Гэрэл зурагчид яагаад Дерзинскийд дуртай вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Гэрэл зурагчид яагаад Дерзинскийд дуртай вэ?

Харьков хотноо (одоогийн Украин) Ф.Э.Держинскийн нэрэмжит хөдөлмөрийн хамтрал бага оврын гэрэл зургийн аппаратыг олон нийтэд зориулан 1934 онд үйлдвэрлэж эхэлжээ. Аппаратыг Держинскийн нэр овгийн товчлолоор “ФЭД” гэж нэрлэсэн байлаа. Гэрэл зургийн аппаратыг 36 кадртай 35 мм-ийн хальсаар цэнэглэж байсан бөгөөд тэр нь үнэн хэрэгтээ Германы “Карл Лейкнитц” компанийн үйлдвэрлэдэг “Лейка” аппаратын амжилттай хуулбар байв.
Эхэн үедээ аппаратын гадна хэсгийн металл хэсгүүдийг никельдсэн ба эх биеийг нь арьс маягаар шахсан каучукаар бүрсэн байлаа. Энэ загварын аппаратыг олон удаа сайжруулан 1955 он хүртэл үйлдвэрлэжээ. 1941 он гэхэд 160650 ширхэг аппарат үйлдвэрлэж амжив. Дайны үеэр тэр үйлдвэрийг Бердск хотод нүүлгэсэн ба 1948 оноос Харьковт эргэн сэргээгдсэн үйлдвэр аппаратаа үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэр жилдээ дөнгөж 1316 аппарат дамжлагаас гарчээ. Ер нь бол дайны дараа нийтдээ 476847 аппарат үйлдвэрлэсэн гэдэг. Гэрэл зурагчид уг аппаратын энгийн ажиллагаа ба хөнгөн жин, дуран сайтайд нь дуртай байлаа. Тусгай хангамж ноёрхож байсан үеэр аппаратад “ФЭД НКВД”, “ФЭД НКАП” гэсэн хаяг наасан байв. Тэр нь “Феликс Эдмундович Держинский, Дотоод явдлын ардын комиссариат”,  “Феликс Эдмундович Держинский, Нисэхийн аж үйлдвэрийн ардын комиссариат” гэсэн нэрийн товчлол байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж