Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Михаэль Шумахер

Михаэль Шумахер

Нэр: Михаэль Шумахер

Төрсөн өдөр: 1969.01.03 

Төрсөн газар: Хюрт, Герман

Өндөр, жин: 174 см, 68 кг

Спортын төрөл:
Авто, Формула-1 ангилал

Авто спортын “Формула-1” ангиллын дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер 1969 оны нэгдүгээр сарын 3-нд тухайн үеийн Баруун Германы Хюрт хотноо төржээ. Авто спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрбээр өдгөө “Mercedes GP” багт харьяалагдаж байгаа юм. “Формула-1”-ийн албан ёсны вэбсайтад түүнийг “статистикийн үзүүлэлтийн хувьд энэ спортын түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн шилдэг нисгэгч” хэмээн тодорхойлсон байдаг. Шумахер “Формула-1” ангилалд хамгийн олон түрүү авсан, хамгийн олон гараанд түрүүлсэн, нэг тойргийг хамгийн богино хугацаанд туулсан, хамгийн олон удаа тэргүүн эгнээнээс гарч уралдсан, улирлын туршид хамгийн олон оноо цуглуулсан, мөн нэг улирлын туршид хамгийн олон гараанд түрүүлсэн гээд олон шилдэг амжилтаараа түүхийн хуудаснаа бичигдсэн юм. 2002 оны улиралд тэрбээр бүхий л улирлын гарааны туршид нэг, хоёр ба гуравдугаар байрт шалгарсан цорын ганц тамирчин болсон билээ.

Михаэль Шумахер 1991 онд “Формула-1” ангиллын “Benetton” багтай гэрээ байгуулж, 1994, 1995 онд түрүү авснаар амжилтын гараагаа эхлүүж, улмаар 1996 онд “Ferrari” багт харьяалагдах болжээ. “Ferrari”-гийн хамтаар Шуми 2000-2004 оны хооронд дараалан таван жил “Формула-1”-ийн аваргаар тодорч, энэ хугацаанд олон шилдэг амжилтын эзэн болсон байна. Тэрбээр 2006 онд их спортоо орхих шийдвэр гаргаж, уралдааны замаас гарсан боловч “Ferrari” багийн зөвлөхөөр ажиллаж эхлэв. Харин өнгөрсөн жил Фелипе Масса осолдож, хүнд гэмтэл авснаар түүнийг орлох зорилгоор Шумахер “Ferrari” багт уралдахаар их спортдоо эргэн ирэхийг оролдсон боловч бүтэлгүйтэж, улмаар 2009 онд “Mercedes GP” багтай гурван жилийн хугацаатай гэрээ байгуулснаар энэ улиралд уралдааны замд гарахаар бэлтгэж байна. Тэрбээр “Формула-1” ангилалд түрүүлсэн Германы цорын ганц тамирчин бөгөөд эх орондоо авто спортыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж, хувь нэмрээ оруулсан хэмээн үнэлэгддэг юм. Харин уралдааны талбараас гадуур тэр ЮНЕСКО-гийн элчээр ажиллаж, уралдааны жолоочийн аюулгүй байдлын албаны хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Шумахер нэг бус удаа хүмүүнлэгийн ажилд оролцож, хувийн зүгээс хэдэн арван сая ам.долларыг бусдын сайн сайхны төлөө зориулжээ.

БАГА НАС:

Михаэлийн эцэг Рольф Шумахер нь барилгын өрлөгчин байсан бөгөөд Шумахерийн гэр бүл тийм ч хангалуун амьдралтай байгаагүй гэдэг. Түүнийг дөрвөн настай байхад аав нь хүүдээ зориулж, дөрвөн дугуйтад /картинг/ нь жижиг мотоциклийн хөдөлгүүрийг суурилуулж, том бэлэг барьсан нь ирээдүйн дэлхийн аваргын анхны төмөр хөлөг нь байжээ. Харин Михаэль гудамжинд давхиж байгаад гэрлийн шон мөргөхийг харсан эцэг, эх нь түүнийг Керпен хотын уралдааны клубт элсүүлж, улмаар Шумахер клубынхээ хамгийн балчир гишүүн нь болжээ. Удалгүй эцэг нь Михаэльд эвдэрсэн машины үлдэгдэл зэргийг цуглуулан угсарч, уралдааны дөрвөн дугуйт бэлэглэснээр Михаэль авто спортод уруу татагдаж, ердөө зургаахан настайдаа анхны картингийн тэмцээндээ түрүүлсэн байна. Хүүгийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж, уралдаанд оролцоход нь туслахын тулд эцэг нь давхар ажил эрхэлж, уралдааны жижиг тэрэг засварлаж, харин ээж нь уралдааны замын бүхээгт ажиллах болжээ. Хэдийгээр амрах чөлөөгүй, уйгагүй ажиллаж байсан ч Михаэль Шумахерт хэрэгтэй байсан 800 маркийн үнэтэй шинэ хөдөлгүүр авч өгөх хангалттай хэмжээний мөнгө олж чадахгүй л байв. Харин азаар Михаэль хотынхоо нэгэн бизнесмэнээс дэмжлэг авч, уралдаанаа үргэлжлүүлсэн ажээ.

ГЭР БҮЛ БОЛОН СПОРТООС ГАДУУРХ АМЬДРАЛ:

Михаэль 1995 оны наймдугаар сард Коринна Бетч гэх бүсгүйтэй гэрлэжээ. Хосууд өдгөө хүү, охин хоёртой бөгөөд Жина-Мария гэх охин 1997 онд, харин Мик хүү нь 1999 онд төрсөн юм. Михаэль өөрийн хувийн амьдралаа ихэд нууцалж, олны хараа, хэвлэл мэдээллийнхний бай болохоос сэргийлж, энгийн амьдралыг эрхэмлэдэг нэгэн. Шумахерийн гэр бүл өдгөө Швейцарийн Глэнд хотын ойролцоо Женев нуурын хөвөөнд доороо автомашины гараж, хувийн шатахуун түгээх станц бүхий 650 м2 талбайг хамарсан тансаг харшид хоёр нохойнхоо хамт амьдардаг. Михаэль өөрөө морь унах дуртайгаас гадна хөлбөмбөгт хорхойсч, Швейцарийн “Echichens” клубт тоглодог билээ. Тэрбээр мөн хэд хэдэн удаа хандивын тоглолт зохион байгуулж, “Формула-1”-ийн нисгэгчдийн дунд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулж байсан юм. 2004 онд алдарт “Forbes” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчдын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлсэн бол 2005 онд “Eurobusiness” сэтгүүлээс Шумахерийг дэлхийн анхны тэрбумтан тамирчин болохыг зарлажээ. Түүний 2004 онд авсан жилийн цалингийн хэмжээ 80 сая ам.долларт хүрч байсан юм. Цалингаасаа гадна тэр зар сурталчилгааны гэрээнээс их хэмжээний мөнгө олдог. Жишээ нь гэхэд л, тэр 1999 оноос хойш гурван жилийн турш уралдааны өмнөх малгайндаа 10х8 см хэмжээтэй “Deutsche Vermugensberatung” санхүүгийн фирмийн логог байрлуулсныхаа төлөө найман сая еврогийн хөлс авчээ.

Тэрбээр дэлхийн хамгийн шилдэг, баян тамирчдын нэгээс гадна бусдын төлөө, гай гамшиг, зовлонд нэрвэгдсэн ард иргэдэд тусалдгаараа алдартай. 2004 онд болсон Энэтхэгийн далайн цунамид зориулж, Шумахер хувиасаа 10 сая ам.доллар хандивлаж байлаа. Учир нь түүний бие хамгаалагч Бурхард Крамер хоёр хүүгийнхээ хамт цунамид амь насаа алдсан юм. Шумахер мөн ЮНЕСКО-гийн тусгай элчээр ажиллаж, тус байгууллагад 1.5 сая еврог хандивлажээ. Мөн тэрбээр Сенегалын Дакар хотноо ядуу буурай амьдралын айлын хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулах ажилд тусалж, их хэмжээний мөнгөн хандиваар тусалсан байна. Өнгөрсөн бүх хугацаанд Шумахерийн хандивласан мөнгөний хэмжээ тодорхойгүй байдаг ба зодог тайлахаасаа өмнөх дөрвөн жилийн дотор л тэр 50 сая ам.долларыг бусдын сайн сайхны төлөө зориулжээ.

Бэлтгэсэн С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж