Б.Лхагвасүрэн: Анодын талаар энэ гуравдугаар сард багтаан шийдвэр гаргана

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Б.Лхагвасүрэн: Анодын талаар энэ гуравдугаар сард багтаан шийдвэр гаргана

Сүүлийн үед анхаарал татаж байгаа асуудлуудаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Б. Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Анод банкийг татан буулгах талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа. Хэзээ тодорхой болох бол?

-Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Анод банкинд Эрх хүлээн авах багийг 2009 оны арваннэгдүгээр сарын 30-наас томилон ажилуулсан. Банкны тухай хуулийн холбогдох заалтын дагуу Эрх хүлээн авагч нь гурван сарын дотор тухайн банкийг татан буулгах, эсвэл банкинд бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө хэрэгжүүлэх саналаа оруулж ирэх үүрэгтэй. Эрх хүлээн авагчийн саналыг 30 хоногийн дотор Монголбанк авч хэлэлцээд шийдвэрээ гаргах учиртай. Энэ гуравдугаар сардаа багтаж шийдвэр гарах болно.

-“Голдмен сакс” Олон-Овоотын лицензийн асуудлаар арбитрын шүүхэд хандсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар танайд албан ёсны мэдээлэл байна уу, өөрөөр хэлбэл тэд шүүхэд хандсан уу?

-Арбитрийн шүүхийн талаар өнөөдрийн байдлаар Монголбанкинд албан ёсоор хандаж ирсэн ямар нэг бичиг болоод мэдээлэл байхгүй байна.Тийм учраас тодорхой зүйл ярих боломжгүй байна. Сүүлийн гурван сарын хугацаанд буюу Зоос болон Анод банкинд эрх хүлээн авагч томилсны дараа Монголбанктай болон дээрх банкууд дээр ажиллаж байгаа эрх авагчтай “Голдмен сакс” компанийн төлөөлөгчид ирж хэд хэдэн удаа уулзаж ярилцаж, санал солилцож байсан. Монголбанк эрх хүлээн авагч томилсон хоёр банкаараа дамжуулан Олон овоотын алтны уурхайгаас хамгийн том авлагатай байгааг, мөн “Голдмен сакс” компани  энэ уурхайд зориулан зээл олгож тодорхой хэмжээний авлагатай байгааг хоёр тал харилцан зөвшөөрөлцөж байгаа болоод энэхүү их хэмжээний өрийг аль болох  хурдан хугацаанд хохиролгүйгээр төлүүлж барагдуулахын төлөө хамтран ажиллах боломжтой тухайгаа ч харилцан илэрхийлсэн болно. Лицензийг шилжүүлэхтэй  холбоотой  ямарч асуудалд Монголбанк оролцоогүй,  оролцох эрх зүйн үндэс ч байхгүй бөгөөд хуулиараа уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз олгодог бүртгэдэг тусгай байгууллага байдаг шүү дээ.

-Мөн Анодын барьцаанд байсан лицензийг бусдад дамжуулсан ташаа мэдээлэл үү?

-Олон овоотын алтны уурхайтай холбоотой ашиглалтын болон хайгуулын хэд хэдэн лиценз байдаг. Анх эдгээр лицензүүдийг Монгол газар компани өөрийн нэр дээр гаргуулан Анод банкинд зээлийн барьцаанд тавьж байсан бүртгэл байдаг. Дараа нь Анод банкны хуучин удирдлагуудаар шийдвэр гаргуулан барьцаанаас чөлөөлүүлээд “Голдмен сакс”-д барьцаанд тавьж  зээл авч байсан бүртгэл ч байгаа. Монголбанк Анод банкинд эрх хүлээн авагч томилсноос хойш лиценз барьцаанаас чөлөөлсөн шийдвэр  гаргаагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж