Тосон уулын ордыг улсын бүртгэлд авснаар манай улс нөөцөөрөө 39-т бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Тосон уулын ордыг улсын бүртгэлд авснаар манай улс нөөцөөрөө 39-т бүртгэгдэв

ЭБЭХЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас ирүүлсэн Тосон уулын ордын нөөцийн тооцоо, эдийн засгийн үнэлгээний тайланг саяхан хэлэлцсэн байна. Тосон уулын  ордын 14 блокт бодсон газрын тосны баталгаат нөөцийг 119.02 сая тонн, үүнээс газрын тосны ашиглалтын баталгаат нөөцийг 13.67 сая тонн; тосонд ууссан хийн баталгаат нөөцийг 2 тэрбум 589.0 сая куб метр, үүнээс тосонд ууссан хийн ашиглалтын баталгаат нөөцийг 296 сая куб метрээр тус тус тогтоожээ. Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанаар дээрх бүх нөөцийг Монгол Улсын эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нөөцийн нэгдсэн санд бүртгэж авсан байна. Мөн Тосон уулын ордын бусад 29 блокийн хэмжээнд бодсон газрын тосны магадлалтай нөөцийг 74.54 сая тонн, тосонд ууссан хийн магадлалтай нөөцийг 4 тэрбум 692.0 сая куб метр , найман блокийн хэмжээнд тооцоолсон газрын тосны боломжит нөөцийг 52.78 сая тонн, тосонд ууссан хийн боломжит нөөцийг 2 тэрбум 987.0 сая куб метрээр тус тус Монгол Улсын эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нөөцийг нэгдсэн бүртгэлд авчээ. Ийнхүү Тосон уулын ордын нөөцийг улсын бүртгэлд авснаар манай улс  бүртгэлд авсан баталгаат нөөцийн хэмжээгээрээ  Монгол улс дэлхийн 97 орноос 39 дүгээр байранд жагсах боллоо.
”Петрочайна Дачин Тамсаг” ХХК дээр дурьдсан нөөцийг ашиглах эдийн засгийн үнэлгээг  хийснээ Эрдэс баялгийн зөвлөлд мөн танилцуулсан байна. Тус компани 2010-2014 онуудад олборолтын үйл ажиллагаанд 663.8 сая ам.доллар, тос цуглуулах, цэвэрлэх, хадгалах болон бусад зориулалтын ил байгууламжийг барьж байгуулах ажилд 635.9 сая ам.доллар, нийт хөрөнгө оруулалтад 1299.8 сая ам.долларыг төсөвлөжээ. 2010-2019 онуудад олборлох тосны хэмжээг 93.3 сая баррелиар тооцож, олборлолтын урьдчилсан мөнгөн орлогыг тооцоолсон байна.
Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж