Шаардлага хүргүүлж уриалга гаргав

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Шаардлага хүргүүлж уриалга гаргав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Монгол Улсын Ерөнхий сайд таны удаа дараагийн илтгэлд улсын төсөв өссөн, гадаад валютын нөөц нэмэгдсэн, Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирж байгаа зэрэг уул уурхайн баялагт түшиглэсэн итгэл дагуулсан мэдээллүүдийг нийгэмд тараасан. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд Ардчилсан намаас санаачлан  малыг малчдад, үйлдвэр аж ахуйн газар, орон сууцыг иргэдэд хувьчлах зэрэг зах зээлийн эдийн засагт шилжих чухал алхмуудыг хийсэн билээ.

    Хот, суурин газрын гэр хорооллын өрхүүдэд газрыг хувьчилж олгосон боловч эдийн засгийн эргэлтэнд орох  боломжгүй байгаад дүгнэлт хийж  Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос байгалийн баялгаараа дэлхийд аравт тооцогддог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танаас хууль санаачлах эрхийнхээ дагуу   хот, суурин газрын гэр хорооллын өрхүүдэд байгалийн баялгаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууц олгох эрх зүйн орчныг нэн даруй бий болгохыг шаардаж байна. Уг шаардлагын хариуг гуравдугаар сарын 1-ний дотор албан ёсоор өгнө үү” гэжээ. 

    Тус холбооныхон мөн уриалга гаргаад байна. Түүнд “Хот суурин газрын гэр хорооллын оршин суугч Монгол Улсын иргэн хэн боловч Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхийнхээ хүрээнд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос санаачилсан байгалийн баялгаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцыг өрх бүрт олгох эрх зүйн орчныг бий болгох шаардлагыг дэмжин  гуравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын  талбайд өглөөний  10.00 цагаас  гэр хорооллын өрх бүрийн төлөөлөл ирж гарын үсгээ зурахыг уриалж байна” хэмээсэн байна.

                       
        Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж