Д.Дэмбэрэл: Хүүхдийн мөнгө олгохоо зогсоосон нь эртэдсэн алхам болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл: Хүүхдийн мөнгө олгохоо зогсоосон нь эртэдсэн алхам болжээ

Д.Дэмбэрэл: Хүүхдийн мөнгө олгохоо зогсоосон нь эртэдсэн алхам болжээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл амралтын өдрүүдэд Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт ажилласан юм. Иргэдтэй хийсэн уулзалтынхаа дараа тэрбээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Дүүргүүдээр явахад анхаарууштай юу ажиглагдсан бэ?
-Би хоёр өдөр Чингэлтэй, Баянзүрх гэсэн нийслэлийн  томоохон дүүргүүдэд ажиллалаа. Ингэж ажиллахдаа тодорхой зорилт тавьсан. Шийдэх асуудал байна уу гээд хуучин шиг  хотын дарга, яам, газрын сайд, дарга нарыг дагуулаад явахыг бодсонгүй. Энэ удаа анхан шатанд буюу нийслэлийн хороод яаж ажиллаж байгаатай танилцах зорилго тавьсан. Хоёрдугаарт, ард иргэдийн амьжиргаа ямар байна, нийгмийн зүгээс сүүлийн үед ихээхэн шаардлага тавиад байгаа асуудлуудтай газар дээр нь танилцах зорилго тавьсан. Олон айлаар орж, хороодын ажилтай танилцлаа. Цаашдаа анхаарууштай хэд хэдэн дүгнэлт гарч байна. Юуны өмнө засаг захиргааны нэгжийн ажиллагааны хувьд хороод ажиллаж байна. Гэхдээ орон нутгийн засаг захиргааны нутаг, дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага зайлшгүй гарч байгаа юм байна.  Өнөөдөр есөөс  арван мянган хүн амтай хороод байна. Дүүрэг гэхэд 100-200 мянган хүнтэй, гэтэл засаг захиргааны нэгжийн хуулиудаар олгосон  эрхийн хүрээнд хороод, дүүргийн Засаг дарга нарын эрх үүрэг нь хуучин  хуульчилсан тэр түвшинд ажиллаад амжилт гаргах боломжгүй байна гэж дүгнэхээр байна. Жишээлбэл, хорооны Засаг дарга ямар ч эрх мэдэл байхгүй, зөвхөн гүйцэтгэгчийн эрх мэдэлтэй. Хуульчлахдаа хороо бол гүйцэтгэх байгууллага, дүүргийн дараа  ард түмэнд үйлчилж байдаг байгууллага гэдэг утгаар авч үздэг байсан. Гэтэл өнөөдөр хороодын байдлыг аваад үзэхэд  хороон дээр өөрсдийнхөө хэмжээнд шийдчих асуудлуудыг шийдэх санхүүгийн болон бусад эрх мэдэл байхгүй байгаа нь ийм дүгнэлтэд хүргэж байна. Бас нэг дүгнэлт хийж байгаа зүйл нь хууль яагаад хэрэгжихгүй байна гэдэг асуулт. Жишээлбэл, ямар  нэг хуулийн талаар асуухад  тодорхой салбар чиглэлийн  хуулийг  хэлж байгаа. Хамгийн гол нь хууль хэрэгжихгүй байгааг шударга ёстой их холбож байх шиг байна. Ялангуяа шүүх, поркурор, цагдаагийн байгууллагатай холбогдон гарсан хууль хэрэгжихдээ шударга бус байдлаар ханддаг, шийдвэр буруу гарснаас гомдож байгаа хүн их байдаг юм байна. Тэрнээс ямар дүгнэлт гардаг вэ гэхээр “ерөөсөө энэ хууль хэрэгждэггүй юм байна, шударга биш, гаргасан шийдвэр  нүдээ олохгүй  байна . Мөнгөтэй хүнд тал зассан байдлаар  шийдвэрүүд нь гараад явж байгаа болохоор хууль хэрэгжихгүй байна ” гэсэн хандлага нэлээд ажиглагдаж байна. Яг одоо энэ хууль хэрэгжихгүй байна гэж нэрлэхгүй ч гэлээ ярьж байгаа зүйлээс илэрхий харагдаж байна.
-Жирийн иргэдийн амьдрал ямар байгааг та анзаарав уу?
-Иргэдийн амьдрал янз янз, эрээнтэй бараантай  байна. Гэхдээ бараантай байдал нь нэлээд нэмэгдэх хандлагатай болжээ. Жишээлбэл, айлуудаар ороод сонсч байхад “ хөдөлмөрөөрөө ингээд амьдрахад болж  байна” гэж байгаа айл өрх байна. Тэр бол зүйтэй. Хувь хүн өөрөө би хөдөлмөрөөрөө амьдрах ёстой гэдгээ ухамсарлачихсан, түүнийгээ амьдрал дээрээ хэрэгжүүлж чаддаг. Ийм иргэдийн тухайд баярлууштай. Ийм иргэдийн жишээ туршлагыг нийтэд хүртээж байх нь зайлшгүй юм. Хоёрдох хэсэг айл бол  өнөөдөртөө л болгож байна, ер нь хэцүү юмаа гэж байна. Тийм айл маш олон байна. Яахав та бүхэнд гомдоод яриад байх юм алга, засаг төрд юу гэхэв. Гэхдээ л ер нь өдрөө нэг юм болгож байна гэж байна. Гурав дахь хэсэг буюу зонхилох хэсгийг эзэлж магадгүй байгаа айлууд бол “ерөөсөө ийм байдлаар амьдрахад хүнд байна. Надад  ажил ч алга, амьдрал ч алга, хүүхэд сургууль, соёл гээд маш их бэрхшээл байна. Өдөр хоногийг арайхийн өнгөрөөж байна, хүнд байна гэж байгаа айлууд харьцангуй их байна. Энэ бол сэтгэл зовоохоор байдалтай байгаа юм.
Нийслэлийн хувьд  газрын асуудал төвөгтэй байдалд  байна. Зарим айл буух боломжгүй тийм газарт гэрээ барьсан. элдэв ус суваг дээр баригдсан байх жишээтэй. “Өлзийт хороололд намайг оч гэж байгаа. Гэтэл  сургуулийн өдий төдий хүүхэдтэй, дээд сургуулийн оюутнуудтай тийшээ яаж нүүж очих юм бэ” гэдэг асуудал тавьж байгаа. Энэ нь нийслэлийн газар төлөвлөлт, олголтын асуудал ямар төлөвлөгөөгүй явж ирсэнтэй холбоотой. Тийм учраас айлууд хаана буух нь эмх цэгцгүй болсон. Өнөөдөр хотын утаа униар, агаарын бохирдлын талаар их ярьдаг. Тэгвэл газрын асуудал маш бэрхшээлтэй болжээ. Цаашид эдгээр томоохон бэрхшээлтэй байдлаас яаж гарах вэ гэдэг  анхаарал татаж байна.
-Хүүхдийн мөнгөний асуудлыг цөөнгүй иргэн тавьж байсан. Үүнд ямар хариу хэлэх вэ?
-Хүүхдийн мөнгөний талаар нэлээд яригдаж байсан. УИХ-аар өнгөрсөн өвөл Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталж, иргэн бүртээ хишиг хүртээхээр болж, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас олгож байсан хүүхдийн мөнгийг зогсоосон. Гэвч санхүү эдийн засгийн хямралтай энэ үед хүүхдийн мөнгө олгохыг зогсоосон нь түргэдсэн алхам болжээ. Хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулдаг олон өрх байдаг талаар иргэд ярьж байна. Тэдний хувьд сар тутам 3000, улирал бүр 25 мянган төгрөг авах нь амьдралд нь нэмэр болдог тухай иргэд хэлж  байсан. Иймээс ойрын үед хүүхдийн мөнгийг эргэн харж, Засгийн газартай дээрх асуудлуудыг ярилцан шийдвэрлүүлэх арга хэмжээ авах бодолтой байна. Бас ахмадуудтай уулзсан. Ахмадуудын тэтгэврийг нэмэх нь гарцаагүй байгааг  ойлгож байна. 2007 оны сүүлээр тэтгэвэр нэмсэн. Харин 2008, 2009 онд санхүүгийн хямралаас болоод тэтгэврийг нэмж чадаагүй. Одоо  нэмэх шаардлагатай болжээ.
Д.ОЮУН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж