Хятад, АНУ-ын харилцаа сайжирна

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Хятад, АНУ-ын харилцаа сайжирна

Хаа сайгүй “Made in China”. Бүр Америкт хүртэл. Валютын бодлогоо шинэчилсний ачаар Хятадын үйлдвэрлэгчид АНУ тэргүүтэй орны зах зээлд чөлөөтэй нэвтэрч, бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх болсон. Гэхдээ энэ нь америкчуудад таалагдаагүй юм. Өрөндөө баригдсан АНУ-ын Засгийн газар эдийн засгийнх нь өсөлт саарч байгаагийн шалтгааныг “Made in China”-тай холбож үзжээ. Тийм ч учраас худалдааны дайн зарлаж, хямд үнэтэй, өрсөлдөх чадвар сайтай Хятадын бүтээгдэхүүнүүдийг зах зээлээсээ шахахаар оролдож эхэлсэн юм. Энэ байдал нь дэлхийд тэргүүлэгч хүчирхэг хоёр гүрний харилцааг зарим салбарт муутгах боллоо. Харин төрийн тэргүүн нарынх нь уулзалт дээрх асуудлыг харьцангуй эерэг талаас нь шийдвэрлэхэд нөлөөлж чадав уу гэдэгт шинжээчид янз бүрийн хариулт өгч байна.

БНХАУ-ын дарга Ху Жинтао өнгөрсөн долоо хоногт АНУ-д дөрвөн өдрийн айлчлал хийсэн би­лээ. Вашингтонд хоёр орны төрийн тэргүүн нар уулзах үеэр АНУ-ын 14, Хятадын дөрвөн бизнес эрхлэгч байлцжээ. Америкчуудын хувьд Хятадын зах зээлд өөрийн орны компаниудыг чөлөөтэй  нэвтрэх боломжоор хангахыг хүссэн юм. Хятад, АНУ-ын хамтарсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тодорхой салбаруудад хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах ёстой гэдгийг уулзалтын үеэр онцолсон. Мөн юанийн тухай ярихаа ч мартсангүй. Б.Обама “АНУ-аас Хятад руу өнгөрсөн онд  гаргасан экспорт хоёр дахин их байж болох байсан” гэжээ. Үүнд хариу болгож Ху Жинтао “Хятад улс дотоод эрэлтээ нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталж байгаа. Ажиллах хүчинд бага цалин олгож байгаагийн ачаар ажлын байр олноор бий болж    байна. Ингэснээр хүмүүсийн амьдарлын баталгаа хангагдаж байна гэсэн үг” гэсэн байна. Мөн тэрбээр өнгөрсөн онд Хятадын ачаар дэлхий даяар 14 сая ажлын байр бий болсныг онцлоод, “Хятадын буянаар Америкийн хэрэглэгчид хямд бөгөөд чанартай бараа авч байна” гэжээ. Хятадын талаас тавьж буй нэг шаардлага нь “Майкрософт” тэргүүтэй программ хангамж үйлд­вэрлэгчидтэй хамтарч ажиллах, тэдний бүтээгдэхүүнүүдийг үйлд­вэрлэх эрхийг эзэмших асууд­лыг сөхсөн юм. Уулзалтын эцэст Цагаан ордноос мэдэгдсэнээр АНУ-ын талаас Хятад руу 45 тэрбум ам.долларын экспорт хийх гэрээ байгуулжээ. Тэр дунд “Бойнг 200” онгоцны худалдаатай холбоотой тохиролцоонд хүрсэн нь зөвхөн АНУ-д л гэхэд 235 мянган ажлын байр шинээр бий болгох аж.

Хятад Дэлхийн худалдааны байгууллагад арав гаруй жилийн өмнө элсэн орсон. Тус байгууллагын дүрмийн дагуу бусад гишүүн орны компаниуд Хятадын зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломжоор бүрэн хангагдах ёстой юм. Гэвч өдийг  хүртэлх хугацаанд ямар нэгэн үнэ тарифийн хөнгөлөлт байхгүй, чөлөөтэй нэвтрэх боломж хязгаарлагдмал байсаар ирсэн гэдгийг АНУ-ын тал Хятадад сануулжээ. Тиймээс Америкийн компаниуд Хятадын зах зээлд үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхийг хүссэн юм.

Хэдийгээр санал зөрөлдөөнтэй зүйл олон байсан ч хоёр орны харилцаанд харьцангуй эерэг уур амьсгал ажиглагдлаа хэмээн шинжээчид дүгнэж байна. Хятадын хувьд АНУ-ын технологийн дэвшлийг хамгийн их сонирхож байгаа юм. Ажиглагчдын дүгнэж байгаагаар эдийн засгийн хувьд Хятад АНУ-тай өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн ч зэвсэг, технологийн хөгжлийн хувьд эн зэрэгцэх болоогүй байгаа. Тийм учраас эл салбаруудад хамтын ажиллагаа өргөтгөх сонирхол Хятадын талд их байгаа аж.

АНУ-ын гадаад өр асар их болсон гэдгийг дээр дурьдсан. Нийт 14 их наяд ам.доллараар хэмжигдэх өрийн бичгийн дийлэнх хувийг нь Хятад эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, АНУ Хятадаас асар их мөнгө зээлсэн гэсэн үг юм. Хятадын гадаад валютын нөөц 2.85 их наяд ам.доллар болж нэмэгдсэн. Үүнийг арай өөрөөр тайлбарлавал АНУ-ын Засгийн газраас Хятадад төлөх зээлийн хэмжээ гэсэн үг юм. Ерөнхийдөө АНУ, Хятад хоёр эдийн засгийн хувьд аль хэдийнэ харилцан бие биеээсээ хамааралтай болчихжээ. Тиймээс америкчуудын хувьд “Made in China”-аас татгалзах боломж байхгүй гэж хэлж болох юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж