АНУ-ын хууль тогтоогчид юанийн “тоглолт”-ын эсрэг арга хэмжээ авахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын хууль тогтоогчид юанийн “тоглолт”-ын эсрэг арга хэмжээ авахыг шаардлаа

Өнгөрч буй даваа гаригт АНУ-ын хоёр намын 130 гаруй хууль тогтоогчид нэгдэн Хятадын “валютын тоглолтын эсрэг“ яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж Обамагын засгын газрын дээд албан тушаалтнуудаас шаардлаа “Ройтерс” мэдээлсэн байна. Хятадын валютын тоглолт Америкийн эдийн засагт асар хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй. Юанийн америк доллартай харьцах ханшийг доогуур барьснаар Хятадын компаниудад илүү ашигтай нөхцөл бүрэлдэж, бусад улс орны өрсөлдөгчидтэй нь харьцуулбал шударга бус давуу байдал үүсч байна гэж хууль тогтоогчид АНУ-ын худалдааны төрийн нарийн бичгийн дарга Гари Лок болон төрийн нарийн бичгийн дарга Тимоти Гейтнэр нарт явуулсан бичигтээ дурдсан байна.

Тухайн улсын валютын ханш сул байвал бараа бүтээгдэхүүн нь хямд болж, эрэлт хэрэгцээ нь нэмэгддэж бусад улс орнуудын экспортод сөргөөр нөлөөлдөг. Хятадын ерөнхий сайд Вэн Жиабао ням гаригт энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ, Хятадын юанийн ханш харин ч өөрийнх нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гэж мэдэгдсэн. Тэрбээр мөн АНУ-Хятадын харилцаа муудаж байгаа талаар мэдэгдэж, АНУ Тайваньд зэвсэг худалдаж байгаа болон Төвдийн шашны удирдагч далай ламтай ерөнхийлөгч Обама уулзсан зэрэг асуудлуудыг дурдаж, Вашингтоныг буруутгасан.

АНУ-ын хууль тогтоогчид захидлаараа дамжуулж Хятадыг валютынхаа ханшийг дахин авч үзэх талаар шахалт үзүүлэх саналтай буйгаа илэрхийлсэн бөгөөд Хятадын юанийн ханшнаас болж АНУ Хятадтай хийж байгаа худалдаанаасаа асар их алдагдал хүлээдэг, үүнээс болж аж үйлдвэрийн салбарын ажлын байрнуудаа алдаж байна гэж үзэж байгаа юм.
“Хэрвээ Засгийн газар энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авахгүй бол манай эдийн засаг дахин сэргэхэд саад учруулж, Америкийн жижиг бизнесүүд, үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, хаалгаа нээж, ажлын байр бий болгох чадварыг бууруулах болно” гэж Мейнээс сонгогдсон Ардчилсан намын Төлөөлөгч Майкл Мишауд хэлж байв.
Хууль тогтоогчид томоохон бодлогын өөрчлөлт хийж, ямарваа нэг улс валютаа хөдөлгөн, шударга бус худалдааны давуу тал олж авахаар оролдсон тохиолдолд хариуд нь “сөрөг татвар” ноогдуулж байхыг Худалдааны департментаасаа шаардсан байна.
Худалдааны департмент хэдийнэ энэ талаар судалж эхэлсэн бөгөөд одоогоор Хятадаас оруулж буй цаасны импортод хариу арга хэмжээ авахаар боловсруулж байгаа юм байна.
Хууль тогтоогчид мөн ирэх дөрөвдүгээр сарын 15-нд гарах АНУ-ын томоохон худалдааны түнш орнуудын валютын бодлого, практикийн талаарх тайланд Хятадыг валютын сөрөг тоглолт хийдэг улс гэж тодорхойлохыг Санхүүгийн департментаас шаардсан байна.
Хэдийгээр ерөнхийлөгч Обама 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Хятадыг валютын сөрөг тоглолт хийдэг гэж буруутгаж байсан хэдий ч сүүлийн хоёр удаагийн тайланд Хятадыг албан ёсоор тэгж тодорхойлохоос татгалзаж байсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж