Оюутолгой олз биш гарз болох нь гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Оюутолгой олз биш гарз болох нь гэв

“Оюутолгой-Олз уу, гарз уу”. Энэ асуултын хариуг хамтдаа эрэлхийлсэн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Хэлэлцүүлгийг Үндэсний шинэ нам /ҮШН/-аас зохион байгуулсан бөгөөд Бүгд найрамдах нам, Уламжлалын нэгдсэн нам болон иргэний нийгмийн төлөөлөл, хөдөлгөөнийхөн оролцож, санал бодлоо солилцсон юм. Оюутолгой хэмээх орд газрыг эзэмшээд эхэлчихвэл монголчуудын амьдрал алга урвуулсан мэт сайхан болно гэсэн итгэл та бидний олонход бий. Ялангуяа нийгмийн эмзэг болоод дунд бүлгийнхний дунд хүлээлт үүсгэсэн Оюутолгойн гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр батлагдсан.
Гурав, дөрвөн төрийн нүүр үзэж, бүтэн зургаан жил хэрүүлийн алим болсны эцэст арайхийн батлагдсан “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ” ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Гэтэл энэхүү ”түүхэнд алтаар тэмэдэглэнэ”  хэмээн тодотгоод байсан хөрөнгө оруулалтын гэрээнд ихээхэн “но” байна гэж өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогч нар дүгнэлээ. Зүгээр ч нэг дүгнээд зогссонгүй тэд ард олноо тэмцэлд уриалаад амжлаа. Олон түмнээ бус зөвхөн өөрийгөө бодож гэрээ байгуулсан ажлын хэсгийнхнийг олигархууд хэмээн тэд нэрлэв. Олигархуудад хариуцлага тооцохын тулд шүүхэд хандан өргөдөл гаргахаа мөн мэдэгдлээ. Оюутолгойн гэрээнд олон алдаа бий гэнэ. Тэдгээрээс ердөө хоёрхон заалтыг тэд иш болгон шүүхэд хандах юм байна. Хамгийн нэгдүгээрт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын өмнө уг ордыг ашиглах “Техник эдийн засгийн үндэслэл”-ийг гаргуулах ёстой байсан гэж тэд үзэж байгаа юм. Энэ бол “Ашигт малтмалын хууль”-ийг ноцтой зөрчсөн үйлдэл ажээ. Энэ нь энгийнээр хэлбэл оймсоо өмсөлгүйгээр гутлаа углахтай адил зүйл гэнэ. Холхиндог гуталтай  Засгийн газар алсын замд хэдийхэн зам хороохыг хэлж мэдэхгүй ч алдааг бага дээр нь засахгүй бол ард олон  холгосон хөл болон үлдэх аюул нүүрлээд байгаа ажээ. Энэ бол Засгийн газрын санаатай хийсэн алдаа гэж үзэж байгаа тул С.Баяр тэргүүтэй ажлын хэсгийнхнээс ял асуухаас аргагүй тэд хатуухан шийджээ. Бас нэгэн ноцтой алдаа бол Оюу толгойн орд газрын урьдчилгаа төлбөр гэнэ. Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дараа Сангийн сайд 100 сая ам.долларын урьдчилгааг гардан авахдаа “Урьдчилгаа төлбөрийн эхлэл нь энэ. Хойшид дахин 150 сая ам.доллар авах болно” хэмээн их л баяртайгаар тунхагласан. Урьдчилгаа төлбөрийн эхний хэсгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд хувь хишиг болгон түгээж орхисон. Гэтэл энэ бүх мөнгө молхи бидний ойлгосончлон урьдчилгаа төлбөр биш төдийгүй хүү,торгуультай зээл байсан гэж нам, хөдөлгөөний төлөөлөл мэдэгдэв.  Тэдний хэлж буй үнэн бол уншигч та ч, бичигч би ч, ер нь монгол хүн бүр хэзээний өрөнд унасан гэсэн үг. Гадаадын компанийн аманд багтаж эх орныхоо эсрэг, ард олноо өрөнд унагасан шийдвэр гаргасан ажлын хэсгийнхнийг шүүхэд шилжүүлж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах хэрэгтэй гэж “Оюутолгой-Олз уу, гарз уу” хэлэлцүүлэгт оролцогчид снал нэгдсэн юм. Тэд энэхүү мэдэгдлээ УИХ, Засгийн газарт хүргүүлэх юм байна.
Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж