Увс аймагт улс төрийн тэмцэл эхлэв үү

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Увс аймагт улс төрийн тэмцэл эхлэв үү

Увс
аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн аймгийнхаа удирдлагуудын  зүй
бус үйлдлийг шийдүүлэхээр Улаанбаатарт өчигдөр ирж, сэтгүүлчдэд тэднийг
улсын төсвийн мөнгийг хэрхэн шамшигдуулдаг тухай мэдээлэл  хийсэн юм.
Мөн тэрбээр аймгийнхаа Засаг дарга Э.Цасчихэрийг огцруулахаар Ерөнхий
сайдад өргөх бичиг барьж, ИТХ-ынхаа дарга Д.Батсайханыг шалгуулахаар
АТГ-ын дарга Ч.Сангарагчаад хандаж байгаа аж. Үүсээд байгаа асуудалтай
холбоотой зарим зүйлийг  түүнээс асуусан юм.

Д.ЦЭНДСҮРЭН: БИ ТӨР ЗАСАГТАА ИТГЭЖ БАЙНА

-Ямар үндэслэлээр өргөх бичиг барьж байгаа юм бэ?

-Манай
аймгийн дээд албан тушаалтнууд бүхэл бүтэн сүлжээ үүсгэчихээд улсаас
зарласан тендерүүдийг нэг нэгнийхээ компанид ёс юм шиг өгдөг болсон.
Үүний тод жишээ нь Э.Цасчихэр, Д.Батсайхан нарын хувь эзэмшдэг
компаниуд  улсын хөрөнгөөр тоглож, Увсын иргэдийг доромжилж байгаа явдал
юм. Тиймээс Э.Цасчихэрийг албан тушаалаасаа бууж, Д.Батсайханыг АТГ-т
шалгах ёстой гэж үзэж байгаа юм. 

-Тэднийг улсын хөрөнгө шамшигдуулсан гэх баталгаа байгаа юм уу?

-Тэдний
булхайг Увсын ард иргэд бүгд мэдэж байгаа. Засаг дарга Э.Цасчихэрийн 40
гаруй хувийг нь эзэмшдэг “Мөнхжим” ХК Нарийны голын гүүрний барилгын
ажлыг гүйцэтгэх гэрээг 2007 онд хийж, 514.2 сая төгрөгийн урьдчилгаа
авсан. Гэтэл одоо гүүрний оронд хэдэн шон л байна. Тэгээд болоогүй энэ
оны төсөвт уг гүүрийг барихад зориулж, 5.6 тэрбум төгрөгийг дахин
төсөвлүүлчихсэн байгаа юм. Үүнээс гадна Тээлийн голын гүүрийг барих
гэрээг 2005 онд авч, 196 сая төгрөгийн санхүүжилт авсан ч Нарийны голын
гүүртэй л адилхан болгоод хаясан. Үүнийг нь өнгөрсөн онд ЗТБХБЯ-наас
гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэн гэрээг
цуцалсан. “Мөнхжим” ХК-ийн охин компани болох “Мөнхжим Өргөө” нь Увс
аймгийн төрөх эмнэлгийн барилгыг 500 сая төгрөгөөр барьж, ашиглалтад
өгөөд дөнгөж найман сар болов уу, үгүй юү улсын төсвөөс 60 сая төгрөгийг
засвар хийх нэрээр гаргуулж хувьдаа авч байгаа юм. Харин ИТХ-ын дарга
Д.Батсайханы 60 хувийг нь эзэмшдэг “Гурил ус” ХК нь Атрын III аянд
зориулсан санхүүжилтээс төсвийн байгууллагын ажилчдын цалинг барьцаалан
200 сая төгрөгийн зээл авсан. Үүнээс нь болоод Улаангом сумын Тамгын
газрын ажилтнууд зургаан сар цалингаа авч чадаагүй. Үүнийг нь илчлэх
гэсэн ажилчдыг ажлаас нь хална гэж сүрдүүлдэг. АТГ ч энэ Д.Батсайхан
гэгчийг дийлээгүй. Түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлснийг
нь АТГ-аас илрүүлж, 2010 оны долдугаар сарын 1 гэхэд ажлаас нь чөлөөлөх
албан бичгийг аймгийн удирдлагад ирүүлсэн. Гэсэн ч намынх нь нөхөд
түүнийг албан тушаалд нь авч үлдсэн. Увсын иргэд бусад аймгийнхныг
бодвол ядуу амьдарч байхад хэдэн дарга нар нь хууль цаазанд ч
захирагдахгүй ингэж амьдарч болохгүй. Тиймээс энэ бүхнийг шийдүүлэх гэж
ийнхүү өргөх бичиг барьж байгаа юм.

Увс аймгийн Ардчилсан намын
дарга Д.Цэндсүрэн аймгийн удирдлагуудаа огцруулах шалт­гаанаа ийнхүү
тайлбарлаж, Ерөнхий сайд С.Батболд болон АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарт
итгэж байгаагаа хэлж байлаа. Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур
гэгдээд байгаа дээрх хоёр хүнийг энэ бүхэнд ямар тайлбар өгөхийг
сонирхсон юм.

Д.БАТСАЙХАН: ОЛОНХИЙН САНАЛААР  НАМАЙГ ОГЦРУУЛАХ  ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗСЭН

-“Атрын
III” аяны хүрээнд “Гурил ус” компани 200 сая төгрөгийн зээл авсан. Энэ
компанийн тодорхой хувийг намайг эзэмшдэг болохоор иймэрхүү зүйл яриад
яваад байх шиг байгаа юм. Тус компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын
26-нд зээлийн үлдэгдэл болох 40 сая төгрөгийг төлснөөр өрөө эцэслэсэн.
Зээлийн эргэн төлөлт удааширсан учир Сангийн яамнаас өнгөрсөн оны
арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд  ЗДТГ-ын
санхүүжилтийн мөнгөнөөс 40 сая төгрөг хаасан тохиолдол гарсан. Харин
ажилчдын цалин өгөхгүй байсан тохиолдол гараагүй. Шатахуун, тосных нь
мөнгө л нэг сараар хоцорсон тохиолдол бий. Харин АТГ-аас огцруулах тухай
шийдвэрийг ИТХ-аар эцэслэн шийдэх үүрэг өгсөн байсан юм. Тухайн үед
ИТХ-ын гишүүдийн олонхийн саналаар огцруулах шаардлагагүй гэсэн
дүгнэлтэд хүрсэн. Энэ  Д.Цэндсүрэн гэгч нөхөр арванхоёрдугаар сарын
20-нд Малчин сумын Засаг даргын ажлаа өгч, аймгийн Ардчилсан намын дарга
болсон. Тэгээд л ингэж өнгөрсөн юм яриад яваад байгаа юм. Бүх зүйл
хуулийн хүрээнд шийдэгдсэн шүү дээ.

Э.ЦАСЧИХЭР: ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН  БАРИЛГАД ШААРДЛАГАТАЙ БАЙСАН 60 САЯЫГ С.ЛАМБАА САЙД ГАРГАСАН

-Би
хоёр компанид хувьцаа эзэмшдэг нь үнэн. Гэхдээ дээрх хоёр компани маань
сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулаагүй. Нарийны голын гүүрний
зураг төсөл буруу байснаас асуудал үүсч, гэрээ цуцлагдсан. Харин энэ жил
гүүр барих тендерт дахин хөрөнгө төсөвлөж, ЗТБХБЯ-наас тендер зарласан
байгаа. Харин төрөхийн барилга анх баригдахад л халаах систем нь
асуудалтай байгааг бид ЭМЯ-нд мэдэгдэж байсан. Зураг төслөөр нь бол
манайх шиг хүйтэн нутагт халахгүй радиотар суулгах болчихоод байсан юм.
Гэтэл ЭМЯ-наас ямар ч арга хэмжээ аваагүй учир барилгын ажил дууссаны
дараа паарнууд нь хөлдөж эхэлсэн. Үүнийг засахад шаардлагатай 60 сая
төгрөгийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гаргаж, засварласан.  Үүнийг
дэвэргэж яриад яваад байх шиг байна. Үндэсний  аудитын газраас 4.4
тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн гэдэг нь ор үндэсгүй зүйл байна.
Аймгийн нийт төсөв л гэхэд дөрвөн тэрбум шүү дээ. Улс төрийн үзэл
баримтлалаар нь нутгийн ард иргэдээ гадуурхсан зүйл байхгүй. Манай ИТХ
Ардын намын 20, Ардчилсан намын 10, бие дааж сонгогдсон нэг гишүүнтэй.
Хурал дээр бүгд л үгээ хэлдэг. Харин Ардчилсан намын нөхөд хуралд
суулгүй, хаяж явах тохиолдол байнга гардаг. Энэ бол улс төрийн ээлжит
шоу гэж бодож байна.

 Асуудлын гол эзэд болох хүмүүсийн өгч буй хариултаас үзэхэд Увс аймагт улс төрийн ширүүхэн тэмцэл өрнөх бололтой. 

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж