Согог суусан ардчиллыг сэрээх эхлэлийг тавив

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Согог суусан ардчиллыг сэрээх эхлэлийг тавив

Ардчилсан хүчний холбооныхон анхдугаар их хурлаа хийж зүүрмэглэж байсан улс төрийг сэрээлээ. “Ардчилсан нам дотор сөрөг хүчин төрлөө. Намын удирдлагыг солих гэж байна” гэсэн олон таамаг дагуулан мэндэлсэн эл холбооныхон тийм тулга тойрсон шалтгаанаар нэгдээгүй гэдгээ мэдэгдэв. Тэд нийгмийг шинэчилж, болж бүтэхгүй байгаа салбар бүрт өөрчлөлтийн салхи сэвэлзүүлэх том зорилготой гэдгээ их хурлаараа зарласан юм.
Шинэчлэлтийн салхи оруулах ёстой тэдгээр салбарт согог суучихаад байгаа ардчилал ч хамаатайг сануулав. Германы “Bertelsmann” сангийн судалгаагаар Монгол Улс “согогтой ардчилал” гэдэг ангилалд багтжээ. Энэ оны үзүүлэлтээр шүү дээ. Азид бүү хэл дэлхийд  тайван ардчиллын үлгэр жишээг 20 жилийн өмнө үзүүлсэн монголчууд хоёр арваны дараа, ХХI зуунд Африкийн орнуудтай хамт оёгт баригдсан ардчилалтай улсын ангилалд орчихоод сууж байх юм гэж төсөө­лөөгүй. Гэвч үнэн байдал иймд тулчихаж.  Ардчиллыг согогтой болгодог гол шалтгаан нь авилгад автаж хариуцлагагүйн зудад нэрвэгдсэн засаглал. Дээр нь  хяналтгүй уул уурхайгаас орж ирэх их мөнгө хавсарвал Монгол Улс мөнхийн хоёр хөрш оронтойгоо нэг зиндаанд бууж “хаалттай ардчилал” гэсэн ангилалд шилжихэд бэлэн болсон байна. Их хуралд голлох илтгэл тавьсан улстөрчид энэ эмзэг асуудлыг хөндөн гаргав.
Улс төр, эдийн засгийг гартаа авахад бэлэн болсон олигархи бүлэглэлүүдтэй тэмцэхийг их хуралд оролцогчид уриалсан юм. Төрийн албаар бизнес хийж, засаглалаар гул барин нийгмийн баялгийг “ сордог” олигар­хиудыг ардчиллын олон институтэд бүрэн эзэн суухаас нь өмнө хяналт-хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр өөрчлөлт хийх цаг болчихоод байна гэдгийг Ардчилсан хүчний холбооныхон санууллаа.
Дан ганц улстөржсөн асуудлыг тэд хөндсөнгүй, Монгол орноо хөдөө хотгүй шинэчлэх, улсынхаа баруунаас зүүнийг холбосон төмөр зам тавих, ашигт малтмалын ордуудаа түшиглэсэн аж үйлдвэрийн шинэ шинэ цогцолбор  байгуулах, хонины ноосыг алт болгох, чацаргана тариалах төлөвлөгөөг хийх аргачлалтай нь, эдийн засгийн тооцоо үзүүлэлттэй нь танилцуулав.
Монголчууд одоо эрдэс баялгаа малтаж, түүнийхээ мөнгөөр амьдрах “хүрэн” эдийн засгийн бодлого барьж буй. Алс хэтдээ олсон олзоосоо илүү гарз дагуулж мэдэх энэ бодлогод хянамгай хандаж байгаль, экологио одооноос хамгаалах “ногоон” эдийн засагт яаралтай шилжих хэрэгтэйг ч онцлон дурдлаа.
Дан улс төрийн бус нийгэм, эдийн засгийн шинэчлэлтийг зэрэг хийх ардчиллын хоёр дахь давалгаанд шилжих цаг ирснийг Ардчилсан хүчний холбооныхон хэлсэн юм. Олигархиудын гарт бүүвэйлүүлэн зүүрмэглэсэн улс төрийг сэрээх хонхыг Ардчилсан хүчний холбооныхон цохилоо. Эргэлзээтэй асуудал бүхнийг  хөндсөнөөрөө тэд согог суусан ардчиллыг сэрээх эхлэлийг тавив. Одоо харин энэ эрчээрээ нийгмийг шинэчлэх аяны хөсөг хөдөлгөх эсэхийг харах ээлж сонгогчдод ирлээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж