Сайн эр нөхөр байхын тулд

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Сайн эр нөхөр байхын тулд

Түүнийгээ баярлуул
Та хайртдаа баярын өдрүүдээр мэдээж бэлэг өгдөг л биз. Харин гэнэт, ямар ч баяр ёслолын бус өдрөөр цэцэг бариад өмнө нь зогсож бай. Заавал баглаа цэцэг биш, ганц ширхэг сарнай байг л дээ. Эсвэл бүр ажилд нь хэрэгтэй жижигхэн зүйлийг хайрын үг, үнсэлтийн хамт өг. Тэр таны хайранд илүү итгэж "Намайг дандаа боддог юм байна" гэж итгэх болно.
Түүнд үнэнээ хэл
Та өдөр тутмынхаа ажлыг л хийдэг, түүнийг маань миний бүсгүй мэддэг гэж боддог уу? Үгүй ээ, тэр таныг хаана юу хийж өнжсөн бол гэж байнга сонирхож байдаг. Харин өдөр бүр асууж зүрхэлдэггүй юм. Тиймээс дандаа биш ч, хааяа нэг оройн хоолоо идэх үедээ ч юмуу, өдөржин юу хийсэн тухайгаа бүгдийг ярь. Ажлынхаа нөхөдтэй хоол хэрхэн идсэн тухайгаа ч ярь. Түүний танд итгэх итгэл нь улам батжих болно. Мөн өөрийгөө таны хувьд чухал хүн гэдгээ ч мэдрэх болно.
Түүндээ тусал
Та орой ажлаа тарж очоод гар нүүрээ угааж, гэрийнхээ хувцсыг өмсөөд телевизор үзээд суучихдаг уу? Таны эхнэр үүнд чинь нэг их дургүйцээд байдаггүй нь мэдээж л дээ. Гэхдээ таныг ирээд "Би мах хэрчих үү?" эсвэл "Би наадахыг чинь цэвэрлэх үү?" гэвэл яасан их баярлах бол. Энэ баяр хөөрийг та мэдрэхгүй байлаа ч гэсэн ядаж 7 хоногт 1 удаа заавал ингээрэй. Баярласан эхнэр тань царай нь гэрэлтэн "Яах юм бэ би өөрөө" гэсэн ч хамаагүй булаагаад хийгээрэй. Тэр "Миний хань намайг хайрладаг юм байна, намайг битгий ядраасай гэж боддог юм байна" гэж баярлах болно.
Түүнийгээ эрхлүүл
Гэр бүлийн эрүүл байх үндэс нь бие биендээ эрхэлж байх. Үүнийг хааяа биш өдөр бүр баримталж байх нь чухал шүү. Эрчүүд хайртай эмэгтэйгээ ээж шигээ байхыг хүсдэг. Эхнэрүүд нь ч бас ээж шиг нь байх гэж хичээн эрхлүүлж, хамаг юмыг нь хийж өгөх гэж мэрийдэг. Гэтэл тэр ч бас яг л тань шиг ээж аавдаа эрхэлж өссөн шүү дээ. Тийм болохоор бас эрхлэхийг хүсдэг л байж таараа. Тиймээс өглөө ажилдаа явахад нь ч юмуу өдөр утсаар ч болсон нэг эрхлүүлж байгаарай. Орой хүүхдүүдээ унтсан хойно өвөр дээрээ суулгаад "Миний хонгор хөөрхөн шүү" гээд л хэлчихэд хань чинь "Нисэх" дөхөхийг та хараарай. Та өөрийнхөө хэрхэн эрхлэх дуртайгаа энэ үед бодчих. Тэгвэл эхнэрээ ойлгох л болно.
Түүнийгээ анхаар
Тэр юу ч хамаагүй өмсөөд л ажилдаа явдаг уу? Заримдаа нүүр амаа янзлахгүй яаран харайдаг уу? Та анхаар. Түнийг найз хүүхнүүд нь "Нөгөөх нь хэлж анхаардаггүй юм байх даа" гэж далдхан шүүмжилж байгаа гэдгийг сана. Та өглөө бүр түүнийгээ юу өмсөж байгааг хар. Тэгээд хайш яаш хувцаслаж байвал "Өөр юм өмс, өөртөө анхаар" гэдгийг аятайхан хэл. Магадгүй таны халамж дутсанаас болж гэрлэхээс өмнө байсан байдлаасаа долоон дор болж ч болох. Тэгэхээр та түүнийгээ яг л тэр залуухан, гэрлээгүй, гэр бүлийн амьдралд нухлагдаагүй байсан тэр л чигээр нь хадгалахыг хичээ. Тэр ч гэсэн үүнийг маш их хүсдэг. Охид бүр "гэрийн авгай" болохгүй гэж ярьдаг. Таны эхнэр ч тэгж л ярьж байсан. Гэтэл одоо үнэхээр "гэрийн авгай" болчихсон бол тэр нэг л өдөр өөртөө гутран, танд гомдон уйлах болно шүү.
Asuultserver.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж