Оросын ТНТ телевизийн сувгийн бэлтгэдэг "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн ес дэх цуврал өнгөрсөн бямба гаригийн орой үзэгчдийн мэлмийд хүрлээ. Тулааныг зохион байгуулагчид урьд өмнөхтэй адилгүй шинэлэг хэлбэрээр явуулахаар шийдсэн гэдгээ нэвтрүүлэг эхлэхээс өмнө амлав. Сонгон шалгаруулалтад Оросын өнцөг булан бүрээс ирсэн хэдэн зуун хүнээс есөн хүнийг шилж сонгон авах учиртай байв. Уламжлал ёсоор эхний даваа нь хар хөшигний цаана юу байгааг мэдрэх явдал байлаа. Энэ шалгаруулалт дээр бүх зөн билигчид өөр өөрийхөөрөө ажиллаж байсан ч ганцхан Валентин Дивин л шилэн саванд байгаа жоомыг хэлж чадсан юм. Харин бусад зөн билэгчид хүн, араг яс, аяга, шанага, тоосго, бар гэх мэтчилэн юм юм л харсан байна. Үүний дараа машины тээшний саван дахь хүнийг олох даалгавар байв. Энэ шалгалтыг уламжлал ёсоор ах дүү Сафрановууд хөтлөн явууллаа. Давааны салхийг хагалж Махачкалагаас ирсэн Флюра Шафикова нээсэн боловч Сафроновынхны хамгийн бага дүүг олж чадсангүй. Хоёр дахь оролцогчоор Оросын Харри Портер гэгддэг Сергей Хорьков өөрийн туслагч Карлос хэрээнийхээ хамт ирэв. Хэрээ нь хоёр машиныг заасан боловч эзэн өөрөө барсангүй. Үүнээс хойш ямар муу юм нь шүглэсэн юм нэг, хоёр, арав, хорь дахь нь ч бүтэлгүйтэв. Ах дүү Сафроновууд итгэл алдран залхаж эхлэв. Ингээд хоёр хүн үлдээд байхад зөн билэгч Наталья Бантеева энэхүү туршилтыг давсан анхны хүнээр тодорч тэдний сэтгэлийг тайтгарууллаа. Хамгийн сүүлийн оролцогч Валентин Дивин хоёр машиныг заасан боловч зөвийг нь олж чадсангүй. Ноён-Х даваанд өмнөх цувралуудаас ялгаатай нь хэний ч танил биш энгийн нэг хүнийг урьж авчирсан байлаа. Ноён Х-ийн дүрд Милана нэртэй өвөрмөц бүсгүй иржээ. Хэдхэн сарын өмнө тэр эр хүн байсан аж. Зөн билигчдийн ихэнх нь өмнөө эмэгтэй хүн байгааг харсан байна. Харин харын талын Юрий Испарьянц өөрийнхөө бодлыг тайлбарлаж чадсангүй. Тэр нэг бол эрэгтэй хүн эсвэл эмэгтэй хүн харж байв. Хачирхалтай нь хамгийн сүүлийн оролцогч Наталья Бантеева Миланагийн бүх амьдралыг тодорхой ярьж өгснөөр оролцогчийг уйлуулаад амжив. Нэвтрүүлгийн төгсгөлд шүүгчид уг цувралд цаашид оролцох есөн хүнийг нэрлэсэн бөгөөд тэдэн дотор дөрөв дэх төслийн дөрөвдүгээр байранд орсон Нонна Хидирян зогсч байлаа.
Л.ЗОЛБАЯР
Холбоотой мэдээ