Цус холилдсон тосон будаг

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Цус холилдсон тосон будаг


Саяхан Вена хотод нэгэн дуулиан
болжээ. Нэлээд “томоотой”-д тооцогддог Леопольдийн музей “Европын
хамгийн дуулиантай зураач Эгон Шилегийн уран бүтээлийн үзэсгэлэнд ирсэн
хүмүүс есөн евро хэмнэх боломжтой” гэж зарлав. Харин яаж хэмнэлт хийх
ёстой юм бол? Гол нь үзэсгэлэнд нүцгэн ирсэн хүмүүсээс тасалбарны мөнгө
авахгүй гэжээ.

Лавлах

Эгон Шиле 1890 онд Австри-Унгарын төмөр замын боомтын харуулын гэрт
төржээ. Тэрээр 1906 онд Венийн уран зургийн академийн гишүүн болсон
байна. Эгон 1915 онд Эдит Хармс гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн ч харамсалтай
хайртай эхнэр нь ердөө гуравхан жилийн дараа хэвлийдээ зургаан сартай
хүүхдээ тээж байгаад томуу өвчний улмаас нас барсан байна. Түүнээс
гуравхан хоногийн дараа Шиле мөн “Испанийн” гэх тодотголтой аймшигт
томуу өвчнөөр өөд болов. 2000 онд Шилегийн зургуудын үнэ жинхэнэ
“галзуурч” байлаа. “Крумлау хотын зураглал” нь 21 сая, “Гандсан наран
цэцэг” нь 22 сая доллараар тус тус зарагджээ. Түүний амьдралын тухай
“Эгон Шиле-Амьдрал гэх хором” нэртэй кино хүртэл хийгдсэн юм.

Суут тачаангуйлал

Аз болоход тэр өдөр дулаахан байлаа. Бүр халуун ч гэж хэлж болохоор
байв. Леопольдийн музейн хувцасны өлгүүрчид ачаалал ихтэй ажиллалаа.
Уран зургийн хорхойтнууд бүх хувцсаа тайлан өлгүүлж дугаар аваад музейд
үнэгүй орцгоож байв. Нүцгэн хүмүүс дэндүү гэмээр олон байсан нь
хувцастай хүмүүсийг эвгүй байдалд оруулж байсан гээд бод доо. Уул нь хэн
хэнээсээ эвгүйцэж ичих ёстой билээ дээ. Гэтэл тэнд бүгд эсрэгээрээ
байв. Хүмүүсийг нүцгэлж дөнгөсөн тэр Эгон Шиле гэгч хэн байв?
…Чехийн Крумлау гэх жуулчдын хөлд дарагдсан жижиг хотод ганц бие пани
Маруша чимээгүйхэн нууцлаг амьдарна. Хөршүүд нь хүртэл түүнийг Европын
хамгийн дуулиантай зураачийн зээ үеэл гэдгийг мэдэхгүй. Шилегийн үр
удмаас одоо амьд сэрүүн байгаа цөөхөн хүний нэг пани Маруша
сэтгүүлчидтэй уулзах тун дургүй. Гэвч тэр ятгалганд оржээ.

-Би Эгоны уран бүтээлийг шүтэн бишрэгч биш. Түүний олон бүтээл дуудлага
худалдаагаар 20 гаруй сая доллараар зарагддаг ч гэсэн зургууд нь миний
дургүйг хүргэдэг гэж пани яриагаа эхлэв.

-Алдартай өвөөгөөс чинь танд үлдсэн зүйл бий юу?

-Зураг байхгүй. Үнэн шүү. Дайны дараа тэр зургуудыг эмээгээс маань
хямдхан үнээр худалдаад авцгаасан юм.

-Эд зүйл, захидал ч юм уу байхгүй юу?

-Үлдсэн байлаа ч би түүнд нь сүйд болохгүй. Өвөөд дургүй гэж би хэлээ
биз дээ?

-Пани Маруша, яагаад өвөөдөө тийм дургүй болчихсон юм бэ?

-Тэр өөрийн төрсөн дүүгээ, өөрөөр хэлбэл миний эмээ Гертрудагийн
амьдралыг бусниулсан. Эгон түүнээс таван насаар ах байсан юм. Түүнийг
бараг л таван настайгаас нь уруу татаад эхэлсэн хүн. Түүний хамгийн
балиар зургууд нь хөлөө алцайлгаж, эрхтнээ ил гаргасан ичгүүргүй
эмэгтэйчүүд. Тэр нь тэгээд миний эмээ Гертруда шүү дээ. Дүү охиноо тэгж
ашиглах ямар хэрэг байсан юм бол оо?

-Бүх хамаатан садан чинь Эгон Шилег тань шиг үзэн яддаг уу?

-Эмээ, ээж хоёр энэ талаар ярихаас зайлсхийдэг байсан. Одоо түүний
зургуудыг харахад ичмээр ш дээ. Одоо ингэж муухай харагдаж байгаа юм
чинь ХХ зууны эхээр ямаршуухан байсан нь ойлгомжтой. Түүний ёс зүйгүй
байдал нь ийм л байна.

-Суутан чинь цаг үеэсээ түрүүлдэг шүү дээ. Тэгж л онцгойрдог биш
билүү?

-Суутан гэнэ ээ?! Энэ бол зүгээр л тачаал, завхайрал бас бусдын
сэтгэлийг үл ойшоосон хэрэг!

Гинекологийн гар зургууд

Нэг зүйл дээр Пани Марушагийн зөв. Эгон Шилегийн зургуудад эмэгтэй хүний
хөх, үтрээ, үсэрхэг умдаг, бэлэг эрхтний том жижиг уруулууд ихэнхдээ
сэрэлд орсон байдалтай дүрслэгдсэн байдаг. Түүнчлэн тэр уламжлалт
сексээс гадна бэлгийн өөр чиг хандлага болон гар хангалгыг зурдаг байв.
Тийм сэдвээр олныг гайхшралд оруулах нь юу л бол. Эртний Грекийн эротик
домгууд болон Камасутрад сексийн байрлал, техникийг харуулсан бол Шиле
өөрийн зургууддаа дур тачаал, таашаал, хүсэл, хүлээлтийг үзүүлж байжээ.
Сонирхолгүй, эмзэг, бяцхан хүүхэд гэмээр энэ зураачийн уран бүтээл, аж
амьдралд нь ямар ч хорио гэж байсангүй.

…Цагдаагийнхан түүний гэрээс эмэгтэй хүүхдийн бэлгийн боловсролын үеийг
дүрсэлсэн хэдэн арван гар зураг олсны дараа Шилегийн ээж сүсэг бишрэл
ихтэй пани Мария хүүгээ тайвшруулах гэж нэлээд хүчин чармайлт гаргасан
гэдэг. Цагдаагийнхан тэр зургуудыг натураас зурсан гэдгийг мэдсэн
байлаа. Зураач бага насны охидыг уруу татсан гэдгийг тэд баталж чадаагүй
ч харин түүнийг порно зураг тараасан гэх хэргээр 24 цаг хориод авчээ.
Хүмүүст гомдсон Шиле Вена хот руу нүүн явж, тэнд танил эмч нарынхаа
тусламжтайгаар эмэгтэйчүүдийн эмнэлэгт зураг зурж байлаа. Гэхдээ түүний
гол загвар дүү охин нь байжээ. Эгон дүүдээ ахын сэтгэлээс өөрөөр ханддаг
болсон байсан аж.

Шиле дүү рүүгээ дөхөж ирээд гараас нь хөтлөн өөр өрөөнд оруулахад
Гертруда тоглож байсан хүүхэлдэйгээ орхиод л дагаад явна. Тэгээд хаалгаа
түгжээд ах, дүү хоёр том болоод нуудаг зүйлээ бие биендээ үзүүлнэ. Эцэг
нь ийм байдал болоод байгааг гадарлаад тэдний өрөө рүү очиход дандаа
хаалгаа түгжсэн байдаг байж. Нэг удаа тэр уурласандаа хаалгыг нь эвдэн
ороход айж сандарсан хүүхдүүд хувцсаа ч өмсөж чадаагүй баригдсан гэдэг.
Удалгүй эцэг нь нас барж Эгон дүүгээ Вена хот руу дагуулж явахад хэн ч
саад болсонгүй. Герти ахынхаа амрагуудын нэг болсноор барахгүй, түүний
хамгийн дуулиантай зургуудын загвар болсон билээ. Гертруда залуу зураач
Антон Пешкад сэтгэл алдарсан ч Эгон тэднийг нийлэхэд нь удаан хугацаанд
саад хийж байлаа. Эцэст нь Гертруда хайртай хүнтэйгээ гэрлэжээ. Ахыгаа
нас бараад түүний уран бүтээл олон арван жилээр мартагдсан хойно л пани
Гертруда дуулиантай өнгөрсөн бага залуу насаа мартаж, тайвширсан гэдэг.
Нам тайван хөрөнгөтөн эмэгтэй шиг амьдарч болох л байлаа. Гэвч 1960-аад
онд Эгон Шилегийн уран бүтээл сэргэн мандав. Тэр Европын хамгийн
дуулиантай зураач болов. Сэтгүүлчид алдартай зураачийн хамаатан садныг
эрж хайгаад Гертрудаг олоод авчээ. Гэхдээ тэр цорын ганц удаа л
ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. “Та ахынхаа зурагт дүрслэгдсэнээр гар
хангалга хийж байгаагаа хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?” гэсэн эхний
асуултыг сонсоод л тэр эмэгтэй бүх насаараа хэвлэлийнхэнтэй дахин
харьцахаа больжээ. 

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж