Н.Ганбямба: Дахиад хувьсгал хийх ёстой юм бол мэдлэгийн хувьсгал л байх ёстой

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Н.Ганбямба: Дахиад хувьсгал хийх ёстой юм бол мэдлэгийн хувьсгал л байх ёстой

Н.Ганбямба: Дахиад хувьсгал хийх ёстой юм бол мэдлэгийн хувьсгал л байх ёстой
УИХ-ын гишүүн Н.Ганбямба түүхч хүн. Чуулган завсарлаж улс төр түр амсхийсэн энэ үеэр түүнтэй түүхчийнх нь хувьд хуучилж Монгол оронд ХХ зуунд өрнөсөн хувьсгалуудын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой явдгаас нь хуваалцлаа.

-Та өнгөрсөн зуунд Монгол оронд болсон хувьсгалуудын талаар өөрийн гэсэн байр суурьтай явдаг юм байна. Ардчилсан хувьсгалыг ч бас өвөрмөц байдлаар дүгнэдэг бололтой. Хууль тогтоомж, УИХ тойрсон сэдвээс энэ удаа түр хөндийрч эдгээр хувьсгалуудын талаар ярилцах уу. Өнгөрсөн зууны ууган хувьсгал болсон 1911 оноос эхэлье. Энэ хувьсгалын мөн чанар таныхаар юу байсан бэ?

-Энэ хувьсгал бол Манжийн 200 гаруй жилийн дарлал мөн бас бус улсын хараатаас салж Монгол Улс тусгаар тогтнолынхоо төлөө эргэлт буцалтгүй тэмцсэн, улс төрийн хувьд маш том ач холбогдолтой түүхэн хувьсгал байсан. Монголын дотоод гадаад аль аль талд эгзэгтэй нөхцөл үүсчихсэн хүнд үед өрнөсөн энэ хувьсгалаар Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан юм. Тодруулж хэлбэл 1911 оны долдугаар сарын 16ны өдөр.
Харамсалтай нь тусгаар байдлаа удаан хадгалж чадаагүй. 1919 онд Сюй Шү Жанаар толгойлуулсан Хятадын хар цэрэг нийслэл Хүрээнд хүчээр орж ирж Монголын сувернитетыг устгасан. Ингэснээр Монгол Улс тусгаар тогтнолоо дахин алдсан гунигт явдал болсон. Харин 1921 онд Орос улсын туслалцаатайгаар тусгаар тогтнолоо олж авахын төлөө дахин хувьсгал хийсэн юм.

-Тусгаар тогтнолын жинхэнэ өдөр 1911 оны долдугаар сарын 16 гэж үзвэл 1924 оны арваннэгдүгээр сарын 26 -ныг юу гэж ойлгох вэ?

– 1911 оны долдугаар сарын 16 бол яах аргагүй Монголын тусгаар тогтносон өдөр. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд социалист Үндсэн хуулийг баталж Хаант засаг, хамжлагат ёсыг халж, Бүгд найрамдах Улсыг тунхагласан. 1911 оны хувьсгалын ач холбогдлыг бүүдийлгэж багасгаж огт болохгүй. Монголчууд нийт үндэстнээрээ нийлж тусгаар тогтнолынхоо төлөө хэний ч тусламжгүй хийсэн ганц хувьсгал юм шүү.

-Тэгвэл 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ныг тусгаар тогтнолын биш, анхны Үндсэн хууль баталсан өдөр гэж үзэх үү?

-Энэ Үндсэн хуульд ард түмнээ ангиар хувааж үзсэн байдаг. Тэгэхээр юуны нь тусгаар тогтнол байх вэ дээ. 1924 оны Үндсэн хуульд  монголчуудаа жинхэнэ ба жинхэнэ бус ардад хувааж, Монголын төр жинхэнэ ардын эрхийг л хамгаална гэж ялгаварлаж заасныг дурдах хэрэгтэй. Ядуу бол жинхэнэ ард, хөрөнгө чинээтэй бол биш юм гэнэ. Төр ямар ч тохиолдолд өөрийн үндэстнээ ингэж дотор нь ялгаварлаж үзэж болохгүй биз дээ.1924 оны Үндсэн хуульд тусгаар тогтнолтой холбоотой ямар ч зүйл байхгүй. 1921 оны хувьсгал Оросын Октябрийн хувьсгалын нөлөөгөөр гарсан. В.И.Ленин ажилчин, тариачны төлөө хэмээн гарч ирсэн бол Монголд жинхэнэ ардын төлөө хэмээн баячууд, лам нарыг үй олноор хоморголон устгасан. Ийм үйл явдал Орост ч болсон. Байдал ийм л байлаа.

-Монгол Улсын тусгаар тогтнолыг 1911 онд гадаадын ямар улс хүлээн зөвшөөрсөн бэ. Түүхийн ном зохиолд энэ талаар дурдсан нь ховор байдаг шиг санагдана?

-Тухайн үед тусгаар байсан Төвд улс л манай тусгаар тогтнолыг зөвшөөрсөн. Бусад  улс зөвшөөрөөгүй нь улс төрийн том шалтгаантай.

-Ямар шалтгаантай байв?

-Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол Улсыг 1911 онд тунхагласан.Олноо өргөгдсөн гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгийг тайлбарлах уу. Тэр хувьсгалаас өмнө Богд хаан зөвхөн Ар Монголын шашны тэргүүн байсан. Харин 1911 оны хувьсгалаар түүнийг бүх Монгол үндэстний шашин, төрийг хослон баригч хаанаар өргөмжилжээ. Энд Ар Монгол, Өвөр Монгол, Тагна урианхай, Барга, Зүүн гар, Хөх нуур, Буриад болон бусад монголчууд  бүгд дагаар оржээ. Нэгдэн орсон газар нутаг 1206 онд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын газар нутагтай дүйцэхүйц хэмжээтэй байсан гээд бод доо. Ингэж  монголчууд нийт Монгол үндэстэнээрээ нэгдсэн маш чухал үйл явдал болсон ч харамсалтай нь удаан үргэлжлээгүй.

-Яагаад дахин задарсан хэрэг вэ?

-Монголчуудыг нэгдэж, өсөхөөс хөрш орнууд маань ч, дэлхийн бусад улсууд ч айж байсан. Тэд нийт монгол үндэстнийг нэгтгэхийг хүсээгүй тул тусгаар тогтнолд нь халдаж монголчуудыг салгаж бутаргасан. Ер нь геополитикийн хувьд нэг улс хүчтэй болно гэдэг нь нөгөө улс хүчээ алдаж буй хэрэг учраас хүчийг нь сарниулж довтолдог бичигдээгүй хууль бий. Гадаад улсуудын хувьд нийт монгол үндэстэн нэгдэнэ гэдэг маш том аюул байсан. Тиймээс монголчуудыг хүчтэй болгохгүйн тулд тусгаар тогтнолд нь халдсан хэрэг.

-Харамсалтай юм. Гадаад орнууд ингэж эсэргүүцэж байсан баримт бий юү?

-1911 онд хувьсгал ялсны дараа дэлхийн олон орнуудад монголчууд тусгаар тогтнолоо зарласан бичиг явуулжээ. Тусгаар тогтнолоо тунхагласан бичгийг АНУ, Франц, Герман, Япон, Дани, Холланд, Бельги, Австри, Их Британи зэрэг тухайн үеийн нөлөө бүхий улсуудад илгээсэн байна. Гэвч аль нь ч  ямар ч хариу өгөөгүй. Манай түүхчид үүнийг тэдгээр улсууд Орос Хятадтай харилцаагаа муутгахаас сэрэмжилсэн хэрэг гэж цайруулж бичдэг л дээ. Гэтэл бодит байдал дээр тэд Орос, Хятадаас хамаагүй хүчтэй байсан шүү дээ. Дээр нь Хятад 1911 онд Монголд цэрэг оруулж байхад өнөө хүмүүнлэг улсууд дуугай л харж суусан. Энэ нь манай тусгаар тогтнолыг тэд хүсээгүй гэх илхэн баримт биш үү.

-Өмнөх хувьсгалууд тийм байж. Тэгвэл 20 жилийн ойг нь ид тэмдэглэж байгаа 1990 оны ардчилсан хувьсгалын талаар та ямар бодолтой байдаг вэ?

-1990 оны хувьсгал бол юуны өмнө тусгаар тогтнолын төлөө биш, улс төрийн системийн шинэтгэлийн төлөөх дотоодын хувьсгал байсан. Үүгээрээ онцлог. 1990 оны ардчилсан хувьсгалыг социализмыг халж барууны хөгжилтэй орнууд дахь демократ системийг авчрах эрмэлзэлтэй хийсэн. Харамсалтай нь 20 жилийн дараа харахад өөрчлөлт, шинэчлэлтийг тийм ч эрчимтэй хийж чадсангүй.

-Гэхдээ л ардчилсан хувьсгалыг хийсэн шүү дээ?

-Тийм ээ, ардчилсан хувьсгалыг хийсэн. Гэвч ардчилсан хувьсгалыг өнөөдрийг хүртэл нийгмийн захиалгатай байсан гэхээс өөрөөр хэн ямар зорилгоор хийсэнийг хэн ч асуусангүй. Жинхэнэ демократ хувьсгал хийж чадсангүй.

-Жинхэнэ демократ хувьсгал гэдэг нь ямар хувьсгал гэж?

-Ямар ч байсан талбай дээр гарч зогсохгүй, жагсахгүй, хэрэлдэхгүй, зодолдохгүй, буудалцахгүй. Гадаадын дайснуудын өмнөөс зогсдог, жагсдаг хувьсгалуудаа аль  1911, 1921 онд хийсэн. Монгол хүн монголынхоо  өмнөөс тэмцэж хэрэггүй л дээ, бид чинь цөөхөн. Тиймээс бие биеэ хайрлах хэрэгтэй. Бид хэн нэгнийгээ харааж, яллаж, буруутгаад явбал одоо байгаа байдлаасаа дордоно уу гэхээс дээрдэхгүй, бусдын л идэш болж дуусна. Сүүлийн үед дахиж хувьсгал хийнэ гэх яриа дуулдах болж. Хэрвээ өөрчлөлт зайлшгүй гэвэл, тэгээд энэ нь хувьсгал байх ёстой юм бол мэдлэгийн л хувьсгал байх ёстой. Үүнийгээ Үндсэн хуулиасаа, ясли, цэцэрлэгээсээ, дунд сургуулиасаа, аж үйлдвэрээсээ, цаашлаад шинжлэх ухааны нэр томёоноосоо эхлэх ёстой.

-Мэдлэгийн хувьсгалыг боловсролоос эхлэх байх. Гэтэл боловсролын салбарт шинэчлэлт тааруу байх шиг. Үүнийг яавал засах вэ?

-Боловсрол гэдэг бүр ясли, цэцэрлэгээс эхэлдэг цогц зүйл. Гэтэл манайд ясли, цэцэрлэгийг зүгээр л хүүхэд саатуулах газар гэж ойлгодгоос биш боловсрол олгох ёстойг мэддэггүй. Тэндээсээ шууд л бага боловсрол руу үсрээд орчихдог. Гэтэл хүний ухаан бүрэлдэж, хөгжих чухал нас ясли, цэцэрлэгийн үе шүү дээ. Нэгэнт зургаа, долоон нас хүрсэн хүүхдийн тархийг дахиж өөрчлөхөд тун хэцүү. Боловсролын ийм системийн дүнд баахан юм мэддэг хэрнээ мэдэх юмгүй нөхөд боловсорно оо доо. Дээд сургуулиудын асуудал бас ярвигтай. Олон дээд сургуультай болсны хэрээр дээд боловсролтой хүмүүс олныг бэлдсэн. Гэхдээ ихэнх нь нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр сурсан. Байгалийн ухааны тал хоцорсон. Боловсролын салбарт үнэн мэдлэгийг зааж, эрүүлжээгүй цагт Монголд ашигт малтмалын 20, 30 толгой орд газар байгаад ч хөгжихгүй. Байлаа гээд ашигт малтмалаа их хэмжээгээр ашигласан орон хөгжсөн түүх байхгүй. Тиймээс ч зарим талаар байгалийн баялгийг хараал гэдэг. Энэ хараалын гайгаар Монгол Улсын нийт газар нутгийн 51 хувийг гаднынхан лиценз хэлбэрээр эзэмшчихээд байна.  Нэг л өдөр малаа хариулаад явж буй жирийн монгол хүн бэлчээрээсээ хөөгдөж, тайван амьдраад сууж буй айл өрхүүд газаргүй болж мэднэ. Ийм хутганы ирэн дээр байгаа осолтой нөхцөлд монголчуудыг Оюутолгой, Тавантолгой биш, мэдлэгтэй шинэ үе, тэр дундаа философи, философийн мэдлэгтэй шинэ хүн л аварна. Монголчуудын дийлэнх нь амьд яваагаас амьдарч чадаагүй л яваа.

-Амьд явах, амьдрах хоёрт ялгаа бий юү?

-Маш том, бүр дэндүү том ялгаатай ойлголт. Амьд гэдэг нь зөвхөн амьсгалж л байгаа нь үнэн гэсэн үг. Амьд яваа хүн Африк тивээр дүүрэн  байна. Хоолгүй, хувцасгүй, гэргүй, ямар ч эрхгүй, хэзээ ч буудуулж үхэхэд бэлэн яваа амьд хүн. Манайд ч бодит байдал дээр ялгаагүй болчихсон амьд яваа хүмүүс бас байна. Амьдрахын тухайд бол хоол, хувцас, гэр орон, хүний эрх гээд суурь хэрэгцээнүүд хангагдсан үед дөнгөж эхэлдэг. Материаллаг баазтай болсноор амьдарч байна гэхэд бас л дутуу. Хүн амьдрахдаа өөрийгөө илчлэх боломжоор хангагдах нэн шаардлагатай. Яагаад монголчууд ингэж чадахгүй байна гээч. Нөгөө л мэдлэггүй гэдгээ эргэж сөхөх хэрэгтэй болоод байна. Тиймээс хэрэв манайд үнэхээр хувьсгалын дараагийн үе шат хэрэгтэй болчихсон юм бол гудамжинд жагсах биш, монгол хүн монгол хүнийхээ эсрэг босч өөд өөдөөсөө турхиралцах бус, толгой дотроо хувьсгал хийе л дээ. Тэр цагт бид хэний ч өөдөөс ёстой ардчилсан Монгол Улсын иргэн гэж бардам хэлэх эрхтэй болно. Ажилгүй, боловсролгүй гэж нутаг дотроо гологдохоо ч болино.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж