Улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг
Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр “Бөхийн
өргөө”-нд болж, өндөрлөлөө. Угтаа бол заан цолтнуудын нэрэмжит улс,
аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг Монгол, Оросын хамтарсан 
“Эрдэнэт” үйлдвэр хоёр жилд нэг удаа Орхон аймагт зохион байгуулдаг
уламжлалтай. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр өнжсөн жил нь буюу энэ жилээс
“Арвайн үндэс” ХХК тус барилдааныг ивээн тэтгэн, МҮБХ-той хамтран зохион
явуулж байхаар болсон юм.

Өнөөдрийн барилдаанд
хүчит 128 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат,
“Хүч” спорт хороо, “Туушин” компанийн бөх, улсын гарьд Н.Ганбаатар
түрүүлж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан
Б.Соронзонболд үзүүрлэлээ. Харин Говьсүмбэр аймгийн харьяат, улсын
арслан Д.Азжаргал, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын заан
Б.Ганбат нар их шөвөгт үлдсэн юм.  Түүнчлэн энэхүү барилдаанд тав давж,
шөвгийн наймд шалгарч үлдсэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат,
аймгийн арслан А.Алтанхуягт барилдааныг зохион байгуулагч “Арвайн
үндэс” компани “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагнал олгосон юм.
Сонирхуулахад, заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх 1997
онд зохион байгуулж байсан ба анхны барилдаанд улсын заан Д.Цэнд-Аюуш
түрүүлж, даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэж байжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж