Д.Сүрэнхорыг Монголд ирэхэд нь баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорыг Монголд ирэхэд нь баривчилжээ

Д.Сүрэнхорыг Монголд ирэхэд нь баривчилжээ
Интерполоор эрэн сурвалжилж байсан Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг уржигдар буюу энэ сарын 13-ны бямба гаригт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ. Энэ талаар Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн дарга Д.Сүхбаатараас тодруулахад “Түүнийг баривчлах ажиллагаанд манайх оролцоогүй. Цагдаа, тагнуулынхан баривчилсан. Ном журмаараа бол манайх гэмт хэрэг үйлдээд гадаад руу гарсан хүмүүсийг ирэхэд нь саатуулж байгаад холбогдох газарт нь хүлээлгэн өгдөг юм. Гэхдээ энэ удаад оролцоогүй” гэх хариултыг өглөө. Харин энэ талаарх мэдээллийг Тагнуулын ерөнхий газар болон цагдаагийнхан нууцалж байна. Д.Сүрэнхорыг Монголд буумагц Эрүүгийн цагдаагийн ажилтнууд гавлан авч явсан бөгөөд одоо Ганцхудагт саатуулсан гэх мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн албаны хүмүүс хэлж байна.
Тэрбээр Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгөнөөс 100 сая төгрөг хувьдаа зарцуулан зугтсан юм. Өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний бичсэн гэх захидал гарч ирэн багагүй шуугиан болж байсан билээ. Түүнээс үүдэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш олон нийтийн дунд Д.Сүрэнхорыг уг хуульд хамруулсан гэх мэдээлэл тархаад байсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм. Түүний бичсэн гэх захидалд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Швейцарийн банкинд хадгалуулсан нэг тэрбум 300 сая ам.долларын хадгаламжийн дансны дугаарыг хүртэл дурдсан байсан билээ. Тэрхүү захидлын төгсгөлд “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал эх орондоо хийсэн гэмээ хүлээхээр өөрийн биеэр хүрэлцэн очих болно” гэж дурдсаныг ч энд мэдээлэх хэрэгтэй байх.
Ямартай ч багагүй хугацаанд хийсэн хэргийнхээ хариуцлагаас мултрах гэж гадаад руу зугтсан түүнийг Монголд ирэхэд нь саатуулсан байна. Ингэснээр түүнд холбогдох хэрэг шийдэгдэх шатандаа орох төдийгүй өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан түүний гэх захидал өөрийнх нь мөн эсэх, захидалд бичсэн баримтуудын үнэн худал нь тогтоогдох юм.
Л.ХАЛИУ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж