Энэ оныг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд ямар ажил хийж хэрэгжүлэх талаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийв. Хэвлэлийн хуралд тус яамны дэд сайд Д.Нямхүү, төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Энхтуяа, Стратегийн төлөвлөлтийн газрын дарга Н.Аюуш, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ш.Мөнхцэрэн нар оролцож, 2011 онд хийх гол ажлаасаа танилцууллаа. Энэ жилээс эхлэн жил тутам 60 мянгаас багагүй тооны ажлын байр бий болгохын дээр өрхийн хөгжлийг дэмжих төлөвлөгөөний дагуу 900 өрх тутмаас нэг хүнийг ажилтай болгох бодлого боловсруулжээ. Мөн 12 мянган иргэнийг сургалтад хамруулж, тэдний 60-аас багагүй хувийг нь ажилд зуучлан оруулна гэсэн төлөвлөгөөг тус яамнаас боловсруулсныг дэд сайд Д.Нямхүү танилцууллаа. Энэ онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдэх хамгийн чухал ажлын нэгд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн шинэчлэл ажээ. Тун удахгүй УИХ-аар хэлэлцэж батлах уг хуулинд ажлын байрыг хадгалах, хамгаалах, нэмэгдүүлэх асуудлыг түлхүү тусгасныг Н.Аюуш яриандаа онцолж байлаа. Түүнчлэн бизнесийн байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх боломжийг олгох талаар ч уг хуульд тусгасан байна.
Д.Цээнэ