Надаль хагас шигшээд өрсөлдөх эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

Надаль хагас шигшээд өрсөлдөх эрхээ авлаа

Дэлхийд чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгдсэн Испанийн талбайн теннисчин Рафаэль Надаль Индиан-Уэллст зохиогдож буй “Masters 1000” тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр шөвгийн наймд Чехийн теннисчин Томас Бердыктэй ширүүхэн өрсөлдөж, хоёр цаг гаруй тулалдсаны эцэст 6-4; 7-6; 7-6 харьцаагаар ялалт байгуулсан байна. Хагас шигшээд Надаль Сербийн тамирчин Иван Любичичтэй өрсөлдөх бөгөөд Любичич Аргентиний Хуан Монаког ялснаар шөвгийн дөрөвт шалгарсан юм.

Надаль хатуу хучилттай талбайд Бердыктэй хийсэн сүүлийн таван тоглолтдоо бүгдэд нь ялагдаад байсан боловч энэ удаад ялалт байгуулсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, “Үнэхээр сайхан тоглолт боллоо. Би маш сайн тоглосон, ялангуяа эхний үед. Тоглолтын эхэн үед үнэхээр итгэмээргүй төвшинд тоглож байсан ч удалгүй салхи бага зэрэг ширүүсч, тоглолт хүндэрч эхэлсэн. Гэхдээ бид хоёр тоглолтоо үргэлжлүүлээд л байсан. Миний хувьд сайн мэдээ гэвэл би хагас шигшээд шалгарлаа” хэмээн ярьжээ.

Харин тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Елена Янкович 6-4; 6-4 харьцаагаар ОХУ-ын Алиса Клейбановаг буулган авснаар шөвгийн дөрөвт шалгарсан бөгөөд дараагийн тоглолтоо Австралийн Саманта Стосурын эсрэг хийх юм. Стосурын тухайд шөвгийн наймд Испанийн Мария Хосе Мартинез Санчезтай тоглож, 6-3; 7-6 харьцаатай хожсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болжээ.

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж