МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, нийслэлийн
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга С.Баярт,
Засаг дарга Ч.Сайханбаяр нарт хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Эх
сурвалжийн өгсөн мэдээллээр С.Баярт, Ч.Сайханбаяр нар өөрсдөө албан
тушаалаасаа халагдах өргөдлийг гаргаж, МАХН-ын Удирдах зөвлөлийн хуралд
оруулсан байна. Ингэхдээ тэд “Бид маш буруу аргаар ажиллаж, төрийн
ажлыг цалгардуулсан тул ажлаасаа халагдах нь ёс зүйд нийцнэ” гэжээ.
Түүнчлэн МАХН-ын Удирдах зөвлөлөөс тэднийг хариуцлагагүй үйл ажиллагаа
явуулж, хоорондоо талцан, бүлгэрхсэн төдийгүй намын эв нэгдлийг
сарниулсан гэж үзжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дэд
дарга Г.Бямбасүрэнг гишүүдээ талцуулсан, намын ажлыг унагааж,
хариуцлагагүй ажилласан. МАХН-ын Хяналтын ерөнхий хорооноос
Сонгинохайрхан дүүргийн намын хорооны ажлыг туйлын хангалтгүй гэж муу
дүн тавьсан байсан бөгөөд эдгээрийг үндэслэн МАХН-ын дүрмийн 6.5-д
заасны дагуу Г.Бямбасүрэнг намаас гарсанд тооцохоор шийдвэрлэжээ.
Харин
МАХН-ын Удирдах зөвлөлөөс С.Баярт, Ч.Сайханбаяр нарт ямар хариуцлага
тооцох шийдвэр гаргасан талаар намын Ес зүйн хорооны дарга
Н.Цагаанхүүгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Удирдах зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцсэн асуудлыг тодруулахгүй юу?
-Удирдах
зөвлөлийн хурлаар Сонгинохайрхан дүүрэгт үүссэн нөхцөл байдлыг
хэлэлцлээ. Сонгинохайрхан дүүргийн 250 мянган иргэний эрх ашиг,
Сонгинохайрхан дүүргийн иргэдээс МАХН-ын удирдлагад удаа дараа хүсэлт
тавьсны дагуу уг асуудлыг шийдлээ. Сонгинохайрхан дүүрэгт үүсэн нөхцөл
байдал нь төрийн ажил цалгардсан. Цалгардсанаар зогсохгүй төрийн бүх
үйлчилгээг тасалдуулах хэмжээнд хүргэсэн гэж үзсэн. Бодитой жишээ бол
Иргэдийн хурлын төлөөлөгчид нь “2010 оны дүүргийнхээ төсвийг баталсан,
батлаагүй” гээд хоёр тал болчихсон явдал. Яагаад энэ асуудлыг МАХН-ын
Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн бэ гэхээр 2008 оны орон нутгийн сонгуульд
Сонгинохайрхан дүүрэгт МАХН ялсан. Ялалт авчирсан нам маань өөрөө
тухайн дүүргийн Засаг захиргаа, Иргэдийн төлөөллийн хурлын тэргүүлэгч
даргыг нэр дэвшүүлдэг, баталдаг. Энэ үүднээсээ МАХН хариуцлага алдсан
улстөрийнхөө албан тушаалтнуудын ажил байдлыг нь авч хэлэлцээд
“Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын дарга С.Баярт, Засаг дарга
Ч.Сайханбаяр нарыг тухайн албан тушаалд ажиллах ёс зүйн эрхгүй гэж
дүгнэлээ. Дээрх асуудалтай холбогдуулж, тэдний оронд дараагийнх нь
шилдэг, тэргүүний ёс суртахуунтай, ажлын өндөр чадвар, туршлагатай,
нэр цэвэр хүнийг шилж сонгож, нэр дэвшүүлж, дүүргийнх нь Иргэдийн
хуралд оруулахыг даалгасан шийдвэр гаргалаа.
-Удирдах зөвлөлийн гишүүдийн хувьд байр суурь ямар байсан бэ?
-Хариуцлага
тооцох ёстой л гэсэн. Иргэдийн зүгээс ч шаардлага тавьж байсан. Энэ
нь өөрөө улс орны хэмжээнд сургамж болохоор, шат шатанд ажиллаж байгаа
төрийн албанд намаас санал болгож томилогдсон намын гишүүд, албан
тушаалтнуудын өмнө тодорхой хариуцлагатай ажиллах, сахилгатай ажиллах,
хуулийн хүрээнд ажиллах, ил тод ажиллахыг илэрхийлж байгаа нэг хэлбэр
гэж хэлж болно. Тэдэнд хариуцлага ногдуулна гэдэг нь хойшид анхааруулж
байна гэсэн шийдвэр боллоо л гэж үзсэн дээ.
-Намын бага хурлын товыг тогтооно гэсэн мэдээлэл яваад байсан?
-Урьдчилсан
байдлаар ирэх сард намын бага хурал хуралдах чигтэй байгаа. Товлочихсон
өдөр алга. Хурлаар сахилга хариуцлага, намынхаа мөрийн хөтөлбөрийн
хэрэгжилт гээд олон асуудлыг хэлэлцэх байх аа.
Г.Дарь