Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 11

Гуравдугаар сарын 11-ний баярууд

Литва
улс Тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тэмдэглэж байна. Литва
Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарснаа зарласан анхны холбоот улс нь болсон
юм.

 XIV зууны үеийн Дээд шилтгээнээс үлдсэн цамхаг дахь тус улсын далбаа

Литва
ССР-ын Дээд зөвлөлийн 1990 оны хоёрдугаар сарын 24-ны сонгуульд
Витаутас Ландсбергисийн толгойлсон “Саюдис” хөдөлгөөн яллаа. Литва
улсын Дээд зөвлөл гуравдугаар сарын 11-нд “Литва улсын тусгаар
тогтнолыг сэргээх тухай” баримт гаргаж тус улсын нутаг дэвсгэрт
Зөвлөлтийн Үндсэн хуулийг мөрдөхийг зогсоосон байна. Үүнээс долоо
хоногийн дараа Балтийн орнуудад тусгаар тогтнолын төлөө хүчин ялсан
боловч тэд Литва шиг шийдвэр гаргахыг яарсангүй. Зөвлөлтийн талаас
байгалийн хий, нефть нийлүүлэлтийг зогсоосны дараа тус орны Дээд
зөвлөл  шийдвэртээ 100 хоногийн хориг тавьж байсан юм.

Үйл явдал

 1504 он.
Тюрк-огузийн нүүдэлчин омгийг ялан дийлсний дараа I Исмаил Сефевид
Персийн шахиншах цолыг Тебриз хотноо авлаа. Эндээс 1736 он хүртэл
Сефевитуудийн эрх барьсан овог үүсчээ. Богино хугацааны дотор Исмаил
Кавказаас Персийн булан, Евфрат мөрнөөс Дундад Азийн тал нутаг хүрсэн
өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулав. Төрийн байгуулалтаас гадна
тэрээр шинжлэх ухаан, урлагийг хөгжүүлэхийн тулд ихээхэн зүтгэжээ.
Тэрээр ордондоо шинжлэх ухааны бүхий л чиглэлийн бичмэлүүдтэй том номын
санг байгуулсан байв. Мөн тэрээр Хатай гэсэн нэрийн дор олон тооны
шүлэг, яруу найраг бичсэн нь тюрк хэлний уран зохиолын дээжис болдог
ажээ.

 1544 он. Италийн
ХVI зууны үеийн яруу найргийн томоохон төлөөлөгч Торквато Тассо 1544
оны гуравдугаар сарын 11-нд Сорренто хотод төрлөө. Түүний эцэг хэл
судлаач, яруу найрагч Бернардо Тассо нь Салернийн жононгийн нарийн
бичгийн дарга байв. Торквато багаасаа ордонд цагийг өнгөрүүлж сайн
боловсрол эзэмшсэн байлаа. Тэр герцогийн хүүгийн найз байсан ба
урвинийн ордоны уур амьсгалаар язгууртны үзэл санаатан болсон байна.
Эцэг нь түүнийг Падуя хотод хуулийн мэргэжил эзэмшүүлэхээр явуулсан
гэдэг. Тэнд залуу Ш.Гонзага, С.Сперони ба К.Сигонио нарын нөлөөгөөр гүн
ухаан, уран зохиолын онолыг үзэх дуртай болсон аж. Падуя хотод тэрээр
шүлгүүдээ хэвлүүлж эхэлж, 1562 онд “Ринальдо” гэх туульс яруу найргаа
гаргажээ. Феррара хотод 1565 онд ирээд II Альфонсо герцогийн ах
кардинал Луиджи д"Эстегийн албанд орсон байна. Тэрээр 1570-151 онд
Альфонсо герцогийн ордны яруу найрагч болон хайрын уянгийн шүлгүүдээ
ордны хатагтай нарт зориулж байлаа. Хэдэн долоо хоногийн дотор тэрээр
“Аминта” гэх драмын магтаалыг бичсэн нь ордныхонд таалагджээ. 1575 онд
тэрээр “Иерусалимыг чөлөөлсөн нь” гэх баатарлаг яруу найргаа бичсэн нь
өнөөг хүртэл сонгодогт тооцогддог. Хожим ядаргаанаас болон мэдрэл нь
муудаж, өөрийг нь мөрдөн мөшгөж байгаа гэж хардах болсон гэдэг. Түүнийг
галзуугийн байранд хорив. Гэхдээ ийнхүү хоригдсон нь герцогийн эмэгтэй
дүүд хайр сэтгэлтэй болсноос үүдэлтэй гэх таамаглал байдаг. Ухаан нь
сайжрах үедээ тэрээр уянгын шүлүүдээ үргэлжлүүлэн бичиж байв. 1586 онд
эмнэлгээс гарч, ивээгчдийндээ амьдран уран бүтээлээ хийж байв. Тэрээр
1595 оны дөрөвдүгээр сарын 25-нд Сант-Онофрио  хийдэд нас баржээ. Дээр
дурдсанаас гадна тэрээр “Торрисмондогийн хаан” эмгэнэлт яруу найраг,
“Ертөнцийг бүтээсэн долоо хоног” гэх шашны яруу найраг, олон тооны
шүлгээс гадна “Яруу найргийн урлагийн тухай бодол” гэсэн шинжлэх ухааны
бүтээл туурвижээ.

 1799 он.
Египетийн аянд явж байхдаа генерал Бонапарт хишиг өвчнөөр үхэж байсан
олон зуун франц цэргийнхнээ Яффе (өнөөгийн Тель-Авивын хэсэг) дахь
цэргийн эмнэлэгт эргэн очжээ. Үхлийн өвчний халдвар авах аюултай байсан
ч Бонапарт өвчтөн тус бүртэй гар барьсан гэдэг домог бий. Үнэн хэрэгтээ
тэрээр ерөнхий эмчид хамгийн хүнд өвчтөнд опиумын хэмжээг нэмж өгөхийг
санал болгосон аж. Генерал “ийм байдалд орсон бол би өөрийн хүүхдээ ч
хордуулах байсан” гэж хэлснийг үл огоорон эмч түүний саналыг хүлээн
аваагүй гэнэ. Үүнээс таван жилийн дараа ордны уран зураач Антуан Жан
Гро “Яффа дахь хижгээр өвчлөгдөгсдийг Бонапарт 1799 оны гуравдугаар
сарын 11-нд эргэсэн нь” гэсэн нэртэй том зураг зурсан байна. 1830 онд
Пушкин Наполеонд зоруулсан “Баатар” шүлгээ бичээд “өчүүхэн үнэний
харанхуйгаас дээдлэн мандуулсан хууралт дээр” гэж хэлж байжээ.








1851 он.
Венецийн “Ла Фениче” театрын тайзнаа Жузеппе Вердийн “Риголетто”
дуурийн анхны тоглолт болжээ. “Хаантан хөгжилдөж байна” гэдэг Виктор
Гюгогийн жүжгээр хийсэн уг дуурь нь дэлхийн соёлын шилдэг дуурийн тоонд
ордог. Дуурийн  тоглолтын дараа “Би сэтгэл хангалуун байна. Үүнээс
илүүтэй юу ч бичиж чадахгүй гэж бодном” хэмээн Верди өгүүлж байжээ.
Шүүмжлэгчдийн хэлснээр энэ үг нь үнэн болж, Верди хожим  “Риголетто”
дууриасаа давахаар бүтээл зохиогоогүй аж.

 1869 он.
Европчуудын огт мэдэхгүй байсан амьтан болох хулсны баавгайн арьсыг
Хятадад байгаль судлаач Жан-Пьер Арман Давидад бэлэглэжээ. Байгаль
судлаач, даяанч Жан-Пьер Арман Давидыг (1826–1900) Хятадаар аялж явахад
нь Сычуань  мужийн анчид түүнд хар-цагаан өнгө хослосон амьтны арьсийг
өргөн барьсан гэдэг. Арьсны өнгийн хослолд биширсэн эрдэмтэд эхлээд
хоёр өөр өнгийн арьсыг нийлүүлсэн байна гээд сайтар судласан ч цавуу,
оёдлын мөр олсонгүй. Ингээд тэд ийм ер бусын амьтан байдаг гэдэгт
итгэжээ.

 1878 он.
Францын академийн хуралдаан дээр Европт анх удаагаа Томас Эдисоны
фонографыг үзүүлсэн байна. Энэ ажиллагааг эрдэмтний дотны нөхөр унгар
инженер Тивадор Пушкаш удирдан танилцуулгыг хийсэн байна. Пушкашийг
нэртэй физикч Эдисоныг бишрэгч Теодор дю Монсель Европт  урьсан байв.
Гэхдээ франц эрдэмтэд Эдисоны “ярьдаг машиныг” хүлээн авсангүй.
Хайрцагнаас дуу гарах үеэр хэл зүйч профессор Жан Буйяр үсэрч босоод
Монселийг заамдан авч сэгсрээд “Өөдгүй новш, чээжний хөндийн дуу
гаргагчаар биднийг хуурах гээ юу? Нэг муу металл хүний үгийг хуулбарлаж
чадна гэсэн зальтанд та хэрхэн итгэж чадав аа” гээд дуу алджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж