Энгийн, даруухан “V” буюу Валентино Гаравани

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Энгийн, даруухан “V” буюу Валентино Гаравани

Италийн нэрт загвар зохион бүтээгч Валентино Гараванигийн загварын ордон бол дэлхийн хамгийн алдартай захиалгын болон бэлэн хувцасны загварыг тодорхойлогч их гүрнүүдийн нэг юм. Жижигхэн, даруухан “V” гэх логогоороо дэлхийн загварын ертөнцөд өөрийн ноёрхлоо тогтоосон Валентино 1932 оны тавдугаар сарын 11-нд дэлхийн загварын төв гэгддэг Милан хотод төржээ. Бага байхаасаа л эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувцас загвар сонирхож, өөрийн зохиосон загвараа цаасан дээр буулгадаг байсан тэрбээр чинээлэг эцгийнхээ тусламжтайгаар Францыг зорьж, Парис хотын нэр хүндтэй Урлагийн их сургуульд суралцаж, амжилттай төгсчээ. Парист түүний анхны сонголт нь Жэки Фат, харин дараагийнх нь Баленсиага байв. Удалгүй тэр тухайн үеийн нэртэй загвар зохион бүтээгчдийн нэг Жен Дессес дээр очиж, туслах ажилчнаар ажиллаж таван жилийг үджээ. Харин дараа нь Валентино Ги Ларошийн загварын ордонд хоёр жил ажиллаад эцэг, эхийнхээ хүсэлтийн дагуу өөрийн хайрт бүсгүй Францын сэхээтэн Геральд Нэнтигийн хамт төрөлх Италидаа ирж, 1959 онд Ром хотын төвд эцгийнхээ сүр хүчин дор, түүний хөрөнгө мөнгөөр өөрийн хувцас захиалгын газраа нээсэн байна. 1960-аад оны эхэн үе гарахад Ром хотод дэлхийн нэртэй жүжигчдийн тоглосон киноны зураг авалт их хэмжээгээр явагдаж, энэ нь Валентиногийн ирээдүйн ололт амжилт, алдар хүнд, өв хөрөнгийн эхлэлийг тавьж, амьдралд нь чухал нөлөө үзүүлжээ. Валентиногийн хувьд төрөлх нутаг нь Парист үзсэн амьдралаас тэс ондоо байжээ. Алдрын оргил өөд амархан мацсан түүний анхны шоунд оролцохоор Парисаас хүртэл загвар өмсөгчид хүрэлцэн ирсэн байна. Удалгүй Валентино тансаг улаан өнгөт даашинзаараа алдартай болсон бөгөөд хожим нь загварын хүрээнийхэн дотор “Валентиногийн улаан өнгө” гэх нэр томьёо бий болсон нь өдгөө ч хадгалагдсаар буй. “Rosso Valentino” буюу Валентиногийн гэгдэх улаан өнгө нь 100 хувийн ягаан, 100 хувийн шар болон 10 хувийн хар өнгийн нэгдэл юм.
Валентиногийн олон улс дахь алдрын замнал 1962 оноос эхэлсэн гэж болно. Тухайн үед Италийн загварын төв байсан Флоренци хотод загварын шоугаа зохион байгуулж, дээд зэргийн төвшинд дэндүү тансаг болж өнгөрсөн уг шоуны дараачаас эхлэн Валентиногийн нэр хүнд гайхалтай гэмээр манджээ. 1960-аад оны дунд үе гэхэд Валентино Италийн төдийгүй дэлхийн оддын гоёлыг урладаг болсон байв. Түүнийг дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулахад нөлөөлсөн томоохон хүчин зүйл бол АНУ-ын 35 дахь тэргүүн хатагтай Жаклин Кеннеди юм. 1964 оны есдүгээр сард Нью-Йорк хотын тансаг зэрэглэлийн “Waldorf-Astoria” зочид буудалд зохиогдсон хандивын арга хэмжээний үеэр Валентино өөрийн коллекцио танилцуулжээ. Түүнийг харсан хатагтай Кеннеди коллекцийг үзэхийг хүсч, улмаар Валентино Кеннедигийн гэрт өөрийн загваруудыг моделийн хамт илгээсэн байна. Жаклин Кеннедид түүний загварууд онцгой сэтгэгдэл төрүүлж, бүгд хар, цагаан өнгөтэй зургаан даашинз захиалжээ. Хатагтай Кеннеди тэдгээр зургаан даашинзыг нөхрийгөө нас барснаас хойшхи гашуудлын нэг жилийн хугацаанд өмссөн аж. Тэр цагаас хойш Жаклин Кеннеди нэрт загвар зохион бүтээгчийн байнгын үйлчлүүлэгч төдийгүй дотны анд болжээ. Хожим нь Жаклин Грекийн бизнесмэн, усан тээврийн магнат Аристотель Онассистай гэрлэхдээ хуримын даашинзаа Валетиногоор урлуулсан байна. Түүний бүтээсэн богинохон цагаан хуримын даашинз өдгөө дэлхийн загварын түүхэнд сор болсон бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Хувцас загварын домог болсон Валентино Гаравани 2007 оны есдүгээр сарын 4-нд Парис хотноо эцсийн шоугаа хийсний дараа албан ёсоор загварын ертөнцийг орхиж буйгаа зарласан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж