Дэлхийн аварга, гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Тэрбээр 27 нас хүрч байгаа аж. Түүнтэй утсаар холбогдож төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх гэж байгаа талаар нь тодрууллаа.
-Төрсөн өдрийн мэнд хүргэе, хэрхэн тэмдэглэх гэж байна даа?
-Баярлалаа, одоогоор би бэлтгэлтэй л байна. Бэлтгэлээ хийж байгаа болохоор тэмдэглэх талаар бодоогүй л байна.
-Ямар нэгэн төлөвлөсөн зүйл байхгүй гэж үү?
-Тийм ээ. Төлөвлөсөн зүйл алга даа. Ер нь бол нэг их сүртэй тэмдэглээд байдаггүй. Тэгээд ч өнөөдөр чинь миний ээжийн баяр шүү дээ.
-Тэгвэл ээжийгээ хэрхэн баярлуулах гэж байна?
-Одоогоор Найрамдалд бэлтгэлтэй байгаа учир очиж байгаад л баярлуулна даа. Бэлтгэлтэй үед ямар нэгэн баяр тэмдэглэдэггүй. Ер нь тэгээд бид чинь цаг минут тутамтай өрсөлдөж байдаг хүмүүс шүү дээ. Бэлтгэл бол бэлтгэл, тэмцээн бол тэмцээн. Тиймээс одоогоор бэлтгэлдээ л анхаар ч байна.
-Өнгөрсөн жилүүдэд тэмдэглэж байсан хамгийн сайхан дурсамжтай төрсөн өдөр тань хэзээ тохиож байв?
-Төрсөн өдрийн мартагдашгүй тэмдэглэж байсан мөчүүд зөндөө байдаг. Гэхдээ одоо яг тэдийд гээд хэлэх нь боломжгүй юм.
М.ДӨЛ