Төрийн өмчийн хороо саяхнаас шинэ гишүүнтэй болжээ. Өмнө нь Д.Байлыхүү байсан нь албаа сольсноор ТӨХ-нд нэг гишүүний суудал эзгүй үлдсэн юм. Шинэ гишүүнийг ТӨХ дотроосоо сонгосон бөгөөд өнгөрсөн жил цоо шинээр байгуулагдсан нэгэн газрын залуухан дарга ажээ. Энэ нь Төр, хувийн хэвшлийн түншлэл,концессын газрын дарга Б.Заяабал. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх нүсэр ажлыг энэ залуу гардан гүйцэтгэнэ. Мөн Төрийн өмчийн хорооны цөөхөн гишүүний нэг болсон нь түүний хүрээ улам томорч байгааг харуулж байна. Өмнө нь Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд ажиллаж байгаад ТӨХ-д ирсэн гэдэг. Төдийлөн олны танил болоогүй ч МАН-ын өсч яваа залуу лидерийн нэг гэх нь бий. Ямар сайндаа л Ерөнхий сайд С.Батболдын эрхлэх асуудлын хүрээнд байх тус хороонд томхон татаасаар ирсэн гэж зарим сониноор бичиж байхав.
Төрийн албаны зөвлөлөөс төрийн албанд хууль бусаар томилогдсон газрын дарга нарын томилгоог ирэх гуравдугаар сард багтаан шийдвэрлэхийг даалгаад буй ба үүнд түүний нэр багтсан байгаа юм билээ. Тэгэхээр ТӨХ дахь алба нь ганхаж мэдэхээр байгаа юм, ингэснээр ТӨХ-ны гишүүнийх нь үүрэг үлдэх болов уу, үгүй болов уу.
Б.БОЛОР