Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Елена Исинбаева

Нэр: Елена Гаджиевна Исинбаева

Төрсөн өдөр: 1982 оны 6-р сарын 3

Төрсөн газар: Волгоград, ОХУ

Өндөр, жин: 174 см, 65 кг

Спортын төрөл: Хөнгөн атлетик, тулгуурт харайлт

Дэлхийн спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тулгуурт харайлтын тамирчин Елена Гаджиевна Исинбаева 1982 оны зургадугаар сарын 3-нд ОХУ-ын баруун өмнөд нутагт орших Волгоград хотноо төржээ. Тэрбээр олимпийн наадмын хошой аварга, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос тодруулдаг “Оны шилдэг тамирчин”-ы шагналыг гурван удаа хүртэж байсан гайхалтай чадварлаг тамирчин бүсгүй юм. 2005 оны долдугаар сарын 22-нд Исинбаева 5.00 метр дээгүүр харайсан дэлхийд анхны бөгөөд цорын ганц эмэгтэй тамирчин болсон бөгөөд өдгөө 27 насандаа спортын түүхэнд хамгийн шилдэг эмэгтэй тулгууртай харайлтын тамирчин болжээ. Түүнчлэн тэрбээр тив, дэлхийн аварга, олимпийн наадамд оролцох бүрдээ өндөр амжилт гаргаж, есөн удаа тэргүүлсэн байна.

Дэлхийн дээд амжилт мэдээж хэрэг Исинбаевагийнх. Тэрбээр ганц өөрөө өөртэйгээ л өрсөлддөг агуу тамирчин. Үнэхээр ч түүнтэй өрсөлдөхүйц, түүний энд хүрэхүйц тамирчин байхгүй юм. Исинбаева 2009 оны наймдугаар сарын 28-нд Цюрих хотноо 5.06 метр дээгүүр харайж, дэлхийн рекорд эвдсэн нь түүний тогтоосон 27 дахь рекорд байлаа. Мөн тэрбээр 2009 оны хоёрдугаар сарын 15-нд Украины Донецк хотноо болсон заалны спортын уулзалт тэмцээний үеэр 5.00 метр дээгүүр амжилттай харайснаар заалны спортын тулгууртай харайлтын төрөлд мөн л дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Өдгөө Исинбаевагийн тогтоосон дээрх хоёр амжилт дэлхийн шилдгийн шилдэгт тооцогдож байна.

КАРЬЕР:

1987-1997 он: Исинбаева 5-15 настай байхдаа төрөлх Волгоград хотноо гимнастикийн спортоор хичээллэж байжээ. Харин тэрбээр өсч томрохын хэрээр өндөр болж байсан учраас өөрийгөө гимнастикийн спортод хэтэрхий өндөрдөнө хэмээн бодож, спортоо орхисон байна. Түүний өндөр 174 см юм. Исинбаева 1997 оны арваннэгдүгээр сараас эхлэн дасгалжуулагч Евгений Василиевич Трофимовын удирдлага доор тулгууртай харайлтын спортоор хичээллэж эхэлжээ.

1998-2002 он: Исинбаева хамгийн анх 16 насандаа 1998 онд Францын Анси хотноо зохиогдсон Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 4.00 метр дээгүүр амжилттай харайжээ. Гэвч түүний гаргасан амжилт медаль хүртэхэд 10 см-ээр дутсан байна. Харин удаахь жил нь Исинбаева тулгууртай харайлтаар тасралтгүй хичээллэж, шургуу тэмцсэний дүнд 1999 онд Польшийн Быдгощ хотноо болсон Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 4.10 метрт харайснаар Германы тамирчин Анника Бекерийг ардаа орхиж, анхны алтан медалиа хүртжээ. Дараах жил нь тэрбээр өөрийн өмнөх амжилтыг 10 см-ээр ахиулж, 4.20 метр дээгүүр харайснаар Залуучуудын дэлхийн аваргын хошой алтан медальт тамирчин болов. 18 настай Исинбаева тухайн жилдээ Сиднейн олимпод оролцож, олимпийн наадамд анх удаа хүч сорилоо. Харин энэ удаад тэрбээр олимпийн наадамд балчирдаж, олимпийн аваргын эрхэм шагналыг АНУ-ын тамирчин Стейси Драгила хүртжээ. 2001 онд түүнийг ээлжит алтан медаль нь угтлаа. Тэрбээр Италийн Гроссето хотноо Европ тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс 4.40 метр дээгүүр харайсан амжилтаар аваргын алтан медаль өвөртлөв. Харин 2002 онд Германы Мюнхен хотод зохиогдсон Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнд Исинбаева амжилтаа ахиулж, 4.55 метрт харайсан боловч аваргын алтан медалиа нутаг нэгт тамирчин Светлана Феофановад алджээ. Феофанова  4.60 метр дээгүүр харайж, аваргалсан байна.

2003 он: Исинбаевагийн хувьд амжилт дагуулсан сайхан жил байлаа. Тэрбээр Польшийн Быдгощ хотноо болсон Европ тивийн 23-аас доош насныхны аварга шалгаруулах тэмцээнд 4.65 метрт харайснаар аваргалж, улмаар долдугаар сарын 13-нд Английн Гейтсхэд хотноо 4.82 метр дээгүүр харайж, анх удаагаа дэлхийн рекорд эвдлээ. Дараа сард нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход дэлхий нийт Исинбаева гэх нэрийг мэддэг болоод зогсохгүй дэлхийн аваргаар тодрох өндөр магадлалтай тамирчдын тоонд түүний нэр зүй ёсоор багтаж байв. Гэвч харамсалтай нь Исинбаева техник тааруухнаасаа болоод хүрэл медалийн тавцанд зогсчээ. Түүний нутагг нэгт Феофанова алтан медаль хүртэж, эчнээ танил Германы Бекер мөнгөн медаль хүртсэн байна.

2004 он: Энэ л үеэс түүний цаглашгүй амжилтын буухиа эхэлсэн юм. Хоёрдугаар сард Украины Донецк хотноо болсон уулзалт тэмцээний үеэр Исинбаева тулгууртай харайлтын заалны төрөлд дэлхийн дээд амжилтыг 4.83 болгон шинэчилсэн. Харин удалгүй тэмцээний дараахан Феофанова түүний амжилтыг нэг см-ээр ахиулсан байна. Гэсэн хэдий ч Исинбаева дэлхийн рекордын эзэн байхыг хүсч, гуравдугаар сард болсон Заалны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4.86 метр дээгүүр харайснаар Феофановагийн амжилтыг няцааж, дэлхийн аварга болсон юм. Уг тэмцээнээс Феофанова хүрэл медаль, харин олимпийн аварга Драгила мөнгөн медаль хүртжээ. Исинбаевагийн амжилт үүгээр зогссонгүй. Тэрбээр зургадугаар сарын 27-нд Гейтсхэд хотноо дэлхийн рекордыг 4.87 метр болголоо. Энэ үед тулгууртай харайлтын гол өрсөлдөөн Исинбаева, Феофанова нарын хооронд явагдаж байсан гэж хэлж болно. Феофанова дараачийн долоо хоногт Грекийн Хераклон хотноо Исинбаевагийн амжилтыг дахин нэг см-ээр ахиулсан ч долдугаар сарын 25-нд Исинбаева 4.89 метр дээгүүр амжилттай харайж, үүнээс тав хоногийн дараа Английн Лондон хотноо болсон Британийн Гран  при тэмцээний үеэр өөрийн амжилтаа дахин нэг см-ээр ахиулжээ. Олимпийн наадмын өмнөх уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргасан Оросын хоёр тамирчин ширүүхэн өрсөлдөгчид хэвээр л байсан юм. Олимпийн наадмын эх орон Грекийн Афин хотноо болсон зуны 28 дахь удаагийн их наадмын тулгууртай харайлтын тэмцээн олны анхаарлын төвд байлаа. Олимпийн наадамд Феофанова 4.90 метрийг захиалсан хэдий ч оролдлого бүтэлгүйтсэнээр олимпийн алтан медаль Исинбаевагийнх болсон юм. Тэрбээр 4.91 метр дээгүүр харайж, дэлхийн рекорд шинэчилж, олимпийн аварга болжээ. Удалгүй Исинбаева Бельгийн Бруссель хотноо болсон тэмцээнд өөрийн тогтоосон дэлхийн амжилтаа ахиулж, 4.92 болгосон байна.

2005 он: 2005 оны долдугаар сард Исинбаева гурван өөр тэмцээний үеэр дэлхийн рекордыг дөрвөн удаа шинэчилжээ. Швейцарийн Лозанна хотноо 4.93 метрт харайсан нь түүний хувьд 14 дэх дэлхийн дээд амжилт байсан юм. Үүнээс 11 хоногийн дараа Испанийн нийслэл Мадрид хотод зохиогдсон Заалны спортын Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Исинбаева амжилтаа дахин хоёр см-ээр ахиулж, 4.95 метр дээгүүр харайжээ. Мөн оны долдугаар сарын 22-нд тэрбээр 4.96  метр дээгүүр амжилттай харайсныхаа дараа 5.00 метрийн өндрийг захиалсан байна. Исинбаева үнэхээр л чадварлаг тамирчин гэдгээ баталж, эхнийхээ оролдлогоороо 5.00 метрт амжилттай харайснаар түүхийн хуудаснаа таван метрээс дээш өндөр харайж чадсан цорын ганц эмэгтэй тамирчин болсон юм. Түүнчлэн 2005 оны Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр 5.01 метрийн өндөр захиалж, хоёр дахь оролдлогоороо харайснаар аваргын алтан медаль хүртжээ. Энэ үед түүнтэй өрсөлдөх тамирчин нэгэнтээ үгүй болсон байлаа. Тэрбээр зөвхөн өөрөө өөртэйгээ өрсөлдөж, өөрийнхөө тогтоосон амжилтаа ахиулахын төлөө тэмцэж байсан юм.

2006 он: Хоёрдугаар сарын 12-нд болсон Украины Донецк хотноо болсон заалны спортын ээлжит тэмцээнээр Исинбаева дахин дэлхийн дээд амжилт эвдсэн юм. Тэрбээр 4.91 метр дээгүүр төвөггүйхэн харайж, шинэ амжилтын эзэн болжээ. Тэр оныхоо наймдугаар сард Готенбург хотноо Европ тивийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд 4.80 метрт амжилттай харайж, есдүгээр сард Афин хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ыг төлөөлөн оролцож, алтан медалийнхаа цуглуулгад дахин нэгийг нэмсэн байна. Түүнчлэн тэрбээр 2006 оны дэлхийн шилдэг эмэгтэй тамирчнаар тодорчээ.

2007 он: Хоёрдугаар сарын арванд болсон заалны спортын уламжлалт тэмцээний үеэр Исинбаева 4.93 метрт харайж, дахин нэг рекордын эзэн болжээ. Энэ түүний 20 дахь дэлхийн рекорд байв. Харин наймдугаар сарын 28-нд тэрбээр Осакагийн ДАШТ-ээс хоёр дахь дэлхийн аварга цомоо хүртлээ. Тэрбээр 4.80 метр дээгүүр харайснаар аварга болох нь тодорхой болсон боловч түүний сэтгэлийн гүнд дэлхийн рекорд эвдэх чин хүсэл байжээ. Исинбаева 5.02 метрийг захиалсан боловч түүний гурван удаагийн оролдлого бүтэлгүйтсэн байна.

2008 он: Заалны спортын уралдаан, тэмцээний улирлын үеэр Исинбаева 21 дэх рекордоо тогтоолоо. Тэрбээр Донецк хотноо заалны спортын дэлхийн дээд амжилтыг 4.95 болгон шинэчилсэн юм. Түүнээс хэдхэн долоо хоногийн дараа Исинбаева Испанийн Валенсиа хотноо болсон Заалны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн шилдэг теннисчдийн нэг АНУ-н тамирчин Женнифер Стучинский ардаа орхиж, аваргалсан байна. Хоёр тамирчин хоёул ижил өндөрт харайсан болов Исинбаева цөөхөн оролдлогоор амжилттай гүйцэтгэсэн тул тэмцээний дүрмийн дагуу аваргын титмийг хүртжээ. Улмаар долдугаар сарын 11-нд Ром хотноо болсон “Алтан Гала” тэмцээний үеэр тэрбээр өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа 5.03 метр болгож, ээлжит дэлхийн рекордын эзэн болсон байна. Түүний хувьд энэхүү амжилт нь ихээхэн баяр баясгалан, урам зориг авчирчээ. Учир нь Исинбаева хамгийн сүүлд 2005 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш рекорд шинэчилж чадаагүй юм. Тэрбээр олон ч удаа 5.02 метр дээгүүр харайх гэж оролдоод бүгд бүтэлгүйтсэн аж. Түүний өөрийнх нь хэлснээр 5.02 метр гэдэг удаа дараагийн ородлогоор бүтэлгүйтэж байсан учир дасгалжуулагч нь түүнийг 5.03 метр дээгүүр харайхыг санал болгосон гэнэ. Улмаар Лондонгийн Гран при тэмцээнд Исинбаева, Стучинский нар дахин өрсөлдөж, Исинбаева тэмцээний баатраар шалгарсан ба Стучинский хоёрдугаар байрт оржээ. Хоёр тамирчин хоёулаа дэлхийн рекорд эвдэхээр 5.04 метр дээгүүр харайхыг оролдсон ч хэн хэн нь чадаагүй юм. Харин зургадугаар сарын 29-нд Монакогийн Монте-Карло хотноо Исинбаева өөрийн 23 дахь дэлхийн рекордоо тогтоосон байна. Тэрбээр 5.04 метрийг захиалж, сүүлийн оролдлогоороо амлалтаа биелүүлжээ. Мөн тэрбээр “Бээжин-2008” олимпийн наадамд тулгууртай харайлтын спортод түүнтэй өрсөлдөх тамирчин байхгүй гэдгийг нотолж, 4.80 метр дээгүүр харайснаар олимпийн хошой аваргын болзол хангасан юм. Харин Исинбаевагийн зорилго олимпийн алтан медаль байсангүй. Тэрбээр олимпийн наадмаас аваргын алтан медаль хүртээд зогсохгүй дэлхийн рекорд эвдэнэ гэсэн чин зорилго өвөртлөн Бээжинд ирсэн байжээ. Түүний хүсэл зориг ч талаар болсонгүй. Тэрбээр 5.05 метр дээгүүр амжилттай харайснаар өөрийн 24 дэх дэлхийн дээд амжилтаа тогтоосон юм. Оны эцэст тэрбээр Монако хотноо болсон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Дэлхийн шилдэг эмэгтэй хөнгөн атлетикчийн шагналыг хүртжээ.

2009 он: 2009 оныг Исинбаева гайхалтай амжилтаар эхлүүлэв. Тэрбээр Украйны Донецк хотноо заалны спортын төрөлд 5.00 метр дээгүүр харайсан анхны эмэгтэй болж, зургаа дахь жилдээ дараалан энэхүү уулзалт тэмцээний үеэр рекордоо эвдсэн байна. Харамсалтай нь наймдугаар сард Германы нийслэл Берлин хотноо болсон Хөнгөн атлетикийн ДАШТ-ий үеэр Исинбаева медалийн тавцанд гарч чадаагүй боловч удалгүй Цюрихт болсон IAAF-ын Алтан лиг уулзалт тэмцээний үеэр 5.06 метр дээгүүр амжилттай харайснаар дэлхийн рекордыг шинэчилж, 27 дахь дээд амжилтаа тогтоожээ.

МЕДАЛИЙН БУУХИА

Олимпийн наадам:
“Афин-2004” – алт
“Бээжин-2008” – алт

ДАШТ:

“Парис-2003” – хүрэл
 “Хельсинк-2005” – алт
 “Осака-2007” – алт

Заалны ДАШТ:

“Бирмингхэм-2003” – мөнгө
“Будапешт-2004” – алт
“Москва-2006” – алт
“Валенсия-2008” – алт

Залуучуудын ДАШТ:
“Сантьяго-2000” – алт

Өсвөрийн ДАШТ:
“Быдгощ-1999” – алт

Европын АШТ:
“Мюнхен-2002” – мөнгө
“Гётеборг-2006” – алт

Европын заалны АШТ:
“Мадрид-2005” – алт

Исинбаева: Миний тогтоосон дээд амжилт зуун жилийн турш хадгалагдаасай

Дэлхийн спортын түүхэнд шинэ хуудас нэмж, нэрээ мөнхөлсөн Исинбаева сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би хэзээ ч харайлтаа төлөвлөдөггүй. Хүмүүс яагаад намайг харайх үед яг л шоу тоглолт үзэж байгаа юм шиг ханддагийг ойлгодоггүй юм. Магадгүй би тэмцээн болгонд ижилхэн байдлаар бэлтгэдэг болохоор тэгдэг байх л даа. Би алчууран дороо ороод ойр орчинд байгаа бүхий л хүмүүсээс тусгаарлагдсаныхаа дараа хийхийг хүссэн зүйлээ хийж чаддаг” хэмээн ярьж байжээ. Мөн тэрбээр “Ихэнх үед би тэмцээний хамгийн сүүлд харайдаг. Та нар мэдэх байх л даа, би анхныхаа харайлтыг 4.70 метрээс эхэлдэг. Гэтэл бусад охид үүнээс бага өндрөөс эхэлж харайдаг болохоор надад үргэлж л хүлээх хэрэг гардаг юм. Үнэнийг хэлэхэд зарим охид миний харайлтын эхний төвшинд ч хүрч чаддаггүй. Зарим үед би цэнгэлдэхэд ганцаараа байгаа юм шиг л санагддаг. Бүхий л хүний анхаарал над дээр төвлөрч, бүгд л намайг сэтгэл зүрхээрээ дэмждэг. Гэхдээ хамгийн сүүлд харайхад зарим нэг муу тал байдаг шүү. Жишээ нь л гэхэд, би халаалт хийснээсээ хойш бараг хоёр цагийн дараа л эхнийхээ харайлтыг хийдэг” гэжээ. Ирээдүйн амжилтынхаа талаар Исинбаева “Би өөртөө хязгаар тогтоож, зааглаагүй ээ. Дасгалжуулагч маань намайг 5.15, эсвэл 5.20 метр дээгүүр харай гэдэг юм. Тэгэхээр би Лондонгийн олимпоор 5.20 метр дээгүүр харайх болно. Хэрэв би харайж чадвал энэ рекорд үүрд хадгалагдан үлдэх байх аа. Миний тогтоосон рекорд зуун жилийн турш хэвээр үлдэж чадвал их спортод амьдралаа зориулсны минь утга учир тэр л байх болно” хэмээн ярьсан байна.

Бэлтгэсэн: С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж