Эрхэм хүндэт эмэгтэйчүүд, алдарт эхчүүд ээ,
“Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо”- ноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулганд оролцож байгаа алдарт эхчүүд Та бүхэндээ болон эх орныхоо өнцөг булан бүрт суугаа мянга мянган ээжүүддээ Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ сайхан өдөр мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чуулганы ажилд амжилт хүсэж байна.
Та бүхэн маань монгол орныхоо хөгжил дэвшил, хүн ам, удам судар, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөрийн биеийг үл хайрлан зүтгэж, хичээнгүй хөдөлмөр, уужуу талбиу ухаанаараа улс гүрэн, ураг бүлийнхээ түшиг тулгуур болж ирсэн билээ.
Та нарын дунд алтан гартай эмч нар, ачит багш, сурган хүмүүжүүлэгчид, үйлс өгөөмөр үйлдвэр, үйлчилгээний ажилтнууд, цас зудыг шантралгүй даван туулагч малчид, арвин их ургацын эзэн тариаланчид гээд үр хүүхэд, хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлж, нас буянаа эдэлж, төр засаг, түмэн олныхоо хүндлэлийг хүлээж яваа олон сайхан ээжүүд байна.
Эмэгтэйчүүд бол иргэний нийгмийн хүчтэй хэсэг юм. Нийгэм дэх тэдний оролцоо томоохон байр суурьтай бөгөөд хүн амын өсөлт, хөгжил, улс орны ирээдүй хойч үе чухамхүү эхчүүдээс хамаардаг болой. Ээж хүн хорвоогийн энэрэл хайрын далай, уужим сэтгэл, ариун цагаан сүүгээрээ амьдралыг тэтгэгч төдийгүй улс гэрийн тооныг тулагч хос баганы нэг билээ. Эхийн сэтгэл бол ямар ч сэв буртаггүй, гэгээн нигүүлсэл дүүрэн, бүхий л хайрын эхлэл байдаг. Хүмүүнийг төрүүлнэ гэдэг нь эх хүнд байгалиас заяасан хамгийн дээд ач буян. Энэ их ач буяныг төр үнэлж дэмжих ёстой.
Улс үндэстний оршин тогтнол, хөгжил дэвшлийн анхдагч хүчин зүйл бол хүн амын өсөлт, хөгжил юм. Шинэ мянган гарсаар Монголын үрс маш олширч, төрөлт нэмэгдэх боллоо. Ийм үед манай төр засаг эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, нөхөн үржихүйг дэмжих бодлогоо тууштай баримталж төрөх газрын хүрэлцээ хангамжийг шинэ зууны шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, оновчтой болгох шаардлагатай байна. Эх, нялхсын эндэгдлийг бууруулах, хоол тэжээл, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төр засгаас онцгой анхаарч ажиллавал зохино.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах, амаржсан эхчүүдийн ажлын байрыг хадгалах талаар дорвитой арга хэмжээ авах нь чухал байна. Ялангуяа эмэгтэйчүүдэд ээлтэй бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрны нөхцлийг сайжруулах, жижиг зээлд түлхүү хамруулах чиглэлээр бодитой алхам хийх хэрэгтэй.
Шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, өмнө хүрсэн түвшнээс ухрах биш харин урагшлах хэрэгтэй гэдгийг онцгойлон тэмдэглэж байна.
Монголын нийт эмэгтэйчүүд болон энд цугларсан буянт ээжүүд улс гүрнийхээ мандал бадралын галыг хөгжөөж, төрдөө түшигтэй, түмэн олондоо хүндтэй, жаргалын дээдийг эдлэн амар амгалан амьдрахын өлзийтэй ерөөлийг дахин дэвшүүлье.
Эрхэм дээд багш дор мөргүүлж
Элгэн саданд минь таниулж
Энгүй сайн нөхдөд минь мэдүүлж
Эрдэнэт хүлэгт минь мордуулан
Эрийн цээнд хүргэсэн Ээж тандаа баярлалаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ