлэн сайн дурын зөвөлгөө шинжилгээний төвийг байгуулж, мэдээлэл, зөвлөгөө, шинжилгээ өгөх, эмчлүүлэх зэрэг тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгохоос гадна бэлгэвчийн нийгмийн маркетингийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг эхэлсэн байна.
Төслийн үр дүнд орон нутгийн иргэд ба зам, уул уурхайн ажиллагсадын эрсдэлт зан үйлийн талаарх мэдлэг мэдээлэл 50 хувиар өснө гэж тооцоолж байгаа аж.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж