Төрийн
ордонд өчигдөр торгон дээлийн өнгө солонгорч, тансаг сүрчгийн үнэр
ханхийж өнжив. Басхүү бүсгүй шингэн дуу өмнөх өмнөхөөс илүү дуулдаж,
төрийн хэрэг хэлэлцлээ. Улс төрийг бүсгүйчүүд оролдохоор ийнхүү чуулсан
юм. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн суудал
цөөрсөөр, энэ янзаараа бол 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа парламентын
танхимд шингэн дуу тасарч магадгүй болсон өнөө цагт тэд сонгогдох
эрхийнхээ төлөө үгээ хэлэхээр ийнхүү цугларчээ. УИХ-ын гишүүн байгаа,
байсан, мөн яам, тамгын газарт хариуцлагатай ажил хашиж буй, олон
нийтийн байгууллага толгойлж яваа, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн
эмэгтэйчүүд “Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо”
сэдвээр чуулсан нь энэ юм.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх
ухааны байнгын хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр энэ
арга хэмжээг санаачлан зохион байгууллаа. Монгол Улс байнгын
ажиллагаатай парламенттай болоод 20 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй ч
1996-2000 онд найм, 2000-2004 онд есөн эмэгтэй төр түшсэнийг эс тооцвол
тэдний тоо хоёроос тавын хооронд эргэлдэж ирэв. Өнгөрсөн 20 жилийн
хугацаанд ердөө 19 эмэгтэй л УИХ-ын гишүүний алдрыг хүртэж үзжээ. Ид
дундхан насандаа таалал төгссөн сэтгүүлч Э.Алтангэрэлээс бусад нь өдгөө
ихэнхдээ олон нийтийн байгууллага толгойлон гялалзаж явна. Чуулга
уулзалтад одоо төр түшиж байгаа С.Оюун, Д.Оюунхорол, Д.Арвин нараас
гадна өмнө нь УИХ-д сонгогдон ажиллаж байсан экс гишүүн Н.Болормаа,
Д.Туяа, Д.Алтай, Б.Долгор, Р.Гэрэлсүрэн, Б.Мөнхтуяа, Р.Нарангэрэл,
Ү.Наранцэцэг, Ч.Отгонбаяр, Т.Ганди нар иржээ. Харин анхны эмэгтэй
парламентч Б.Бямбажав байсангүй. Д.Мөнхөө хөдөө, Х.Хулан, Б.Дэлгэрмаа,
О.Энхтуяа нар гадаадад яваа гэж “ангийн” нөхөд нь хэлсэн юм. Ингээд л
үе үеийн парламентч бүсгүйчүүдийн нэрсийн цэс гүйцэж байна. Сонгуулийн
хуульд жендэрийн талын өөрчлөлт орохгүй бол тэдэн дээр нэрс нэмэгдэлгүй
нэгэн сонгууль өнжиж ч мэдэх нь.
Товчхон түүх сөхөхөд пропорциональ системээр 1990 онд
сонгосон анхны Улсын Бага хуралд хуульч Б.Бямбажав, сэтгүүлч
Э.Алтангэрэл нар эмэгтэйчүүдийг төлөөлөн гарч ирсэн юм. Тэднийг анхнаас
нь л хэл ам дагасан. Үндэсний үзлийг сэргээх нэрийн дор эмэгтэй хүнийг
дорд үзэх байдал тухайн үед газар авч хоёр бүсгүй гишүүнийг “Гэрээ
сахиж хоолоо хийгээд сууж байхгүй улс төр рүү өнгийлөө” гэхчлэн гоочилж
байсан юм. УИХ-ын 1992 оны сонгуулиар Д.Мөнхөө, Б.Бямбажав, Т.Ганди
нар, 1996 оны сонгуулиар Р.Нарангэрэл, Ү.Наранцэцэг, Б.Дэлгэрмаа,
Х.Хулан, Ч.Отгонбаяр, О.Энхтуяа, Т.Ганди нар сонгогдож, С.Оюун хожим
нөхөн сонгуулиар орж ирсэн. Хамгийн чадалтай бүсгүй гишүүд энэ
парламентад байсан санагддаг. УИХ-ын 2000 оны сонгуулиар хамгийн олон
буюу есөн эмэгтэй гишүүн сонгогдсон юм. С.Оюун, Н.Болормаа, Д.Арвин,
Т.Ганди, Р.Гэрэлсүрэн, Б.Долгор, Д.Алтай, Д.Оюунхорол нар, нэг жилийн
дараа Д.Туяа нөхөн сонгуулиар орж ирсэн. Харин 2004 онд энэ тоо тав
болж буурсан. С.Оюун, Б.Мөнхтуяа, Т.Ганди, Д.Арвин, Д.Туяа нар энэ
хугацаанд төр түшсэн бол 2008 оны сонгуулиар гурав болж 1992 оны төвшин
рүү гулссан. Цөөхөн ч гэсэн тэдний чанар сайн юм билээ. Дийлэнх нь
байнгын хороо толгойлж, Т.Ганди, С.Оюун нар дөрвөн удаа, Д.Арвин гурван
удаа, Д.Туяа, Д.Оюунхорол нар хоёр удаа тус тус сонгогдсон байна.
Парламентын эмэгтэй гишүүдийн тоогоор Монгол Улс дэлхийн орнуудаас
нэлээд хойгуур давхиж яваа. Бүр ислам шашинт зарим орны ард оржээ.
Ингэхээр Монголын хүн амын талаас илүү хувийг
бүрдүүлдэг бүсгүйчүүд улс төрөөр оролдохоос аргагүйд хүрээд байгаа юм.
Уг нь өмнөх УИХ-ын үед таван бүсгүй зүтгэсээр эмэгтэйчүүдийн 30 хувийн
квот гэдгийг УИХ-ын сонгуулийн хуульд оруулсан ч эрэгтэй гишүүд
сонгуульд нэр дэвшүүлэхийн өмнөхөн цуцалж орхисон.
Энэ удаагийн чуулга уулзалтад бүсгүйчүүд улс төрийн
оролцооны талаарх дуу хоолойгоо шийдвэр гаргагч УИХ-ын эрэгтэй гишүүдэд
дуулгахыг хүссэн ч тэд ирсэнгүй. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлэхээр
ирж гурван эмэгтэй гишүүн дундаа суусан тулдаа л нэг хэсэг тогтов.
Д.Одбаяр гишүүн нээлтийн үгийг сонсоод л гарч одсон. Бусад нь сураг ч
үгүй байв. Тиймд нь чуулганд оролцсон эмэгтэйчүүд УИХ-ын даргаас
эрэгтэй гишүүд хаачсаныг нэхлээ. Бүр НҮБ-ын Хүн амын сангийн Монгол
дахь суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавел тэдэнтэй санал нэгдсэн
гээч. Хариуд нь Д.Дэмбэрэл дарга “Тэд гадаа та нарыг гарч ирэхэд гар
барих гээд зогсч байгаа байх. Үгийг чинь би тэдэнд дамжуулъя. Сэтгэлийг
нь харин та нар засаарай” гэж суулаа. Эмэгтэйчүүд Жендэрийн тэгш
байдлын тухай хуулийг УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар яагаад
хэлэлцээгүйг лавлахад “Түүний хэлэлцэхийг хойшлуулаагүй. Сонгуулийн
хуульд оруулах нэмэлтийн хамт хэлэлцэхээр, хаврын чуулганд оруулахаар
болсон” гэсэн хариулт өглөө. Харин УИХ-д нэр дэвших шаардлага хангахад
эмэгтэйчүүд анхаарах хэрэгтэй гэсэн спикерийн үг эмэгтэйчүүдэд ороогдох
нэг шалтаг болов. МЭХ-ны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг үүнд хатуухан хариу
барив.
“Шаардлага хангасан эмэгтэйчүүд байхгүй гэдгийг хүлээн
зөвшөөрөхгүй. Бичиг үсгийн чадваргүй шахам эрчүүд байдаг л биз дээ.
Шаардлага хангахгүй гэдэг нь санхүүгийн шаардлага, мөнгөний хэмжээ
хүрэхгүй гэсэн үг юм болов уу. Бас улс төрийн бүлэглэл, хуйвалдаанд
оролцох эмэгтэй байхгүй гэсэн үг болов уу. Ёс зүйгүй аашлах эмэгтэй
олдохгүй л болов уу” гэсэн юм.
УИХ-д хамгийн олон улиран сонгогдсон гишүүдийн нэг
болох сайд Т.Ганди “Улс төрд орох эмэгтэйд мэдрэмтгий, шийдэмгий,
хүнлэг чанар хамгийн чухал. ОХУ-ын нэртэй улстөрч эмэгтэй И.Хакомада ч
ингэж бичсэн байна” гэлээ. Ийнхүү тэднээр оролдохдоо хойрго байгаа
эрчүүдийн засаглалт улс төрөөр бүсгүйчүүд оролдож өнжив. Харин тэдний
үгийг сонсч шийдвэр гаргах төвшинд хүргэн хэлэлцэх байсан эрэгтэйчүүд
бултаж, бараагаа ч харуулсангүй. Үүнийг Д.Дэмбэрэл дарга “Та нарыг
дангаараа нарийн нандин зүйлээ ярьж эрх чөлөөгөө эдлэг гээд манай
эрчүүд зай тавьсан байх” хэмээн цайруулна лээ. Бүсгүйчүүд чуулга
уулзалтаасаа зөвлөмж гаргахаар болж арга хэмжээгээ өндөрлөлөө.
Зөвлөмждөө улстөрч эрчүүдэд хандсан хатуухан тулгалтууд оруулах биз ээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ