Энэхүү хуульд оруулах нэмэлтээр ашиглах боломжгүй орон сууцанд акт тогтоож төрийн оролцоотойгоор эзэмшигч, барилгын компаний хоорондох харилцааг зохицуулахыг оролдсон аж. Өөрөөр хэлбэл ашиглалтнаас гарсан барилгыг нурааж оронд нь баригдах орон сууцанд иргэдийг оруулах тухай зохицуулсан юм.
Ийнхүү иргэдийг нүүлгэн шилжүүлэх хөшүүргийг акт тогтоосон барилгыг ус дулаанаар хангахгүй байх зэрэг аргыг ашиглахаар хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал дээр анхнаасаа маргаан дагуулсаар байсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр ч дахин энэ асуудлууд сөхөгдсөн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Энэхүү хуулинд нэмэлт оруулах төсөл нь ердөө 40,50 мянгатын хэдэн байрыг л зарахад хамаатай болоод байна. Энэ хуулинд хамаарагдах хотоос алслагдсан муу барилгууд ч мөн бий. Жишээ нь, Баянхошуунд хариугүй нураад унах шахсан 2 давхар барилгыг хэн худалдаж аваад, хэр нөхөн төлбөр өгөх юм бэ. Тэр нөхөн төлбөрийнх нь хөрөнгө нь ганц гэр ч авч хүрэхээргүй зүйл гарвал яах юм. Тэгээд бүр орон гэргүй болцгоох хэрэг үү” хэмээн шүүмжилж, энэхүү асуудлыг ажлын хэсэг дээр хэрхэн үзэж байгааг тодруулахыг хүссэн юм. Ажлын хэсгээс энэхүү асуудалд Ж.Батсуурь гишүүн хариулсан бөгөөд ”Зарим хүн актлуулах гээд бичиг баримт цуглуулаад гүйхийг ч үгүйсгэхгүй нь. Гэхдээ энэхүү хуулиар аль аль талынх нь эрх ашгийг шийдвэрлэхийг оролдож байна. Зохицуулалтгүй байсан харилцааг хууль эрх зүйн орчинтой болгох нь зарчмын хувьд зүйтэй. Нөхөн олговрын хэмжээг нурах гэж байгаа үнээр нь биш, ерөнхий дундаж үнээр нь тооцох гээд байгаа санаатай” гэв. Ийнхүү талууд харилцан асуулт, саналууд хэлцгээсний эцэст уг хуулийн төслийг дэмжин, Байнгын хорооны санал дүгнэлтээ чуулган дээр уншин танилцуулахаар боллоо.
Байнгын хорооны хэлэлцэх дараагийн асуудал нь Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл байсан бөгөөд уг төсөл нь нууцад хамаарах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн байна.