Нийслэлийн иргэдийн 20 гаруй хувьд л газар өмчлүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Нийслэлийн иргэдийн 20 гаруй хувьд л газар өмчлүүлэх боломжтой

Нийслэлийн 1 112 600 иргэ­ний ердөө 7,5 хувь нь газар өмчлөн аваад байгаа аж. Гэтэл нөгөөтэйгүүр нийслэлийн газ­рын 94,1 хувь нь хэдийнэ өмч­лөгд­сөн гэсэн тоо байдаг. Тэгэ­хээр нийслэлчүүдийн  олонход газар хүрэлцэхгүй гэсэн үг. Хойшид яах вэ гэдэг асуултын хариуг бид Нийслэлийн газрын албаны газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээгээс авахыг хүссэн юм. Харамсалтай нь, хичнээн хичээгээд нийслэ­лийн иргэдийн 15 хувьд л газар өмчлүүлэх боломжтой гэнэ. Түүнээс илүү өмчлүүлэх газар нийслэлд үзээд өгье гэсэн ч байхгүй юм байна.

-Нийслэлийн газрын алба­наас иргэддээ хувьчлах газар шинээр бий болгох талаар ямар нэгэн ажил зохиож бай­гаа юу?

-Нийслэлийн газрын алба­наас  2008 онд газрын нөөцийг тогтоох судалгаа явуулсан. Судалгаагаар Налайх, Бага­хангай, Багануур, Сонгино­хайр­хан, Хан-Уул дүүргийн нутагт 9,8  мянга орчим га газрын нөөц байна гэдэг нь тогтоогдсон. Энэ нь өмнө өмч­лүү­лсэн газраас хоёр дахин олон буюу 108-110 мянга орчим мянга орчим иргэнд өмчлүүлэх нөөц газар байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нөөц газрын дэд бүтцийг нь шийдэхгүй бол иргэд суурьшихгүй л болов уу. Хэзээ гэрэл цахилгаан, ус, унаа нь ирэх нь мэдэгдэхгүй газарт хүмүүс суурьшдаггүйг олон жишээ харуулсан.

-Зуслангийн зориу­лалтаар эзэмшиж байгаа газрыг өмч­лүүлэх ажил ямар шатандаа байна вэ?

-Одоогийн байдлаар хот орчмын ногоон бүсийн зусланд 17-18 мянган айл өрх суурьшаад байгаагаас 13 мянга орчим нь албан ёсны эзэмших зөвшөө­рөлтэй. Өмчлүүлэх боломжтой нь 9,2 мянган нэгж талбай байдаг. Жил жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, 2003 оноос хойш ярьж байгаа зүйл бол зуслангийн газрын өмчлөл. Зуслангийн газрын тооллогыг 2003, 2005, 2008 онд явуулж, ойн болон усны сав бүхий газраас бусад газрыг өмчлүүлж болох юм гэж дүгнэсэн. Одоогийн байдлаар хотын ногоон бүсийн 18 аманд зуслангийн 9,2 мянган нэгж талбайг иргэдэд өмчлүүлж болохоор байгаа. Гэхдээ яг одоогийн эзэмшсэн байдлаар нь буюу хашсан хэмжээгээр нь өмчлүүлэхгүй.  Айл бүрт хүрэх боломжтой зам харгуй, гудамж талбайг гаргахын дээр цахил­гаан, дулаан,ус ундыг нь хэрхэн хүргэж болох вэ гэдгийг тусга­сан хэсэгчилсэн ерөнхий төлөв­лөгөөг боловсруулсан. Уг төлөв­лөгөөнд хэд хэдэн удаа тодотгол оруулсан. 2009 оны арваннэг­дүгээр сард хэсэгчилсэн ерөн­хий төлөвлөгөөг тодотгож дуус­сан. Одоо НИТХ-аар батлах ёстой. Төлөвлөгөө батлагдмагц иргэдийн өргөдлийг хүлээн авч, зуслангийн газрыг өмчлүүлж эхэлнэ.

-Зуслангийн газрыг өмч­лүүлэх ажил 2003 оноос өнөөг хүртэл үргэлжилж бай­на гэлээ. Яагаад ийн удаашраад байгаа хэрэг вэ?

-Зусланд айлууд шинээр их нэ­мэгдэж байгаа. Тиймээс хэд хэдэн удаа тодотгол хийсэн. Гэх­дээ нэг зүйлийг онцлоход одоогоор зусланд суурьшсан бүхэн газраа өмчлөн авна гэсэн  үг биш шүү. 18 орчим мянган нэгж талбайгаас ердөө 9,2 мян­гыг нь л өмчлүүлнэ гэдгийг дахин хэлмээр байна. Мөн зус­лан­гийн газрыг өмчлүүлнэ гэд­гийг хүмүүс шинээр газар олгох нь  гэж ойлгодог. Тийм биш, одоо эзэмшиж байгаа газрыг нь хуу­линд нийцүүлэн хувьчилна гэсэн үг.
-Зусланг тэлэх боломжтой юу?
-2010 оны газар зохион бай­гуу­лалтын төлөвлөгөөнд Налайх дүүргийн  хоёр амыг зуслангийн зориулалтаар иргэдэд олгохоор тусгасан. Гэвч одоогоор тэнд хүмүүс төдийлөн суурьшаагүй байгаа.
-Өмчлүүлэх газар хомс гэдгийг та дахин дахин са­нуул­лаа. Гэтэл хүн болгон газартай болохыг хүсч байна. Газар хүрэлцэхгүй тохиол­долд яах вэ. Шинэ суурьшлын бүс байгуулах боломжгүй юу?
-Иргэн нэг бүрт өмчлөх газар нийслэлд үнэхээр байхгүй. Иргэд заавал нийслэл гэлгүй­гээр төрсөн нутаг орондоо газраа өмчлөн авах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар нийслэлийн харъяат 1400 гаруй иргэн хөдөө орон нутагт газар өмчлөн аваад байгаа. Ингэж л газар өмчлөх эрхээ эдлэхээс аргагүй. Бид өмнө нь төлөвлөгөө гарган ши­нээр суурьшлын бүс гарган айл суурьшуулсан. 2008, 2009 онд 361-ийн гарам, Хурганы САА зэрэг газарт хэсэгчилсэн ерөн­хий төлөвлөгөө боловсруулан,  худаг гаргаж шинэ суурьшлын бүс байгуулан айлууд буул­гасан. Яг тийм байдлаар дээр хэлсэн 9,8 мянган га газарт иргэдийг суурьшуулна.

-Иргэд газар өмчлөх гэ­хээр өгөх газар байхгүй гээд өргөдөл авахгүй байна гэдэг. Тэгвэл шинэ суурьшлын бү­сэд газар авъя гээд өргөдөл өгвөл авах уу. Ер нь иргэдэд газрыг хэрхэн яаж олгодог юм бэ. Хэн түрүүлж хашаа хат­гасан нь авах ёстой юу, хэн өр­гөдлөө өгсөн нь авах юм уу?

-Иргэдэд газар олгохдоо хоёр зүйлийг л иш үндэс бол­годог. Тэр газарт өргөдөл гар­гасан иргэдийн тоо болон газрын нөөцийн хэмжээг үндэслэж шийд­вэрлэдэг. Газрын нөөц байгаа бол иргэдийн өргөдлийг авах л ёстой. Иргэдийн өргөд­лийг цаг хугацааны дарааллаар нь шийдвэрлэдэг. Өргөдлийг хариуцсан байгууллага хүлээн авахдаа он сар өдөр төдийгүй цаг минутыг ч тэмдэглэн авах ёстой. Хэрэв тухайн газрыг авахаар давхар өргөдөл өгсөн бол аль түрүүлсэнд нь л өгөхөөр заасан байгаа. Түүнчлэн иргэн бүрт заавал 700 ам метр талбайг өгөх албагүй. Газрын алба аль болох олон хүнд газар хүртээх үүд­нээс газрын хэмжээг багасган тогтоож байгаа. Зарим газарт 400-500 ам метрээр ч олгож байгаа. Өргөдөл гаргасан иргэ­дийнхээ тоог харгалзан хэмжээг тогтоож байгаа.

-Нэг хүн олон айлын газар авчихаад өндөр үнээр зарж борлуулах тохиолдол байгаа нь нууц биш. Газрын наймаа эрхлэгчдэд хариуцлага ног­дуулах хуулийн заалт бай­даггүй юм уу?

-Газар өмчлөх, эзэмших хоёр ялгаатай. Газар эзэмшинэ гэдэг төрийн өмчийн газрыг тодорхой нөхцөл, болзол, хуга­цаатайгаар өөрийнхөө мэдэлд байлгахыг хэлнэ. Тэгвэл өм­чилнө гэдэг нь захиран зарцуу­лах эрхтэйгээр бүрмөсөн ава­хыг хэлж байгаа. Өмчилсөн газраа иргэн машин, байраа зардаг шиг зарах эрхтэй. Энэхүү өмчлөх эрхийг иргэдэд зөвхөн ганц удаа л үнэгүй олгож байгаа. Дахин үнэгүйгээр авах эрхгүй.  Гэхдээ мөнгөтэй хүмүүс өмчил­сөн газрыг олноор нь худалдан авах, ялангуяа барилгажиж буй талбайд хэд хэдэн газар авах тохиолдол түгээмэл байдаг. Бүр түүнийгээ үнэ нэмэн зарах нь ч бий. Үүнийг хуулиар хориг­лоогүй. Үнэ мөнгийг нь төлөөд өмчлөгчтэй нь тохиролцсон тохиолдолд арван айлын газрыг ч ганцаар худалдан авч болно шүү дээ.

-Одоогийн байдлаар газ­рын үнэлгээг хэрхэн тогтоо­сон бэ?

-Төрөөс нэг ам метр газрыг 13200 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүнийг 700 ам метрээр үржүүл­бэл есөн сая 240 мянган төг­рө­гийн үнэтэй газрыг нэг удаа үнэ­гүй өмчлүүлж байгаа гэсэн үг.

-Төрөөс иргэн бүрт газар өмчлүүлнэ гэсэн атал газрын алба хүүхдэд газар өмч­лүү­лэхгүй гэж байсан. Энэ нь хууль зөрчсөн хэрэг биш үү?

-Хүүхдэд газар өмчлүүлж байгаа. Харин газар эзэмших эрхийг 18 нас хүрсэн, эрхзүйн бүрэн чадамжтай иргэнд олгоно гэсэн заалт Газрын тухай хуу­линд заасан байдаг. Үүнийг хүмүүс газар өмчлөхтэй ан­дуур­сан байх магадлалтай. Түүнээс биш манайхаас 18 нас хүрээгүй иргэнд газар өмчилсөн шийдвэрийг зөндөө гаргасан.

Ярилцсан Д.Цээпилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж