Ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдагсад болон хөрөнгийн хэмжээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдагсад болон хөрөнгийн хэмжээ нэмэгджээ

Саяхан Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болсон. Зөвлөлгөөнөөр чухам ямар асуудал хэлэлцсэн хийгээд салбарын өмнө тулгамдсан асуудлын талаар НДЕГ-ын дарга Ч.Алтанхуягаас цөөн асуултад хариулт авлаа.
-Өнгөрөгч жил санхүү, эдийн засгийн хямралтай он байлаа. Хямралын үед ажиллахад мэдээж бэрхшээлтэй байсан байх. Гэвч төлөвлөгөөгөө биелүүлж чадсан юм байна?
-Санхүү, эдийн засгийн хямралын үед мөрдөх тодорхой төлөвлөгөө гарган ажилласан маань шимтгэлийн орлогоо давуулан биелүүлэхэд гол түлхэц болсон. Төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, сахилгыг чамбайруулах, зарим тэвчиж болох зардлыг аль болохоор хэмнэх, албан хаагчдадаа тавих шаардлагаа улам бүр өндөржүүлж ажилласан маань үр дүнгээ өглөө гэж бодож байна.
Бид зөвхөн орлого цуглуулахад гол зорилгоо чиглүүлээгүй гэдгийг энд бас онцолж хэлмээр байна. Хямралын улмаас даатгуулагч, ажил олгогчид учирсан хохирол, иргэдийн болон гэр бүлийн орлогын бууралт зэрэг эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сангаас олгож буй зарим төрлийн тэтгэмжийн нөхцөлийг зөөлрүүлэх, хэмжээ, хугацааг нэмэгдүүлэх, шинэ төрлийн тэтгэмж бий болгоход онцгой  анхаарч ажиллалаа. Тухайлбал, даатгуулагчид шинэ төрлийн буюу өвчтөн сахисны тэтгэмж олгох асуудлаар УИХ хууль баталж гаргалаа. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тэтгэмжийн даатгалын сангаас олгодог оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн 300 мянган төгрөгөөр тогтоосон. Иймээс ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчдын тоо 2008 онтой харьцуулахад 41 хувиар буюу 3.3 мянган хүнээр, хөрөнгийн хэмжээ 2.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тэтгэмжийн даатгалын сангаас өвчтөн сахисны тэтгэмжид 3.9 сая төгрөг, оршуулгын тэтгэмжид 933 сая төгрөг нэмж зарцуулсан байна.
-2010 оныг цахим жил болгон зарлаж байгаа юм байна. Тэгэхээр энэ хүрээнд ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Нийгмийн даатгалын мэдээллийн тогтолцоог сайжруулах, иргэдэд даатгалын үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор 2010 оныг “Цахим нийгмийн даатгалын үйлчилгээний жил” болгон зарласан юм. Энэ хүрээнд мэдээллийн сүлжээ, өгөгдлийн сангийн бүрдүүлэлтийг сайжруулах, мэдээллийн баазыг үнэн зөв бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллана. Ер нь цаашдын гол зорилго маань бол нийгмийн даатгалын дэвтрээс татгалзаж, бүртгэл мэдээллийг цахим хэлбэрээр иргэдэд хүргэх явдал юм. Ингэж чадвал нийгмийн даатгалын үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод байх нөхцлийг хангах, улмаар даатгуулагчдын цаг хугацаа, мөнгө төгрөгийг хэмнэх давуу талтай. Түүнээс гадна манай албан хаагчдын үзүүлэх үйлчилгээ хурдасч, тэр хэрээр эдийн засгийн өгөөж нэмэгдэх давхар үр ашигтай юм.
-Нийгмийн даатгалын багц хуульд шинэчлэл хийх цаг болсон гэж хүмүүс ярьдаг. Энэ хүрээнд энэ жил ямар ажил хийх вэ? УИХ-аар танай салбартай холбоотой хууль тогтоомжууд хэлэлцэж байгаа юу?
-Энэ он манай салбарын хувьд нийгмийн даатгалын хууль тогтоомжийн шинэчлэлийн жил байх болно. Тэтгэврийн сангийн бие даасан үйл ажиллагааг дэмжих, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох замаар бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг урт хугацааны хөрөнгө оруулалтад оруулах, иргэдийн нэрийн дансны мөнгийг баталгаажуулж тэдний нийгмийн даатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, малчин бүрийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэг чиглэлээр  хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шинэчлэн боловсронгуй болгох хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байна. Мөн иргэний эрүүл мэндийн даатгалын чанар, хүртээмжийг сайжруулах, нэр төрлийг оновчтой тогтоох, давхар даатгалыг хөгжүүлэх хийгээд хууль тогтоомжийг цогцоор нь шинэчлэх ажлыг энэ онд хэрэгжүүлэх болно. Энэ хүрээнд хийсэн ажил ч нэлээд байна. Тухайлбал, дээрх  чиглэлээр холбогдох хууль, журмын төслийг боловсруулан Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлээд байгаа.
-Эцэст нь нэг зүйл тодруулъя. Та түрүүн хэлсэн үгэндээ орон нутгийн, нэн ялангуяа нийгмийн даатгалын үйлчилгээний анхан шатны нэгж болох сумдын ажил байдалтай биеэр танилцах талаар нэлээн анхаарч ажилласан гэж хэлж байсан. Ингэж явахад хамгийн тулгамдсан асуудал юу байв аа?
-Олон юм хэлж болно. Би 20 гаруй сумаар явж ажил байдалтай нь танилцсан. Нийгмийн даатгалын байцаагч нарын үйл ажиллагааны удирдамж, гарын авлага байхгүйгээс шинээр ажилд орсон ажилтнууд  хуулийн зарим зүйл заалтыг буруу хэрэглэх, даатгуулагчдад ташаа мэдээлэл өгөх зэрэг сөрөг үзэгдэл нэлээд гарч байгаа нь ажиглагдсан. Бид даатгуулагч, ажил олгогчдодоо зориулсан гарын авлага олныг хийсэн атлаа өөрсдийгөө мартсан байна. Иймээс энэ онд салбарынхаа ажилтан, албан хаагч нарт зориулсан, манай салбарын эрхлэх асуудлын чиглэлээрх бүх мэдээллийг агуулсан гарын авлага, ажлын удирдамжтай болно. Дашрамд дурдахад, энэ жил ч гэсэн би анхан шатны нэгжид хүрч ажиллах талаар нэлээд зүйл хийхээр төлөвлөж байгаагаа хэлмээр байна.
Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж