Ардчилсан нам шинэчлэгдэнэ гэв үү?

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам шинэчлэгдэнэ гэв үү?

 Хавар
болж ханш нээхтэй зэрэгцэн Монголын улс төрд бий болдог ээлжит
бужигнаан эхэллээ. Оны эхэнд Ардчилсан намаас анхлан эхлүүлсэн “Анхан
шатаа сонсох аян” МАХН-д “Нийгмийн ардчиллын яан” нэрээр үргэлжилж,
хоёр нам хэрхэн шинэчлэгдэж байгаа тухайгаа ам уралдан ярих болов.
МАХН-ын дэргэдэх МАСЗХ, МАСОХ зэрэг олон нийтийн байгууллагуудыг
нэгтгсэн Зүүний хүчний холбоог өнгөрсөн жил намын ерөнхий нарийн
бичгийн дарга У.Хүрэлсүх байгуулсан бол энэ жил Ардчилсан нам доторх
“Алтангадас”-аас бусад бүх бүлэг фракциудыг нэгтгэсэн Ардчилсан хүчний
холбоо гэгчийг тус намын нөлөө бүхий эрхмүүд байгууллаа. Ардчилсан
хүчний холбоо анхдугаар их хурлаа хийсэн тэр цаг үетэй давхцан
Ардчилсан намын аймаг, дүүргийн дотоод сонгууль болж, анхан шатныхаа
үүр хороодыг цус сэлбэв. Энэ үеэр Хан-Уул, Баянзүрх дүүрэг, Дархан-Уул
аймгийн Ардчилсан намууд хоёр тусдаа хуралдан хоёр зэрэг нам байгуулаад
байгаа сураг бий. Энэ асуудал намын Үндсэн дүрмийн хороогоор удахгүй
хэлэлцэгдэх биз. Мөн намаа ихэрлүүлж будилаан тариагүй бусад аймаг,
дүүргийн намаар ч гэсэн сонин хачин ихтэй байна. Энэ долоо хоногт
тэдний зарим нь намын хороонд шинээр сонгогдсон гишүүдээ батламжилж,
намын эрх барих дээд байгууллага болох ҮЗХ-нд нэр дэвшигчээ тодруулж
эхэллээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Ардчилсан намаас “Цагаан шонхор
холдинг”-ийн ерөнхийлөгч Ч.Энхтайванг Ардчилсан намын гүйцэтгэх
зөвлөлийн гишүүнээр сонгожээ. Гүйцэтгэх зөвлөл гэдэ нь ҮЗХ-гоо бодвол
цомхон бүтэцтэй, МАХН-ынхаар бол удирдах зөвлөл нь. Урьд нь Хэнтийн
Ардчилсан намын дарга, “Монроуд” компанийн захирал Б.Гарамгайбаатар
Гүйцэтгэх зөвлөлд байсан бөгөөд энэ удаа гадаадад яваад намын хорооны
хуралдаа ооролцож чадаагүй тул нэрээ татжээ.

Мөн
өнгөрсөн пүрэв гаригт хуралдсан Баянгол дүүргийн Ардчилсан намын
хорооны хурлаас Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Эрдэнэбат, Иргэний хөдөлгөөний О.Магнай нарыг ҮЗХ-ны гишүүнээр
сонгож, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг тойргоос нь шахаж гаргалаа. О.Магнай
үүнээс хэдхэн хоногийн өмнө Сонгинохойрхон дүүргийн Ардчилсан намын
хорооны сонгуульд оролцоод ялагдсан бол, генсек Д.Эрдэнэбатын хувьд
Багануур дүүргийн Ардчилсан намаас ҮЗХ-д сонгуультай байсан. Нийслэлийн
Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тухайд Х.Тэмүүжин гишүүнийг Баянголын
тойргоос шахах сонирхлоо удаа дараа илэрхийлж байсан, Баянгол дүүргийн
Ардчилсан нам дан ганц С.Эрдэнийн ах дүү, хамаатан садан, халаасных нь
хүмүүсээр дүүрсэн гэж яригддаг. Гэсэн хэдий ч энэ удаа Х.Тэмүүжин
гишүүнийг тойроггүй үлдээх сонирхол дан ганц С.Эрдэнэ даргын 2012 оны
сонгуульд өрсөлдөгчгүй орох гэсэн хувийн хүсэл эрмэлзлээс илүү гарч,
намын удирдлагын түвшинд гаргасан шийдэл гэж болохоор харагдаж байна.
Намын ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрөө хуучин тойргоо орхин барин
Баянгол дээр ирж нэр дэвшсэнээс үзэхэд. Уг нь Ардчилсан нам шинэчлэгдэх
цаг болсон талаар хамгийн түрүүнд дуугарч, боловсролтой залуу боловсон
хүчнээр цус сэлбэх ёстой гэдгийг тууштай ярьж, хэлж байсан бараг цорын
ганц хүн нь Х.Тэмүүжин гишүүн. Харин Ардчилсан намын удирдлагууд
өөрсдийг нь шүүмжилсэн, үг сөргөсөн, өөрийн гэсэн үзэл бодол, үнэт
зүйлтэй, түүнийгээ хамгаалж чаддаг залуусаасаа ийнхүү нүүр буруулж
эхэллээ. Өнөөдөр тухайлбал Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны
хурал болж ҮЗХ-ны гишүүдийнхээ 3/1-ийг ротацид оруулан шинээр сонгууль
явуулах ёстой. Энэ дүүрэг дээр ч гэсэн УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр болон
“Нэг ардчилал” клубын залуусыг шахах тухай яриа аль хэдийн гарч,
“Цахилгаан түгээх сүлжээ” УҮГ-ын дарга, хуучин МоАХ-аас угшилтай
“казино” хочит Д.Баттулга нарын хүмүүс ажиллаад эхэлчихсэн сураг байна.
Энэ янзаараа бол Ардчилсан нам шинэчлэгдэнэ гэж үү?

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж