Надаль хатуу хучилттай талбайд Бердыктэй хийсэн сүүлийн таван тоглолтдоо бүгдэд нь ялагдаад байсан боловч энэ удаад ялалт байгуулсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, “Үнэхээр сайхан тоглолт боллоо. Би маш сайн тоглосон, ялангуяа эхний үед. Тоглолтын эхэн үед үнэхээр итгэмээргүй төвшинд тоглож байсан ч удалгүй салхи бага зэрэг ширүүсч, тоглолт хүндэрч эхэлсэн. Гэхдээ бид хоёр тоглолтоо үргэлжлүүлээд л байсан. Миний хувьд сайн мэдээ гэвэл би хагас шигшээд шалгарлаа” хэмээн ярьжээ.
Харин тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Елена Янкович 6-4; 6-4 харьцаагаар ОХУ-ын Алиса Клейбановаг буулган авснаар шөвгийн дөрөвт шалгарсан бөгөөд дараагийн тоглолтоо Австралийн Саманта Стосурын эсрэг хийх юм. Стосурын тухайд шөвгийн наймд Испанийн Мария Хосе Мартинез Санчезтай тоглож, 6-3; 7-6 харьцаатай хожсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болжээ.
С.Шүр