“Сочи-2014”-ийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

“Сочи-2014”-ийн эргэн тойронд

Хоёр долоо хоногийн турш дэлхий нийтийн анхаарлыг татсан 21 дэх удаагийн өвлийн олимпийн галт бамбар Канадын Ванкувер хотноо бадамлаж, 82 орны 2600 гаруй тамирчдыг цас мөсөн дунд нэгтгэсэн билээ. Ванкуверийн олимп хөшгөө хааж, авьяас чадвар, хүч чадлаа сорин өрсөлдсөн тив тивийн тамирчид дөрвөн жилийн дараа Сочигийн наадамд уулзахаар тов зарлаж, нутаг нутгийн зүг хүлгийн жолоогоо залсан. Харин 2014 онд тохиох өвлийн олимпийн нийслэл болсон Сочи хот дүн өвлийн цас мөс бус зуны дэлгэр цагт дэлгэрсэн цэцэг ногоо, дал модоороо олон хөлийн жуулчдыг татдаг. Хар тэнгисийн эрэг дээрх Сочи хот олон арван жилийн турш шаргал сайхан элстэй наран шарлагын газар, нуруу ээсэн тунгалаг нарны элчээрээ жуулчдын айлсах дуртай үзэсгэлэнт газруудын нэг байсаар ирсэн. Харин 2014 онд дэлхий дахин огт өөр Сочи хоттой танилцах учиртай. Дөрвөн жилийн дараа тохиох 22 дахь удаагийн өвлийн олимпийн наадмын зочид нэвсийсэн хөвсгөр цас, гөлгөр цагаан мөс төсөөлж буй. Харин оросууд тэдний хүслийг биелүүлж чадна гэдэгтээ итгэл төгс байгаа юм.
Өвлийн цагт Сочи хот дүнсгэр, нам гүм байдаг. Зөвлөлтийн үеийн зочид буудлууд нь хоосон шахам, Сочид амарч, зугаалж буй амрагчдын дийлэнх нь нас тогтсон хүмүүс байдаг. Түүнчлэн цана чаргаар гулгах дуртай оросууд өөрсдөө Кавказын нуруунаас 50 км орчим зайд орших өвлийн баазад хүрэлцэн ирдэг аж. Гэхдээ Сочи хотын энэ байдал 2014 оны цагаан олимпийн үеэр эрс өөрчлөгдөх болно.
Орос ах нарын тооцоолсон олимпийн наадмын төсөв үнэхээр рекорд тогтоосон гэж болно. Өвлийн олимпийн бэлтгэлд 11 тэрбум гаруй ам.доллар зарцуулахаар засгийн газраас амласан. Харин тэр их мөнгөний ердөө 20 хувийг олимпийн уралдаан, тэмцээн зохиогдох цэнгэлдэх, талбайд зарцуулах бөгөөд үлдсэнийг нь Сочи хотын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулагдах юм. Хотын захирагч Анатолий Пахамов хэрэв Сочи олимп зохион байгуулахгүй бол энэ хэмжээний хөрөнгө оруулалт хэзээ ч хийгдэхгүй байх байсан гэж нэгэнтээ ам алдаад авсан. Тэрбээр “Бид ирэх гурван жилийн хугацаанд бүхэл зууны туршид хийхүйц хэмжээний зүйлийг бүтээх болно” гэж байсан. Одоо бол Сочи хот бараг бүхэлдээ барилгын талбай болчихоод байгаа. Шинэ зам тавьж, уулзвар нэмж, улмаар 2014 он гэхэд Сочи хот цоо шинэ усан хангамжийн систем, шинэ эрчим хүчний станц мөн тээврийн боомттой болох юм.
Хэдийгээр олимпийн наадам хотын оршин суугдын амьдралыг өөрчилж байгаа боловч хүн бүр энэ өөрчлөлтийг сайнаар хүлээж авахгүй байгаа юм. Олон зуун айл өрхийг нүүлгэн шилжүүлж, олимпийн тосгонг бий болгохын тулд хүмүүс амьдарч дадсан газраасаа нүүж байна. Зарим алдартай наран шарлагын газрууд нь тээврийн боомт болж, далайн эргийн хөвөөнд багахан хэмжээний зочид буудлын бизнес эрхэлдэг хүмүүс амин зуулгаасаа салахад хүрч байна. Дээр нь, энд тэндгүй барилга байгууламжийн ажил эхэлсэн учир жуулчдын хөл татарч, энэ нь орон нутгийн бизнес эрхлэгчдийн орлогыг бууруулах гол нөхцөл нь болжээ.
Өвлийн олимпийн наадмыг угтан хийгдэж буй хамгийн үнэтэйд тооцогдох бүтээн байгуулалт бол сая сая зочид, төлөөлөгчдийг олимпийн тосгон болон уралдаан, тэмцээн зохиогдох уулын бэлд хүргэх цоо шинэ хурдны галт тэргийн зам юм. Уг төмөр зам нь 20 км гаруй хонгилтой байх ба 7.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр босох гэнэ. Гэхдээ энэ их хэмжээний мөнгө олимпийн наадмын бэлтгэлийн төсөв багтаагүй бөгөөд шалтгаан нь энэ шинэ төмөр зам Сочи хотын цаашдын ирээдүйд чухал ач холбогдолтой учир улсын засгийн газраас санхүүжүүлэх болсон байна.
Бас нэгэн зүйлийн талаар дурдахад, Сочи хотод хоккей тоглох, эсвэл уран гулгалтын тэмцээн зохион байгуулах мөсөн талбай байхгүй. Тус хотын цорын ганц залуучуудын хоккейн баг болох “Сочигийн Дельфинүүд” хоккей гэхээсээ илүүтэй заалны хөлбөмбөгт тохиромжтой бага хэмжээний спорт зааланд бэлтгэлээ хангахаас өөр арга байдаггүй гэнэ. Ерөнхийдөө Сочид өвлийн спорт төдийлөн хөгжөөгүй, хүмүүс нь ч тэгтэл сонирхоод байдаггүй хэмээн тус багийн дасгалжуулагч Андрей Жартовский ярьжээ. Жарковский болон түүний залуу шавь нарын хувьд хотын төвөөс 40 км-ын зайд байрлах мөсний хоккейн цоо шинэ талбай гэдэг үнэхээр мөрөөдөл биелсэн хэрэг болох юм. Тэрбээр олимпийн наадмын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Үнэхээр санаанд багтамгүй юм. Өмнөх олимпийн наадмыг зохион байгуулж байсан хотуу ядаж нэг ч болов бэлэн цэнгэлдэх, талбайтай байсан. Харин Сочид ганц зуны цэнгэлдэхээс өөр юу ч байхгүй” гэжээ.
ОХУ-ын эрх мэдэлтнүүд Сочи хотыг олон улсын цанын томоохон төв болгох хүсэл эрмэлзэл дүүрэн төлөвлөгөөтэй байгаа. 2014 оны олимпийн наадмын дараа уг цанын бааз ганц дотоодын төдийгүй олон улсын жуулчдыг татах томоохон хүчин зүйл болох юм. Олимпийн бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд ирэх жил анхны олон улсын тэмцээнээ зохион байгуулна. Ердөө ганцхан жилийн өмнө цанын бааз байгуулах талбай нь ой модоор хүрээлэгдсэн, харин олимпийн тосгон байгуулах гэж буй газарт ард иргэд нь хувийн амины сууцтай, жимс, хүнсний ногооны талбайгаар дүүрэн байжээ. Харин өдгөө зуу зуун ажилчид хотын энд тэндгүй холхилдох болж, товлосон хугацаанд бүгдийг бэлэн болгохоо шаргуу хөдөлмөрлөж байна. Өвлийн олимп амжилттай болж өнгөрсний дараа олимпийн тосгон амралт, чөлөөт цаг өнгөрүүлэхэд зориулагдсан цэнгэлийн орон болох бөгөөд харин спорт талбайнууд нь хурал зөвлөгөөн хийх төв болон худалдааны томоохон төвүүд болох учиртай. Түүнчлэн спортын гурван талбайг Оросын бусад хүйтэн цаг агаартай хотууд руу шилжүүлэх гэнэ.
2014 оны өвлийн олимпод авьяас чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөх тамирчид, тэдний дасгалжуулагчид болоод хүн төрөлхтөнийг спортын нэгэн дээвэр дор  нэгтгэх агуу өвлийн олимпийг үзэж сонирхохоор Сочид ирэх сая сая зочид тэр цагт одоогийнхоос огт өөр, орчин цагийн Сочиг харах болно. Гэхдээ тэр их бүтээн байгуулалт, өөрчлөл шинэчлэлээс гадна Сочигийн ард иргэдийн оюун санаанд цоо шинэ хувьсгал хийх хэрэгтэй юм. Сочи хотын зочид буудлын үйлчилгээний өнөөгийн төвшин тэр цагт гологдох нь эргэлзээгүй. Хуучны зөвлөлтийн үеийн сэтгэлгээ, хүйтэн хөндий нүүрний илрэл өдгөө ч тэнд хадгалагдан оршсоор буй. Түүнчлэн хотод англи хэлээр чөлөөтэй нэвтрэлцэх хүн тун ч цөөхөн, дээр нь хөрш Абхазын цагаачид таксины жолоочоор ажиллах тохиолдол цөөнгүй. Хэдийгээр олимпийн наадмын бэлтгэл базаахад зарцуулагдах төсвийг тооцоолж болох хэдий ч нийгмийн сэтгэлгээ, оюун санааны өөрчлөлт хийхэд шаардагдах үнэ цэнийг тооцоолоход бэрх.

Бэлтгэсэн С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж