Цахилгаан хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Цахилгаан хязгаарлана

Өнгөрсөн сарын сүүлчээр Даланзадгад хотын дулааны станцад гэмтэл гарч, дулааны шугамуудаа хөлдөөж байсан ч энэ байдал дахиад давтагдлаа. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцад гэмтэл энэ сарын 19-ний 21:00 цагийн үед гэмтэл гарч, засварлах ажил үргэлжилж байна. Засварын ажил хэдий хугацаанд үргэлжилэх талаар тус дулааны цахилгаан станцын дарга н.Тулгаас тодрууллаа.

-Дулааны цахилгаан станцад ямар шалтгаанаар гэмтэл гарчихаад байгаа вэ?

-Станц уг нь хэвийн горимоор ажиллахад хоёр генератор, хоёр турбинаар ажиллах хүчин чадалтай байдаг. Энэ сарын 21-нд цахилгаан гаргагч нэг генераторт гэмтэл гарснаар засварын ажил хийгдэж, цахилгааны хязгаарлалт хийж байгаа. Өнөөдрийн байдлаар хоёрдугаар турбиныг ажилд оруулан нэгдүгээр зуухаа галлаж аймгийн Нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны байруудад халаалт өгч эхэлсэн боловч 12, 16, 21 тоот орон сууцны оршин суугчид халаалтгүй хэвээр байгаа. Учир нь тухайн байрнуудын дулааны шугамын хөлдсөн хэсгийг гэсгээх ажлыг Даланзадгад сумын Дулааны цахилгаан станц мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн албан хаагчид өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байна.

-Ачаалал бага буюу дулааны цагт засвар шинэчлэлтийн ажил хийгээгүйгээс болж ойр ойрхон гэмтэл гараад байна гэж хэлж болох уу?

-Биднээс шалтгаалах засвар шинэчлэлтийн ажлыг цаг тухайд хийж байсан. Харин генератор гэдэг бол цахилгаан гаргах эх үүсвэр. Тухайн генераторын насжилт энэ онд гүйцэж, баталгаат хугацаа нь дуусч байгаа болохоор үйлдвэрлэгчдээс шалтгаалах гэмтэл ужгирсан гэж хэлж болно. Манайд ашиглаж байгаа генератор нь Япон улсад үйлдвэрлэсэн байдаг. Манай улсад засварлах боломжгүй учраас хэд хэдэн үйлдвэрлэгчдэд санал тавьснаар Хятад улс руу явуулж засварлуулахаар болчихоод байна.

-Генераторыг засварлаж, суурилуулахад ойролцоогоор хичнээн хугацаа шаардлагатай байгаа вэ?

-Сар гаруй хугацаанд үргэлжилэх байх.

-Тэр болтол цахилгааны хязгаарлалт хэвээр байх уу?

-Тэгнэ. Гэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдэд цахилгаан дулаан тогтмол өгөх бөгөөд сумдын гэрэл цахилгааныг тодорхой хэмжээгээр хязгаарласан хэвээр байх юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж