Өнгөрсөн долоо хоногийн хамгийн гайхалтай үдэш Аса
циркэд болсон. Яруу найрагч Ц.Хуланд, бас түүний шүлгүүдэд хайртай олон
хүмүүс тэнд цугларлаа. Арга хэмжээг хөтлөн явуулсан яруу найрагч
Ш.Гүрбазарын хэлснээр ямар ч атаа хорсол, ад цуглаагүй, “Болор цом”-оос
огт өөр үдэш тэнд болов.
“Баярлалаа танд, миний ард
түмэн”. Эхний шүлгээрээ Ц.Хулан үзэгчдэд талархсан сэтгэлээ илэрхийлэв.
Түүний дараа хоёр шүлэг уншаад л эхний хэсэг дуусчихав.
Нэг гоё шүлэг нь сэтгэлээс гарахгүй үлдэж…
“Шүлэг бодсоор явтал нас минь хэвийж
Шүүдэр цуглуулан цай чанах худлаа болжээ, ээжээ…
…Хорвоогийн сайхан цэцэгсийг тандаа барьвал
Хорхойд хоргүй та минь түүгээр яах ч билээ…
Удвал гэдэг цэцгийн баглаа
Шар
охиноо тандаа бэлэглэе…” гэх мөрс сэтгэл догдлуулав. Нээрэн үүнээс
том бэлэг үгүй биз. Төд удалгүй найрагч бүсгүйн өнөө жаахан шар охин
тайзан дээр гараад ирэв. Тэгээд өхөөрдөм хөөрхнөөр “Миний ээжийн үдэшт
ирсэн та бүхэнд баярлалаа” гээд “Монголын үзэсгэлэнт саран гуа намайг
төрүүлсэн ижий…” гээд л дуржигнатал дөрвөн мөр уншчихав. Хөтлөгч
Гүрбазарын зарласнаар тоглолтын хоёрдугаар хэсэг болох тэнд цугласан
яруу найрагчдын шүлэг найрагаа унших хэсэг эхэллээ. Тайзан дээр гарч
ирсэн эхний зочин Ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсан байлаа.
Тэрбээр “Энэ Хулан хэрвээ эр хүн байсан бол ямар янзын юм байх байсан
бол гэж би бодож үзлээ л дээ. Тэгээд нэг ийм юм бичсэн юм” гээд
түүнийгээ уншиж сонирхуулав.
“Хулан хэрвээ
эр хүн байсан бол
Чонон хийморьтой
Ирвэс дээлтэй панзчин яваа…
Далай
багшийнх шүү гэж хэлээд
Хуванцар хөөргөө
үнэтэй зарна…” Үзэгчдийг ёстой инээлгэх шиг л болсон. Үүний дараа “Бид
цөөхүүлээ шүү дээ” гэх үнэн үгтэй шүлгээ уншсан.
“Бэлчиж яваа ямаанаасаа ес дахин цөөхүүлээ шүү дээ
Аяа бид дэндүү цөөхүүлээ шүү дээ
Нэг Монголын амь эрсдэхэд
Мянган
одод тэнгэрт унтарна
Бид цөөрөх ёсгүй цөөхүүлээ
шүү дээ, монголчууд минь ээ”… Ямар гоё уншдаг юм бэ. Бичсэн шүлгээ
хүний ой тойнд шингэтэл сайхан уншиж амилуулна гэдэг л тэр байх. Одоо
ингээд шууд л мөртүүд нь санаанд бууж байна.
Түүний
дараа Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай тайзан дээр гарч ирэн
мэндчилсэн. Тэрбээр Ц.Хулангийн “Цэцгийн толгой таслахгүй үртэй байхыг
хүснэ би,
Цэцдийн толгой авахгүй төртэй байхыг хүснэ
би” гэсэн мөртөд их хайртайгаа хэлж байлаа. “Би Хулан, Ичинхорлоо,
Мөнхцэцэг гурвыг Монголын яруу найргийн тэнгэр дэх марал гурван од гэж
боддог юм. Хулан маань Ичинхорлоог анх нээсэн хүн юм шүү дээ” гээд өрийн
шүлгээсээ уншиж сонирхууллаа..
Ардын уран зохиолч
П.Бадарч “Миний найз Долгорын Нямаа, Лувсаншарав хоёр маань ярьж байсан
юм. Би чамд хайртай гэдэг чинь орос үг. Манайд ийм үг байгаагүй. Я люблю
тебя гэдгээс л орчуулчихсан гэж… Тэгээд би энэ үдэш Хуландаа хайртай
гэж хэлмээр байна. Буруугаар ойлгов оо” гэж даажигнаад
“Бид нар Эрдэнэт рүү яруу найргийн уулзалтад нэг явж
байлаа. Тэнд байж байхдаа би Хуланг харсан чинь их хөөрхөн монди
харагдаж байна аа, тэгээд би Гүй ээ, чи мөн хөөрхөн дамшиг юм аа гэлээ.
Тэгсэн Хулан “За та яаж байгаа юм? Дурлаж байгаа санаатай юм уу?” гэж
байна. Тэгэхээр нь “би тэгж байна, дурлаж байна” гэсэн чинь Хулан хариуд
нь “Болноо. Дурлаж болно, сууж ч болно. Гэхдээ Цоодолын хүргэн гэж
хэлүүлэхээс л ичихгүй бол болно” гэж билээ” гэж дурсан ярьж үзэгчдийг
баясгав. “Манай Цоодол ч муу хүн биш л дээ. Гэхдээ нэг их олигтой хүн
лав биш шүү” гэснээ “Хүн ч давахгүй гэсэн даваагаар гурав давдаг юм
байна. Би ч уул нь гурван сарын өмнө Болор цомд шүлэг уншихгүй гээд
зодог тайлсан. Одоо тэгсэн энд шүлэг унших гээд л зогсож байна. Сайхан
хүүхэн хараад онгирч байгаа дамшиг юм байлгүй” гэж марзаганаад авав.
Ингээд “Бөртэтэй цагаан сарны доор” шүлгээ уншиж сонирхуулсан.
Яруу найрагч Г.Мөнхцэцэг “Хулан, Ичин, Чилаа, Эрдэнэ-Очир,
Бавуудорж гээд нэрлэвэл олон нэр байна л даа. Бид нарыг 90-ээд оныхон
гэж нэрлэдэг. 90-ээд онд манай хүүхнүүд тухайн үедээ л тийм нэг аальгүй
шүлэг бичиж байж. Тэгээд хүмүүс муу хэлээд л аальгүй шүлэг бичиж, айлын
эр эргүүлэх нь гэсэн хандлагатай байсан. Анд минь, би чамд минь эр зориг
байгааг дээдэлж, баясаж, чамаараа бахархаж явдаг шүү. Ичинхорлоо маань
өнөөдрийн тухай сонсоод Америкт шээс нь гоожих гэж байна гэнэ. Америк
гэдэг чинь хар, шар есөн зүйлийн хүн холхидог сонин амьтны ертөнц шиг
газар байна. Монгол эх орноо та нар маань хайрлаж яваарай гэж
дамжуулсан” гэж холын хүний сонин дуулгаад 2001 онд Болор цом авахдаа
уншиж байсан “Янжинлхам бурханд мөргөж гуйх шүлэг”-ээ уншив.
Ингээд залгуулаад яруу найрагч Бавуудорж, Чимэддорж нар
өөрсдийн шүлгүүдээсээ уншиж сонирхуулсан.
Энэ
үдшийн хамгийн хүндтэй зочин бол мэдээж найрагч бүсгүйн аав Д.Цоодол
гуай байсан. Тэрбээр “Их л баярлаж байна. Та бүхэн маань энд цуглараад
хүүгийн маань шүлгүүдийг сонсох гэж ирж. Миний найзууд ч энд сууж байна.
Би ч миний муусайн найзууд энэ тэр гээд бичиж л байсан. Долигоноод ч
байгаа юм уу хаашаа ч шүлэг юм бэ дээ, зайлуул. Гүй ээ, тэгээд тэр
долигоноод байгаа хэдийг нь хар даа. Нээх ч шальтай юмнууд биш дээ,
хөөрхий. Ашгүй хэдэн сайхан шижигнэсэн залуучууд энд ирж шүлгээ уншиж
байна. Би ч одоо шүлэг гэдэг тоглоомноос бараг гарч байна шүү дээ.
Сүүлийн үед орчуулга хийж байгаа нь энэ гээд хачин юм хийж суудаг
болсон” гээд шогийн өндөр мэдрэмжээрээ тэр үдшийг чимээд авав.
“Манай зохиолчдын эвлэл чинь бас нүдэнд үзэгдэхгүй янз
бүрийн хэлтсүүдтэй шүү. За, манай дарга Мөнхцэцэг сууж байна. За тэгээд,
дурлалын хэлтсийн дарга П.Бадарч байна. “Нас тогтсон хүүхнүүд
Намбалаг болоод өнгөлөг” гэж бичсэн манай Сүрэнжав бол нас
тогтсон хүүхнүүдийн хэлтсийн дарга. Түрүүн Бадарч, Галсан хоёр баахан
доромжилж байгаад л буулаа. Би чинь хөгшин ч гэсэн энэ хоёроосоо дүү
байгаа юм. Ах нараасаа суралцнаа. Бадарч эхэндээ баахан доромжилж
байгаад араас нь “Бөртэтэй сарны доор” энэ тэр гээд л уншаад явчихсан”
гэх мэтээр ёжлож нөхдөө хэсэг явуулаад “Ингээд би нэг шүлэг бичсэнээ
хэлье. За даа, шүлэг ч гэхэд хэцүү эд. Энд цугласан хэдэн найрагчдыгаа
би хөдөө байвал ямархуу янзын юмнууд байх бол гэж бодож байгаад бичсэн
юм. Миний энийг ч одоо тэгээд шүлэг гэхгүй дээ, бараг. За яахав
сурвалжлага л гэчихье. Гэхдээ зөнөсөн хүний сурвалжлага шүү. Одоо миний
сурвалжлагыг тоож авдаг сонин ч гэж байхгүй. Тэгээд гайхахдаа энэ
хэдийгээ өөрөө өөртөө л бичсэн юм” гээд хүн бүрт бичсэн шүлгээ уншиж
сонирхуулсан нь үзэгчдийг ёстой л байлдан дагуулж байлаа. Зөнөсөн хүний
сурвалжлагын дараа тэрбээр “Нэг шавь маань намайг Манай багш хүний тухай
бичиж дуусаад одоо шувууны тухай бичиж эхэлсэн гэж явуулж байсан юм”
гээд “Шувуу” нэртэй шүлгээ уншлаа. Үнэхээр гоё шүлэг байсан.
Дараагийн зочин Болор цомын эзэн найрагч Лхамноржмаа
“Хуульгүй амраг” гэх илэрхий нууц амрагийн шүлгээ зоримог уншаад ороод
явчихав. Араас нь Гүрбазар “Манай найрагч хүүхнүүдийн нөхрүүд дээдийн
дээд хүмүүс байдаг байх” гэж “дүгнээд” дараагийн зочин яруу найрагч
Сүглэгмааг урьсан. Тэр “Унаган багын найз Хуландаа” гээд “Эх орон”
шүлгээ уншсан юм.
Үүний араас Хүүхэлдэйн театрын
үзүүлбэр гарч ирсэн нь танхимын атмосферийг өөрчилж, үзэгчдэд гайхалтай
сэргээш болсон. Дуучин Ариунаатай ив ижилхэн, дэрвийсэн урт сормуус, том
хөхтэй, дур булаам хүүхэлдэй “Догь байгаа биз” гэж дуулсаар гарч ирсэн
нь үзэгчдийг ёстой л инээдэнд бялхааж байв. Энэ үед “хүүхэлдэйн” Нямдорж
гишүүн “Ариунаа, энэ тоглолт хуулийн хүрээнд зохиогдож байна уу гэдгийг
л асуумаар байна” гэж нөгөө л хууль дүрмээ ярьсаар гараад ирэв. Эрүүл
мэндийн сайд Ламбаа “Нямдорж даргаа, энд хууль дүрэм ер нь ямар хамаатай
юм бэ. Та дандаа ингэж байх юм. Одоо Хулангийн үдэш болж байна шүү дээ”
гэх мэтчилэнгээр ярилцаж үзэгчдийг баясгалаа. Хакухо Даваажаргал,
Асашёорюү Давагдорж, яруу найрагч Урианхай, Чимэддорж, Гүрбазар, Галсан,
Бадарч нарын хүүхэлдэйнүүд үнэхээр хөөрхөн байлаа. Тэднийг нөхөрсгөөр
элэглэсний дараа Монгол Улсын ерөнхийлөгч Ц_Элбэгдорж, АНУ-ын
ерөнхийлөгч Барак Обамагийн хамт гараад ирэв. Тэд яруу найрагч Хуланд
баяр хүргэцгээсэн юм. Хүүхэлдэйн театрын үзүүлбэр мэдээж энэ үдшийн
хамгийн гайхалтай сюрприз байлаа.
Хүүхэлдэйн
театрынхны хөгжилтэй үзүүлбэрийн дараа үлдсэн цөөн найрагчид шүлгээ
уншицгаасан. Тэдэн дундаас хөтлөгч, яруу найрагч Гүрбазар нэгэн хүнийг
онцлон хамгийн сүүлд үлдээсэн юм гээд Д.Урианхай гуайг тайзнаа урьлаа.
Тэрбээр даруухан гэгч нь гарч ирээд олон таван үггүйгээр
“Монголын чулуу” гэх чамин шүлгээ уншиж сонирхуулаад суудалдаа суусан.
…Ингээд тоглолтын сүүлийн хэсэг эхэлж, Ц.Хулан гарч
ирэн “Эр зоригтнуудын шүлэг” гэх шинэ шүлгээ уншлаа.
“Зарим хүмүүс нутаг амьтай, аав, ээж амьтай байдаг. Мэдээж
би ч нутагтаа, аав, ээждээ дэндүү хайртай. Гэхдээ би өөрийгөө найз
амьтай хүн гэж боддог юм. Ингээд анд найз Жанчивыгаа алдаад зохиосон
шүлгээсээ уншъя. Бид анд нөхдөө заримыг нь тэнгэр лүү, заримыг нь алдар
нэр, албан тушаал, мөнгө хөрөнгөнд алддаг. Дэндүү харамсалтай” гээд
“Найз чинь хэрвээ эмнэлэгт байгаа бол” шүлгээ уншсан. Сэтгэл өвтгөсөн
дэндүү үнэн шүлэг байсан. Одоо миний хамгийн тод санаж байгаа гоё
мөр-“Таагүй намтраараа би андыгаа хогийн сав шиг дүүргэж дээ”… Тэр
даруйд нь энэ сайхан шүлгийг цээжилж аваагүй нь харамсалтай. “…Үлгэр
хэрвээ үнэн бол андыгаа 1000 үнсэхсэн билээ… Яаж ч санах гээд цоо шинэ
энэ шүлгийг санаж чадахгүй нь. Дараа заавал олж уншаарай. Үүний дараа
тэр О.Дашбалбар агсныг нас барсны дараахан бичсэн шүлгээ уншлаа. Дахиад,
гурав, дөрвөн шүлэг… Харамсалтай нь энд хүрээд тоглолт дууссан. Бүтэн
дөрвөн цаг гаран үргэлжилсэн тоглолт инээж баясаж, ухаарал авч, сэрж
мэдрэх үзүүштэй сайхан үдэш боллоо. Хулан найман шинэ шүлгээ уншиж
чадсангүй.
Сүүлчийн бөгөөд эхний шүлэг. “Баярлалаа
танд миний ард түмэн”. Ц.Хулангийн шинэхэн шүлгүүдийг хүлээж байна.
Хулангийн үдэшт зочилсон бүх хүмүүс хүлээж байгаа нь лавтай.
Ж.Индра